Орон сууцны хомсдол, замын түгжрэл, дуу чимээ, бохирдол, хог хаягдлаас залхсан аялал жуулчлалын олон алдартай газрууд, урьд өмнө нь "Манайд зочлоорой" гэсэн рекламаа "бүү ирээрэй" гэсэн уриагаар сольж байна гэж Forbes мэдээлэв.
Дэлхийн хамгийн алдартай газрууд жуулчдын сельфи хийх зургийн арын дэвсгэр болон хувирч, олныг хамарсан аялал жуулчлалын давалгаа нь өвөрмөц сайхан газруудыг урьд өмнө байгаагүй байдалд хүргэж, сөргөөр өөрчилж байна. Мөн, эдгээр аялал жуулчлалын алдартай газрууд дах орон нутгийн иргэд, хэтэрсэн аялал жуулчлалын хор хөнөөлийг тооцох чадваргүй, бодлогогүй ажиллагаа гэж эсэргүүцэж байгаа юм. Дөрөвдүгээр сард Канарын арлуудад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нутгийн иргэд "Жуулчидаа! Бидний нутгийг хүндэл!" гэсэн уриа, лоозонтой жагссан бол, Испанийн Минорка хотод болсон аялал жуулчлалын эсрэг жагсаалд, уурлаж бухимдсан 1000 гаруй нутгийн иргэд оролцжээ. Энэхүү эсэргүүцэл нь жуулчидаас үүдэлтэй хэт их ачаалал болон архидан согтуурдаг Британийн амрагчидтай холбоотой эхэлсэн юм. Үүнтэй төстэй эсэргүүцлийн жагсаал Барселона, Афин, Малага болон Европын бусад аялал жуулчлалын хотуудад болсоор байгаа ажээ.
Хугацаа хэмжигчтэй бие засах газар
Хятадын Датун хотын түүхэн дурсгалт газрын ойролцоох жорлонд цаг хэмжигч дэлгэц суурилуулсан тухай AsiaOne мэдээлэв. Бие засах өрөөний хаалганы дээд талд том LED дэлгэцтэй, хүн ороход камерын өнгө ногооноос улаан болж өөрчлөгддөг. Цаг хэмжигч нь гүйж эхэлнэ. Үүнийг хүмүүсийн зарим нь, орчин үеийн, дараалал үүсэх, хаалга тогшихоос сэргийлнэ гэж үзсэн, гэвч интернэтээр олон хүн энэхүү шинэлэг зүйлд дургүйцлээ илэрхийлжээ.
Фүжи уулын хашаа
Японд Фүжи уулын үзэмжтэй, алдартай газарт өндөр төмөр хашаа барина. Энэ газарт ирсэн жуулчид нутгийн оршин суугчдыг бухимдуулдаг тул үүнийг хийнэ гэж JapanToday мэдээлжээ. Өнгөрсөн сард Фүжи уулыг инстаграмаар харах боломжтой хар дэлгэцийг, дэлгүүрийн гадаа суурилуулсны дараа сайхан зураг авахуулах хүсэлтэй жуулчид төгс зураг авалт хийхээр Фүжи мөрөөдлийн гүүр рүү явж эхэлжээ. Энэ гүүр нь гоё хэртэй ч энгийн гүүр юм. Тэнд жуулчид замын хөдөлгөөний хоёр эгнээний хоорондох задгай талбайд хүрэхийн тулд зам хөндлөн гүйдэг. Ийм эрсдэлтэй үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд эрх баригчид засмал замаас хол байхыг уриалсан тэмдэглэгээг суулгасан байна. Албаныхан үүнтэй холбоотойгоор талбайг тойруулан 1.8 метр өндөр төмөр торон хашаа барихаар төлөвлөжээ. Мөн жуулчид зогсоолгүй газар машинаа зогсоож, чангаар хашгиралддаг гэж нутгийн иргэд гомдол гаргажээ.
Амстердам ч мөн адил үүний эсрэг байна
Амстердам өөрийн гол боомт руу аялалын хөлөг онгоц оруулахыг хориглох санал гаргасан бөгөөд хотын томоохон арга хэмжээнүүдийн үед хорино. Үүнээс гадна эрх баригчид улаан дэнлүүний бүсэд ,гадаа задгай газарт марихуан татахыг хориглов. Сая хүрэхгүй хүн амтай Амстердам сард дунджаар нэг сая гаруй жуулчин ирдэг байна.
Итали: Өндөр торгууль
2021 оноос хойш томоохон аялалын хөлөг онгоцуудыг Венецийн түүхэн нуур руу нэвтрэхийг хориглосон. Итали улс Ромын Треви усан оргилуур болон Испани шат руу нэвтрэхийг хязгаарлах арга хэмжээ авчээ. Засгийн газар цугласан олныг хянаж, алдартай архитектурын гайхамшгийг хамгаалах зорилгоор Пантеон руу нэвтрэхийг төлбөртэй болгоод байна. Зургадугаар сараас хойш Флоренц хот, өөрийн түүхэн газрууд, төвүүдэд богино хугацаанд хувийн амралтын газар түрээслэхийг хоригложээ. Мөн,Италийн Ривьера дахь далайн эргийн хамгийн дур булаам хотуудын нэг Портофино хотод, орон нутгийн засаг захиргаа шинэ хууль баталж, жуулчдыг хотын хамгийн алдартай газруудад саатаж түгжрэл үүсгэн селфи хийхийг хориглосон байна. Торгууль нь 270 доллар хүртэл байхаар шийджээ.Итали дахь бусад торгууль, хоригт дараахь зүйлс орно: Синк Терре (Лигури дахь таван тосгон) дээрх замууд дээр шаахайтай алхах, 2500 доллар хүртэл торгуультай, Венецийн төв эсвэл Флоренцын дөрвөн гол гудамжаар явах үедээ, гудамжинд хөнгөн зууш идэхийг хориглоно , Ром дахь Испани шатны гишгүүр дээр суусан тохиолдолд 250 доллараар торгуулна.
Испани: Нүцгэн жуулчидтай тэмцэж байна
Галисиагийн хамгийн алдартай мөргөлийн газруудын нэг Сантьяго де Компостелад, хэт их аялал жуулчлалтай тэмцэх арга зам болгон жуулчны татварыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. "Хот жил бүр 300,000 гаруй жуулчин, мөргөлчдийг хүлээн авдаг тул эрх баригчид Сантьяго де Компостелаг амралтын хүрээлэн" болгохыг хүсэхгүй байна" гэж албаны хүмүүс үзэж, хотын түүхэн төвд жуулчдын тоонд хяналт тавихаар төлөвлөж байна.
Ибиза хэт их ачаалалтай болсны дараа Балеарын арлуудын жуулчдын хамгийн халуун цэг болсон Мальорка аялал жуулчлалын эсрэг, үзэсгэлэнт хотуудын дэлгүүр, гудамжаар тэнүүчлэх хувцасгүй жуулчдад дургүйцсэн жагсаал хийж байна. "Кальвиа хотын захиргаа гудамжинд "нүцгэн эсвэл хагас нүцгэн" алхахыг хориглосон. Пальма (Мальоркагийн нийслэл) болон Плайа де Пальмад ч мөн адил арга хэмжээ авч байна. Сүүлийн жилүүдэд Магалуф зэрэг бусад амралтын газруудад удаа дараа торгууль ногдуулдаг болсон” гэж бичжээ. Үүнтэй төстэй арга хэмжээг Барселона хотод аль хэдийн нэвтрүүлсэн ажээ.
Португал: Чимээгүй байдлын төлөө
Португалийн хамгийн алдартай далайн эрэг дээр чанга хөгжим тавихад 200-36 мянган долларын торгууль ногдуулдаг. Португалийн далайн эрэг дээр аялагчдад учирч болох хориг, хязгаарлалтын жагсаалтад зөвшөөрөлгүй бөмбөг тоглох, зориулалтын талбайн гадна буудаллах, усанд сэлэх газар загасчлах, 300 м-ээс доош өндөрт нисэх онгоц зэрэг багтаж байна.
Хорват: Чемодантай тэмцэж байна
Дубровник хотыг хүндэтгэх аяны хүрээнд, хотын төвийн чулуурхаг гудамжинд дугуйтай чемоданы чимээ шуугианыг багасгах зорилгоор ачаагаа хадгалуулах системийг нэвтрүүлжээ. Тус хотын захиргаа ачаа тээштэй зорчихыг хориглосон хэд хэдэн цэгт ачаа тээшний агуулах суурилуулжээ.
Аялал жуулчлалын эсрэг тэмцэх шинэ арга хэмжээнд, олон нийтийн газар унтах, шээх, хөшөө дурсгалд авирах, согтуурах, олон нийтийн газар, тэр дундаа сургууль, цэцэрлэгийн ойролцоо архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг орно. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд, торгож, тэр байтугай шоронд хорих хүртэл шийтгэнэ.