45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп 6-р сарын 20-нд нийтлэгдсэн ярилцлагадаа, АНУ-д коллеж төгссөн гадаадын оюутнуудад автоматаар ногоон карт олгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэ мэдэгдэл нь, түүний цагаачдын эсрэг үзэлтэй эрс зөрчилдөж байна гэж Voice of America бичжээ.
Трампыг, All-In бизнес, хөрөнгө оруулалтын подкаст нэвтрүүлэгт оролцох үеэр, бизнест "хамгийн сайн, шилдэг" хүмүүсийг татах асуудлын талаар асуухад, тэрээр, "Миний бодлоор, АНУ-д, сургууль, коллеж төгссөн тохиолдолд, энэ улсад үлдэх боломжтой болгох ногоон карт автоматаар олгогдох ёстой. Энэ нь бүх сургуулиудад хамаарна, ирэх арваннэгдүгээр сард сонгогдвол, Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний өдрөө л энэ асуудлыг шийднэ” гэж амласан байна.
Цагаачлалын асуудал Трампын 2024 онд Цагаан ордонд буцаж ирэх кампанит ажлын гол сэдэв болоод байна. Түүний санал болгож буй олон зуун мянган гадаад төгсөгчдөд олгох ногоон карт (АНУ-ын иргэний харъяалал авах боломжийг олгодог бичиг баримт) нь Америкийн цагаачлалын тогтолцоог ихээхэн өргөжүүлэх юм.
Трампын хэлсэн энэхүү үг нь, түүний цагаачдын талаарх өмнөх мэдэгдлүүдээс нь эрс ялгаатай байгаа юм. Тэрээр, хууль бус цагаачид олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж, төрийн ажил, хөрөнгийг булаан авч байна гэж, жагсаал цуглаан дээрээ байнга хэлдэг байсан бөгөөд бүр, “Манай улсын цусыг хордуулж байна” ч гэж хэлж байсан удаатай. Трамп, хэрэв сонгогдвол АНУ-ын түүхэн дэх хамгийн том албадан гаргах ажиллагааг явуулна гэж амлаж байсан. Трамп болон түүний дэмжигчид, хууль бус цагаачид болон хууль ёсны цагаачдын ялгааг мэддэг гэж байнга хэлдэг. Мөн тэрээр ерөнхийлөгч байхдаа, хууль ёсны цагаачлал, ялангуяа гэр бүлд суурилсан виз, визний сугалаа зэрэг хөтөлбөрүүдэд хязгаарлалт тавихыг санал болгож байсан юм.
Трамп 2017 онд албан тушаалдаа орсныхоо дараахан, Америкийн хөдөлмөрийн зах зээлийг хамгаалахын тулд хамгийн өндөр цалинтай эсвэл шаардлага хангасан нэр дэвшигчдэд олгох “Америкийн гэсэн зүйлсийг худалдаж ав, америкчуудыг ажилд ав” тушаалд гарын үсэг зурж, Засгийн газрын гишүүдийг бизнесийн виз олгох шинэ журам нэвтрүүлэхийг санал болгож байв.
Мөн 45 дахь ерөнхийлөгч, гадаадын ажилчдыг түр ажилд авахын тулд компаниуд ихэвчлэн ашигладаг H1-B хөтөлбөр болон гадаадын иргэдийг америкчуудаас бага цалингаар ажиллуулдаг асуудлыг шүүмжилж, коронавирусын тахал эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болсон, АНУ-д үлдэхийг хүссэн ч виз авч чадахгүй байгаа, хамгийн нэр хүндтэй коллежийн төгсөгчдийг жишээ болгон авч дурдсан байна.
Подкаст цацагдсаны дараа Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт, "Ерөнхийлөгч Трамп АНУ-ын түүхэн дэх цагаачдад зориулсан хамгийн хатуу, коммунистууд болон радикал исламистууд, Хамасыг дэмжигчид, Америкийг үзэн ядагчид, дэмжлэгээр амьдардаг хараат хүмүүсийг оруулахгүй байх шалгалтын үйл явцыг санал болгосон. Ийм шалгалтын дараа л бид Америкийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж чадах хамгийн чадварлаг төгсөгчдийг үлдээх ёстой " гэж мэдэгджээ.