Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

7/9/2026
Anu.mn
Трамп Дээд шүүхэд нэг том ялалт байгуулсан ч, гурван чухал асуудлаар ялагдал хүлээлээ

Трамп Дээд шүүхэд нэг том ялалт байгуулсан ч, гурван чухал асуудлаар ялагдал хүлээлээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Thu Jul 09 2026
Трамп Дээд шүүхэд нэг том ялалт байгуулсан ч, гурван чухал асуудлаар ялагдал хүлээлээ

6-р сарын 29-нд АНУ-ын Дээд шүүх, Ерөнхийлөгч Дональд Трампын талд хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргав. Гэвч ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлсэн энэхүү дуулиант шийдвэрийн цаана Трампын хүсэлтийг няцаасан хэд хэдэн шийдвэр мөн гарсан бөгөөд энэ нь АНУ-ын ерөнхийлөгч хүртэл, бүх хүссэнээ хэрэгжүүлж чаддаггүй, зарим тохиолдолд либерал үзэлтэй шүүгчид консерватив жигүүрийн зарим гишүүдийн дэмжлэгийг авч чаддагийг харууллаа гэж BBC онцолжээ.

Дээд шүүхийн гаргасан хамгийн чухал гурван шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгч бие даасан зохицуулах байгууллагуудыг илүү их хянах эрхтэй болов

Бараг 90 жилийн өмнө АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт, Конгрессын байгуулсан, улс төрийн шууд нөлөөллөөс ангид ажиллах ёстой зохицуулах байгууллагуудын удирдлагыг хүссэн үедээ огцруулах эрхгүй гэсэн шийдвэрийг нэгэн саналаар гаргаж байсан юм.

Харин 6-р сарын 29-нд Трампын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхдээ, Дээд шүүх энэ жишиг шийдвэрээс үндсэндээ татгалзлаа.

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Жон Робертс, "Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудыг зөвхөн ажлаас чөлөөлөх эрхээр дамжуулан түүнд хариуцлага хүлээлгэж болно. Ингэж байж тэд ерөнхийлөгчид, харин ерөнхийлөгч ард түмэндээ хариуцлага хүлээнэ." гэж бичжээ.

Шүүгчид өмнөхийн адил үзэл баримтлалаараа хуваагдсан байна. Трампын томилсон гурван шүүгчийг багтаасан зургаан консерватив шүүгч ерөнхийлөгчийг дэмжсэн бол, Ардчилсан намын томилсон гурван либерал шүүгч эсэргүүцжээ.

Энэхүү шийдвэрийн үр дүнд ерөнхийлөгч өөрийн бодлоготой нийцэхгүй гэж үзсэн олон зохицуулах байгууллагын удирдлагыг чөлөөлж, оронд нь шинэ хүмүүс томилох өргөн эрх мэдэлтэй болж байна.

Ингэснээр АНУ-д засаг солигдох бүрд бодлого эрс өөрчлөгддөг хандлага буюу Барак Обама → Дональд Трамп → Жо Байден → Дональд Трамп гэсэн шилжилтийн өөрчлөлт, нөлөө улам хүчтэй болох төлөвтэй байна.

Трамп өөрийн Truth Social хуудсандаа, "Ерэн жилийн турш мөрдөгдөж ирсэн жишгийг бүрэн хүчингүй болголоо. Энэ нь яг хэрэгтэй үед ерөнхийлөгчийн эрх мэдлийг мэдэгдэхүйц нэмэгдүүллээ." хэмээн бичжээ.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлсэн ч, Дээд шүүх өөр нэг чухал асуудал дээр хязгаар тогтоосон байна.

Энэ нь, Трамп АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (Federal Reserve) Захирлуудын зөвлөлийн гишүүн Лиза Кук-ийг огцруулах гэсэн оролдлоготой холбоотой хэрэг байв.

Шүүхийн шийдвэр тавын эсрэг дөрвөн саналаар гарсан бөгөөд гурван либерал шүүгчид, ерөнхий шүүгч Жон Робертс болон Бүгд найрамдах намын томилсон консерватив шүүгч Бретт Кавано нар нэгджээ. Трамп Лиза Кукийг ипотекийн залилан хийсэн гэж буруутгасан боловч уг маргааны цаана Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулахаас татгалзаж буйтай холбоотой томоохон зөрчил байсан юм.

Робертсын бичсэн шийдвэрт Лиза Кук өөрийгөө хамгаалж, нотлогдоогүй байгаа буруутгалд хариу өгөх боломжтой байх ёстой гэж дурдсан байна. Мөн тэрээр, "Ерөнхийлөгч Холбооны нөөцийн системийг бүрэн хяналтдаа авбал, сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй." хэмээн анхааруулжээ.

Шуудангаар санал өгөх асуудлаар Трамп ялагдав.

Энэ нь, сонгуулийн өдрөөс өмнө шуудангаар илгээсэн боловч, санал хураалт дууссаны дараа ирсэн саналын хуудсыг тоолохыг муж улсуудад зөвшөөрөх эсэхтэй холбоотой байв.

Энэ удаад гурван либерал шүүгчид, ерөнхий шүүгч Жон Робертс болон Трампын томилсон шүүгч Эми Кони Барретт нар нэгдсэн бөгөөд шийдвэрийн үндэслэлийг Барретт өөрөө бичжээ. Тэрээр АНУ-ын Үндсэн хуульд үндэслэн муж улсууд, Конгрессын сонгуулийн "хугацаа, газар, журам"-ыг тогтоох өргөн эрхтэй гэж тэмдэглэсэн байна.

Мөн шуудангаар санал өгөх нь, өргөн хүрээний луйвар дагуулдаг гэсэн Трампын мэдэгдлийг няцааж, ийм асуудлыг ардчилсан улс төрийн үйл явцаар шийдэх ёстой гэж үзжээ.Үүний дараа Трамп Конгресст шуудангаар санал өгөх боломжийг эрс хязгаарлах сонгуулийн шинэчлэлийн төслөө батлахыг уриалсан юм.

Төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслийг баталсан боловч Сенатад Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын зарим сенаторын эсэргүүцэлтэй тулгарч гацжээ.

Ингэснээр ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлсэн ч, бодлогын хүүгийн асуудал болон сонгуулийн шинэчлэл гэсэн хоёр чухал чиглэлд Дээд шүүх Трампыг дэмжсэнгүй.

Гүтгэлгийн хэрэгт чимээгүй ялагдал хүлээлээ.

Трампын Truth Social дахь мэдэгдлээс харахад, тухайн өдрийн хамгийн хүнд цохилт нь Дээд шүүхийн нийтэлсэн 28 баримт бичгийн дунд бараг анзаарагдалгүй үлдсэн нэг шийдвэр байжээ.

Шүүх хэлэлцэхээс татгалзсан олон хэргийн дунд "Trump, President of US v. Carroll, E. Jean" гэх хэрэг байсан юм.

Дээд шүүх ямар нэгэн тайлбар өгөхгүйгээр, Трампаас 5 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулах иргэний хэргийн шийдвэрийг дахин хэлэлцэхээс татгалзжээ.

Энэ нь, 2023 онд тангарагтны шүүх Трампыг сэтгүүлч асан Э. Жийн Кэрролл-ыг гүтгэсэн гэж үзэн гаргасан шийдвэртэй холбоотой юм. Кэрролл Трампыг 1990-ээд онд их дэлгүүрийн хувцас солих өрөөнд, өөрт нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдэгдэж байсан билээ.

Трамп энэ талаар, "Улс төрийн хавчлага, шүүхийн дарамтын хэрэгсэл болсон энэ хэрэгтэй би эцсээ хүртэл тэмцэнэ. Гүтгэлгийн тухай энэ утгагүй хэрэг ч мөн адил. Ийм шударга бус явдал хүчин төгөлдөр хэвээр үлдэх ёсгүй." хэмээн бичжээ.

Тэрээр өөр нэг хэрэгт оногдуулсан 83.3 сая ам.долларын нөхөн төлбөрийг үргэлжлүүлэн давж заалдахаар төлөвлөж байгаа ч, 5 сая ам.долларын нөхөн төлбөртэй холбоотой энэ хэрэг шүүхийн бүх боломжоо бараг бүрэн дуусгасан гэж үзэж байна.

Сүүлд нэмэгдсэн