January
28
2025
Anu.mn
Мэдээ
Шүүх, Трампын АНУ-д төрсөн иргэнд олгодог иргэний эрхийг цуцлах тушаалыг хориглов
Шүүх, Трампын АНУ-д төрсөн иргэнд олгодог иргэний эрхийг цуцлах тушаалыг хориглов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Шүүх, Трампын АНУ-д төрсөн иргэнд олгодог иргэний эрхийг цуцлах тушаалыг хориглов
Photo: Smumcu1 | Dreamstime.com

АНУ-ын Сиэтл хотын холбооны шүүгч, ерөнхийлөгч Дональд Трампын АНУ-д төрсөн иргэнд олгодог иргэний эрхийг цуцлах тухай шинэ захирамжийг түр хугацаагаар хориглосон тухай CBS News мэдээлэв.

1-р сарын 23-нд болсон шүүх хурал дээр, АНУ-ын дүүргийн шүүхийн шүүгч Жон С.Коффенауэр Трампын зарлигийг "Үндсэн хууль зөрчсөн үйлдэл" гэж үзээд, Вашингтон, Аризона, Иллинойс, Орегон зэрэг Ардчилсан дөрвөн мужаас гаргасан түр хоригдох хүсэлтийг хүлээн авна гэж мэдэгджээ.

Дөрвөн муж, ерөнхийлөгчийн АНУ-д төрсөн иргэнд олгодог иргэншлийг зогсоох тухай зарлиг нь, "АНУ-д төрсөн эсвэл харьяалагддаг оршин суугч бүх хүмүүс АНУ болон харьяа мужуудын иргэд юм" гэсэн 14-р нэмэлт өөрчлөлтийг зөрчсөн гэж үзэж байна.

Вашингтон мужийн прокурор Лэйн Полозола, "Энэ тушаалын дагуу, өнөөдөр төрсөн хүүхдүүдийг Америкийн иргэн гэж тооцохоо больсон. Трампын энэхүү үйлдэл улс даяар олон зуун мянган хүүхдэд нөлөөлнө. Хүлээн авах боломжгүй арга хэмжээ” гэж онцлон тэмдэглэжээ.

Шүүхийн шийдвэр хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал хүчинтэй байх болно. Энэ нь, Трампын цагаачлалын эсрэг авсан нэг арга хэмжээнд анхны цохилт болж байна. 47 дахь ерөнхийлөгч тангарагаа өргөмөгцөө энэ бодлогыг идэвхтэй сурталчилж эхэлсэн юм. Хууль зүйн яамны төлөөлөгч, ерөнхийлөгч Трампын зарлигийг хамгаалах болно гэж мэдэгдсэн бөгөөд "Бид, шүүх болон манай улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийг үнэхээр хүсч буй Америкийн ард түмэнд, энэ асуудлыг ойлгуулах бүрэн үндэслэлээ танилцуулахыг тэсэн ядан хүлээж байна" гэж мэдэгдлээ дурджээ. Харин Трамп түүний засаг захиргаа, шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа ч, нэмэлт тайлбар өгөхөөс татгалзаж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Иллинойс мужийн Ерөнхий прокурор Кваме Раул, “Энэ улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн бүр тус улсын иргэн байх эрхийг Иргэний дайны дараа буюу 150 гаруй жилийн өмнө АНУ-ын Үндсэн хуульд оруулсан 14 дэх нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажуулсан. Мөн Үндсэн хуулийг хүчингүй болгох эрх ямар ч ерөнхийлөгчид байхгүй” гээд шүүхээс ерөнхийлөгчийн тушаалыг хориглосонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

АНУ-д төрсөн иргэний харьяаллыг зогсоох тухай Ерөнхийлөгчийн зарлиг бол, тангараг өргөснийхөө дараа шууд гарын үсэг зурсан хэд хэдэн захирамжийнх нь нэг юм. Тус тушаалд тус улсад хууль бусаар буюу түр визтэй байгаа хүмүүсийн АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгохыг холбооны агентлагуудад хориглосон.

Трампын энэ арга хэмжээг дөрвөн муж тэр даруй эсэргүүцэж, өөр 18 муж тэдэнтэй нэгдэхээр бэлтгэж байгаа бөгөөд Хүний эрхийн хэд хэдэн байгууллага ч уг тогтоолыг эсэргүүцэж байгаа юм.

Шүүгчээр ажилласан 40 жилийн туршлагатай Кофенауэр, “Энэ асуудал шиг хориглоход үндэслэлтэй, ойлгомжтой, тодорхой зүйл" байсныг санахгүй байна гэжээ. Кофенаур тушаалыг хориглосон асуудлаар шүүх хурал хийсэн анхны шүүгч болсон бөгөөд 1991 онд ерөнхийлөгч Рональд Рейган түүнийг холбооны энэхүү албан тушаалд томилж байжээ. Тэрээр, хуулийн нийгэмлэгийн гишүүд Трампын зарлигийг үндсэн хуульд нийцүүлэх оролдлого хийнэ гэдгийг төсөөлөхөд хэцүү байна гэсэн бол, харин уг тушаалыг хамгаалж байгаа Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч Бретт Шумате, энэ цаг үед түр хориглох тушаал гаргасан нь "маш эрт бөгөөд зохисгүй. Трампын тушаал эцсийн эцэст, 6-3-ын харьцаагаар консерваторууд олонх болсон Дээд шүүх дээр шийдэгднэ гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.