Найм дахь үеийн BMW 5 цувралын шинэ загварын машин нь, жолоодлогын хувьд онцгой хувьсгал болох жолооч нар хажуугийн толиндоо хараад л эгнээгээ солих боломжийг олгох шинэ функцитэй болсон талаар Entrepreneur мэдээлэв.
Энэхүү Highway Assistant Level 2 загвар нь, жолоочид туслах багцын нэмэлт хэсэг болох Active Lane Change Assist-ийн тусламжтайгаар эгнээгээ автоматаар өөрчилдөг болов.
Систем эхлээд, урд нь бага хурдтай тээврийн хэрэгсэл явж буйг болон түүн рүү ойртож байгааг эсвэл тухайн замын эгнээ дуусч байгаатай холбоотой эгнээ солих шаардлагатайг танд мэдэгднэ. Ингээд Active Lane Change Assist-ийн тусламжтайгаар жолооч зүгээр л хажуугийн толинд харж, хэрэв аюулгүй бол машин эгнээгээ сольно.
Энэхүү эгнээ автоматаар солих функци, GM SuperCruise системийн тээврийн хэрэгслүүдэд байдаг боловч, тэдгээр нь эргэх дохиог гараар хийхийг шаарддаг. Харин BMW, харцаараа машинаа жолоодох боломж олгож байна.
"Бодит байдал дээр эгнээ солихын тулд гараа багахан хөдөлгөх нь тийм ч хэцүү биш бөгөөд ийм тохиолдолд машин үйлдлийг буруу хийх магадлал бага. Гэхдээ, ямартай ч энэ загварын машин бэлэн болмогц бид энэ системийг турших шаардлагатай болно." гэж MotorTrend сэтгүүл, энэ шинэ функцийн жолоодлогын аюулгүй байдалд эргэлзэж буйгаа бичжээ.
Нүдээр чиглүүлдэг эгнээ солих энэхүү систем нь, BMW-ийн зарласан энэ долоо хоногийн ганц онцгой мэдээ биш байсан бөгөөд автомашин үйлдвэрлэгч Германы уг компани үүнээс гадна 5-дах цувралын бүрэн цахилгаан машины хоёр загвараа гаргаж буйгаа зарлав.
Эдгээрийн, 335 морины хүчтэй i5 eDrive40 загвар нь нэг цэнэглэлтээр 300 миль (483 км) зам туулах чадвартай. Үнэ нь 67,795 доллараас эхэлж байна. Харин 5 M60 xDrive - 590 морины хүчин чадалтай. Үнэ нь 85,095 доллар байна.