Өдөр бүр 1440 минутаас бүрддэг. Энэ нь бидэнд бүгдэд нь адил заяагддаг хугацаа юм. Баян ч бай, ядуу ч бай ихэнх хүмүүс 1200 минутыг нь ажил, ажилдаа явах, гэр бүлдээ цаг гаргах, унтах, хооллох, усанд орох, бие засах, үс засуулах, хувцаслах зэрэг үйлдэлд зарцуулдаг бөгөөд үүнээс, хүн бүрт өдөрт ойролцоогоор дуртай зүйлдээ зарцуулах 240 минут үлддэг байна. Харин энэ цагийг баячууд бусдаас тэс өөрөөр ашигладаг гэж CNBC бичжээ.
Судлаач Том Корли, 2004-2007 он хүртэл гурван жилийн хугацаанд 233 чинээлэг, 128 ядуу хүмүүсийг судалгаанд хамруулан үзэхэд, баян чинээлэг хүмүүс 240 минутаа дараах маягаар зарцуулдаг нь харагджээ.
80 гаруй хувь нь, өдөрт 60 минутыг идэвхтэй мөрөөдөхөд ашигладаг
Энэ нь зүгээр л мөрөөдөх биш, харин түүнийг биелүүлэхэд хүргэх зорилгоо тодорхойлох явдал бөгөөд энэ нь ямар нэгэн гадны үйл ажиллагаанд оролцох, нэмэлт орлогын эх үүсвэр бий болгох гэх мэт ажилтай холбоогүй зүйл юм.
Ойролцоогоор 80% нь өдөрт 60 минут хичээллэх юм уу дадлага хийдэг
Өөрийгөө бүтээсэн хүн өдөр бүр тодорхой ур чадвар эзэмшиж, ажил мэргэжил, салбартаа үүнтэй холбоотой мэдлэгийнхээ түвшинг дээшлүүлэхэд цаг заваа зориулдаг. Энэхүү өдөр тутмын ур чадвар нь тэдэнд бизнесээ урлан бүтээхэд тусалж, орлого мөнгө авчирдаг.
Бараг бүгд өдөрт 30 минутыг аэробикийн дасгалд зарцуулдаг
Эмнэлгийн орон дээр хэвтэж мөнгө олох боломжгүй. Баялгийг бүтээхэд эрүүл мэнд хэрэгтэй. Мөн эрүүл мэнд нь урт наслалт гэсэн үг бөгөөд энэ нь та илүү их мөнгө бий болгох цаг хугацаатай болно гэсэн үг юм.
90 орчим хувь нь өдөрт 30 минутыг харилцаа тогтооход зориулдаг
Баян хүмүүс хүчтэй харилцааг хадгалах, хөгжүүлэхийн тулд өдөр бүр тодорхой зүйлийг хийдэг.
Тэдэнд мөн амрах цаг хэрэгтэй
Баян, хүчирхэг хүмүүс супер хүмүүс биш. Бусад хүмүүсийн нэгэн адил тэдэнд амрах, өөртөө зарцуулах цаг хугацаа хэрэгтэй. Тэдний бусдаас ялгаатай нь тэд ийм зугаа цэнгэлийг өдөрт нэг цагаар хязгаарладаг.
Таны өдөр тутмын цагийг хэрхэн өнгөрүүлэх нь таны амьдралын санхүүгийн нөхцөл байдлыг тодорхойлдог. Баялгийг бий болгодог өдөр тутмын зуршил нь зүгээр л тогтохгүй. Тиймээс баян хүмүүс үүний төлөө чармайдаг. Тэд олон жилийн турш дэглэмийг барьдаг тул зуршил нь хуримтлагдсан үр нөлөөг бий болгодог бөгөөд энэ нь эцсийн эцэст бусад хүмүүсээс огт өөр нөхцөл байдал, амьдралын чанарыг бий болгодог байна.
Бүтээмжтэй минут бүр ур чадвар, мэдлэг, эрүүл мэнд, урт наслалт, бат бөх харилцаа, бат бөх эд баялаг хэлбэрээр ногдол ашиг авчрах болно. Баян хүмүүсийн хувьд минут бүр чухал байдаг нь гайхалтай.