2024 он Дональд Трампын хувьд, ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн кампанит ажил болно. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч, Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Трамп есдүгээр сарын 22-нд "Full Measure" телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо, энэ сонгуульд ялагдал хүлээвэл 2028 онд дахин нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн гэж USA Today мэдээлэв.
АНУ-ын Үндсэн хуульд нэг хүн хоёроос илүүгүй удаа ерөнхийлөгчөөр ажиллахыг зөвшөөрдөг. Тэгэхээр энэ жил Трамп ялбал 2028 онд нэр дэвших эрхгүй болно, хэрэв ялагдвал техникийн хувьд дахин нэр дэвших боломжтой байх юм.
Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Шарил Аткиссон түүнээс, ерөнхийлөгчийн сонгуулийн дөрөв дэх кампанит ажилыгболомжтой гэж бодож байгаа эсэх талаар асуусан бөгөөд энэ асуултад Трамп, -Би ингээд л болоо. Би ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлнэ гэж бодохгүй байна." гэж хариулжээ.
Трампын улс төрийн өсөлт 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг ялснаар эхэлсэн юм. Дараа нь 2020 онд хоёр дахь удаагаа нэр дэвшихдээ ялагдсан. Одоо түүний өрсөлдөгч нь дэд ерөнхийлөгч Камала Харрис юм.
Трампын хэлснээр, энэ нь түүний Цагаан ордонд буцаж ирэх сүүлчийн оролдлого ажээ. Тэрээр 2028 оны арваннэгдүгээр сард 82 нас хүрнэ.
Энэ жил 78 настай Трамп, Ерөнхийлөгч 81 настай Жо Байдентай өрсөлдөхөөр болсон үед насны асуудал хурцаар тавигдаж байсан. Гэвч Байден, танин мэдэхүйн чадвар нь нас ахих тусам доройтож байна гэдэгт нь санаа зовниж буй ардчилагчдынхаа саналыг хүлээн авч, долдугаар сард нэрээ татсан юм.