USCIS, АНУ-ын иргэншлийн өргөдлийн хураамжийг 570 доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа, зургаадугаар сарын 22-нд танилцуулсан шинэ төлөвлөгөөгөөр, АНУ-ын иргэншил авах хүсэлт гаргаж буй хууль ёсны цагаачид одоогийнхоос 570 ам.доллараар илүү хураамж төлөх болж магадгүй байна. Үүний зэрэгцээ, бага орлоготой өргөдөл гаргагчдад олгодог хураамжийн чөлөөлөлт болон хөнгөлөлтийг хүчингүй болгох санал оруулсан талаар CBS News мэдээлэв.
АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) иргэншлийн өргөдлийн хураамжийг, цаасан хэлбэрээр гаргасан өргөдлийн хувьд 760 ам.доллараас 1,330 ам.доллар болгох, онлайнаар гаргасан өргөдлийн хувьд 710 ам.доллараас 1,280 ам.доллар болгон нэмэгдүүлэх санал гаргажээ. Мөн иргэншлийн хүсэлт татгалзсан тохиолдолд, шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийн хураамжийг 645 ам.доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Шинэ саналд мөн иргэншлийн өргөдлийн хураамжаас бүрэн чөлөөлөгдөх боломж болон өрхийн нийт орлого нь холбооны ядуурлын түвшнээс дөрөв дахин их буюу түүнээс бага байдаг өргөдөл гаргагчдад олгодог хөнгөлөлтийг бүрэн цуцлахаар тусгажээ.
Харин АНУ-ын Зэвсэгт хүчний алба хаагчдыг, иргэншлийн өргөдлийн хураамжаас чөлөөлдөг журам хэвээр үлдэх юм.
Шинэ журам шууд хэрэгжихгүй. Одоогоор зөвхөн дүрмийн төслийн шатанд байгаа бөгөөд холбооны дүрэм батлах бүх журмыг дамжин хэрэгжих ёстой. Төсөл нийтлэгдсэний дараа 60 хоногийн хугацаанд олон нийт санал, шүүмжээ илгээх боломжтой бөгөөд дэмжих эсвэл эсэргүүцэх байр сууриа илэрхийлж болно.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS), USCIS-ийг хариуцдаг байгууллага бөгөөд иргэншлийн өргөдөл боловсруулах зардлыг бүрэн нөхөхийн тулд хураамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж тайлбарлажээ. Ялангуяа Трампын засаг захиргаа, өргөдөл гаргагчдыг илүү нарийн шалгах бодлого баримталж байгаа нь зардлыг өсгөсөн гэж үзэж байгаа бөгөөд
USCIS нь, үйл ажиллагааныхаа санхүүжилтийн дийлэнх хэсгийг өргөдлийн хураамжаас бүрдүүлдэг байна.
Тус яамны мэдэгдэлд, өмнөх засаг захиргаанууд иргэншлийн өргөдлийн хураамжийг бусад цагаачлалын үйлчилгээтэй харьцуулахад харьцангуй бага байлгаж, иргэншил авах болон нийгэмд дасан зохицох үйл явцыг дэмжихийг зорьдог байсан гэж дурджээ.
Харин одоогийн засаг захиргаа өөр байр суурь баримталж байгаа бөгөөд "Өмнөх удирдлагуудын натурализацийг дэмжих бодлогын хүрээнд, иргэншилтэй холбоотой өргөдлийн хураамжийг хязгаарлаж байсан. Харин одоо ийм төрлийн өргөдлийг бусад цагаачлалын үйлчилгээний орлогоор татааслах шаардлагагүй гэж Департамент үзэж байна" хэмээн төслийн баримт бичигт дурдсан байна.
Түүнчлэн DHS-ийн тусдаа мэдэгдэлд, "Энэхүү дүрмийн зорилго нь өргөдөл боловсруулах бодит зардлыг бүрэн нөхөхийн тулд хураамжийг тодорхой хугацаанд шинэчилж байх явдал" гэжээ. Мөн яамны төлөөлөгчийн хэлснээр, өмнөх засаг захиргааны үед тогтоосон одоогийн хураамж нь, Ерөнхийлөгч Трампын зарлигийн дагуу шаардлагатай болсон нэмэлт шалгалт, баталгаажуулалтын зардлыг бүрэн нөхөж чадахгүй байгаа аж.
Энэ өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна. Байдены засаг захиргааны үед USCIS-ийн өндөр албан тушаал хашиж байсан Даг Рэнд, энэхүү нэмэгдлийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа тлэрхийлээд, "Иргэншлийн өргөдлийн хураамжийг ингэж огцом нэмэгдүүлэх хамгийн үнэмшилтэй тайлбар бол, Трампын хоёр дахь засаг захиргаа хууль ёсны цагаачдад аль болох хурдан нэмэлт, үндэслэлгүй саад бий болгохыг зорьж байгаа явдал" гэж мэдэгджээ.
Иргэншил авахад ямар шаардлага тавигддаг вэ?
АНУ-ын Засгийн газар олон жилийн турш хууль ёсны байнгын оршин суугчдыг албан ёсоор натурализаци гэж нэрлэгддэг иргэншил авах үйл явцад хамрагдахыг дэмжсээр ирсэн.
Ихэнх тохиолдолд ногоон карт (Green Card) эзэмшигчид, нөхцөл байдлаасаа шалтгаалан 3 эсвэл 5 жилийн дараа иргэншил хүсэх эрхтэй болдог.
Өргөдөл гаргагчид ерөнхийдөө:
- Англи хэлний шалгалт өгөх,
- АНУ-ын төр, иргэний байгууллын талаарх мэдлэгийн шалгалт өгөх,
- Бусад хуульд заасан шаардлагыг хангах,
- Ноцтой эрүүгийн болон хууль эрх зүйн асуудалгүй байх ёстой.
Шалгалтыг улам чангатгаж байгаа юм.
Трампын хоёр дахь засаг захиргаа цагаачлалын бодлогоо чангатгах хүрээнд, хууль ёсны цагаачлалын боломжийг ч мөн хязгаарлаж, нэмэлт шалгалтын үе шат нэвтрүүлж эхэлжээ.
Иргэншлийн өргөдөлд тавигддаг "сайн ёс суртахуунтай байх" (good moral character) шаардлагыг илүү хатуу шалгаж эхэлсэн байна. Мөн өмнө нь бараг ашиглагддаггүй байсан оршин суугаа газрын шалгалтыг сэргээжээ. Энэ хүрээнд USCIS-ийн ажилтнууд иргэншил хүсэгчийн хөршүүд болон хамт ажиллагсадтай нь уулзаж, мэдээлэл цуглуулах боломжтой болсон байна.
Үүнээс гадна Трампын засаг захиргаа хууль бусаар эсвэл худал мэдээлэл өгч, тухайлбал өмнө нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулан иргэншил авсан гэж сэжиглэгдсэн натурализациар иргэн болсон америкчуудын иргэншлийг хүчингүй болгох арга хэмжээг мөн эрчимжүүлээд байгаа юм.








