АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч Борис Эпштейн, сонгуулийн дараах эхний өдрүүдээс эхлэн Трампын багийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж, Орос, Украины энхийн хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр нэр дэвшээд зогссонгүй, Трампын боловсон хүчний томилгоонд гол үүрэг гүйцэтгэсэн гэж The New York Times бичжээ.
Трампын хэргүүдийн өмгөөллийг зохицуулсан хуульч Борис Эпштейн, түүнийг Орос, Украины дайнд тусгай элчээр томилохыг ерөнхийлөгчид санал болгосныг энэ талаар сайн мэдэх дөрвөн эх сурвалж мэдээлэв. Эпштейн дипломат туршлагагүйгээс гадна 2020 оны сонгуулийн үр дүнг өөрчлөхийг оролдсон хэргээр Аризона мужид шалгагдаж байгаа юм.
Орост төрж, бага насаа ч тэнд өнгөрөөсөн Эпштейн, гадаад бодлогын талаар туршлагагүй ч, тэрээр дайтаж буй хоёр улсад хоёуланд нь хамаатан садантай гэж хэлсэн бөгөөдТрамп уг саналыг илт сонирхож, зөвшөөрөөгүй ч татгалзаагүй ажээ. Харин Эпштейныг ийм дипломат албан тушаалд томилогдох болсныг олон хүмүүс цочирдон хүлээн авсан ч, Трамп хуульчдаа ер бусын эрх мэдлийг аль хэдийн өгч, түүний зөвлөмжийг бусдын санаа бодлыг харгалзахгүйгээр дагахад бэлэн байгаагаа харуулсан. Өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтад оролцсон тэрбумтан Элон Маск хүртэл, Эпштейнд хичнээн их эрх мэдэл өгснийг гайхаж байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд Эпштейн тайлбар өгөхөөс татгалзаж, харин Трампын хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Эпштейн 2017 онд Цагаан ордны хэвлэлийн албаа орхиж, дараа нь Трампын өмгөөлөгч, зөвлөхөөр ажиллаж байсан. Трампын ойрын хүрээний зарим хүмүүс Эпштейнд дургүй байдаг ч, хэн ч түүний нөлөөллийн түвшинд эргэлздэггүй. Эпштейн ямар нэг албан тушаал эрхлээгүй байсан хэдий ч, шилжилтийн эхний өдрүүдэд хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг болсон бөгөөд Трампад ирж буй мэдээлэл, тэр дундаа боловсон хүчнийг шилж, сонгох асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг болсон байна.
Эпштейн нь Нью-Йорк мужид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч, Шүүхийн захиргааны цахим хуудсанд дурдсанаар, хуульд заасан журмын дагуу өмгөөлөгчийн бүртгэлээ сунгаагүй, улсын шаардлагыг биелүүлээгүй гэсэн байна. Эпштейн, Трампад ажилласан хэдэн жилийн хугацаандаа хууль эрх зүйн түрэмгий стратеги хийхийг санал болгож ирсэн. Тэрээр Трампад шүүх хурлыг аль болох хойшлуулахыг зөвлөдөг хуульчдынх нь нэг байсан бөгөөд сонгууль өнгөртөл сунжруулж, улс төрийн хувьд үр ашиггүй болгосон юм.
Энэхүү стратеги нь, олон тооны давж заалдах шүүх хурлууд болон бусад хууль ёсны хүсэлтийг багтаасан нарийн төвөгтэй, үнэтэй байсан ч, зардлыг ньТрампын 2021 онд байгуулсан улс төрийн үйл ажиллагааны хороо хариуцаж иржээ. Гэхдээ энэ нь эцсийн дүндээ, Трампыг шүүхэд шилжүүлсэн нэг эрүүгийн хэргийн ялаас зайлсхийх боломжийг олгосон юм. Эпштейн ямар ч албан тушаалд очсон, засгийн газар дахь нөлөө нь хэвээр байх нь илэрхий байгаа ажээ.