Вашингтоны өмгөөлөгч залилснаас олон мянган цагаач хохирчээ

Вашингтон мужийн өмгөөлөгч Александра Лосано, АНУ-д хууль ёсны статустай болохыг хүссэн олон мянган цагаачидад амжилттай шийдвэр гаргуулна хэмээн амлаж, үйлчлүүлэгчдэдээ мэдэлгүйгээр гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймааны талаар хуурамч мэдээлэл бүрдүүлэн хүмүүнлэгийн визийн материал өгч байсан гэж CNN мэдээлжээ.
Түүнийг цагаачдаас их хэмжээний мөнгө авч, мэргэжлийн бус ажилтнуудаар хэргийг нь хөтлүүлэн, хуурамч баримт бүрдүүлсэн гэх хэрэгт буруутгаж байна. Зарим үйлчлүүлэгч үүний улмаас байнгын оршин суух эрхээ авч чадаагүй төдийгүй, албадан гаргах ажиллагаанд хүртэл өртжээ.
Лосаногийн хуулийн фирм энэ сард үйл ажиллагаагаа зогсоож, тэрээр өмгөөлөгчийн лицензээ сайн дураараа хүлээлгэн өгсөн ч, өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр, түүний гарын үсэгтэй 53 мянга гаруй хэрэг одоо ч хянагдаж байгаа бөгөөд эрх баригчид уг хэргийг шалгаж байна. Экспертүүдийн үзэж буйгаар, энэ хэрэг нь АНУ дахь цагаачлалын үйлчилгээний хамгийн том залилангийн нэг байж болзошгүй байгаа аж.








