Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 23-нд Жон Кеннеди, Роберт Кеннеди, Мартин Лютер Кинг нарын аллагатай холбоотой баримт бичгүүдийг нууцаас гаргах зарлигт гарын үсэг зурсан тухай CNN мэдээллээ.
Энэ бол чухал үйл явдал бөгөөд Зууван танхимд зарлигт гарын үсэг зурах үеэрээ Трамп, "Олон хүн үүнийг олон жил, хэдэн арван жилийн турш хүлээж байсан. Үүнийг Бага Кеннедид дамжуулаарай” гэж зарлигт гарын үсэг зурсан үзэг рүүгээ заагаад, “Хохирогчдын ар гэрийнхэн болон Америкийн ард түмэнд ил тод болох ёстой. Эдгээр аллагатай холбоотой бүх бүртгэлийг аль болох хурдан нууцаас гаргах нь үндэсний эрх ашигт нийцнэ" гэсэн байна.
Кеннедигийн аллагатай холбоотой ихэнх баримт бичгүүдийг Байдены засаг захиргаа нууцын зэрэглэлээс гаргаж 13,000 орчим баримтыг олон нийтэд ил болгосон боловч тэдгээрийн олонх нь засварлагдсан байдаг байна.
.Баримт бичгийг шууд нийтлэхгүй бөгөөд энэ тушаал гарсан өдрөөс хойш 15 хоногийн дотор Үндэсний тагнуулын газрын дарга, Ерөнхий прокурор Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслах, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхтэй хамтран , Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн аллагатай холбоотой бичлэгүүдийг бүрэн ба эцсийн байдлаар гаргах төлөвлөгөөг өргөн барина. Роберт Кеннеди, Мартин Лютер Кинг нарын амь насыг бүрэлгэсэн хэргийн бүртгэлийг илгээх эцсийн хугацаа 45 хоног байх аж. 2023 онд Үндэсний архивын газар, 1963 оны Кеннедигийн аллагатай холбоотой нууц баримтуудыг хянаж дуусгасан. Үүний зэрэгцээ, CNN мэдээлснээр, баримт бичгийн 99% нь нийтлэгдсэн байна.
Трамп тэргүүтэй ерөнхийлөгчид эдгээр баримт бичгүүдийн нууцыг задлах талаар өмнө нь амлаж байсан ч, Тагнуулын төв газар, Пентагон, Төрийн департамент зарим материалыг олон нийтэд хүргэхгүй хэвээр байсан. Энэ үндэслэл нь, юуны түрүүнд амьд эсвэл амьд байж болзошгүй нууц эх сурвалжийн хувийн мэдээллийг хамгаалах, түүнчлэн тагнуулын аргыг хамгаалах хэрэгцээнд тулгуурладаг байна.
Трамп 45 дахь ерөнхийлөгч байхдаа, тагнуулын байгууллагуудын хүсэлтээр аллагын талаарх бүх баримт бичгийг гаргахгүй байхаар тохиролцож байсан бөгөөд 2024 оны сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд үлдсэн бичлэгээ нийтэд дэлгэнэ гэдгээ хэлсэн юм.