Пенсильвани, Охайо мужийн талх, нарийн боовчид, борлуулалтын амжилтын америк аргыг хэрэглэн, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах зорилгоор жигнэмэгүүдээ нэр дэвшигчдийн нэрээр нэрлэж, билэгдлийг нь ашиглан борлуулалтаа нэмэгдүүлж, борлуулагдсан тоогоор нь гаргасан урьдчилсан таамаг нь,”Зөнтэй” хэмээн нэрлэгдэж, уламжлал болон алдаршаад байгаа аж. Пенсильванийн талх нарийн боовны үйлдвэр сүүлийн дөрвөн сонгуулийн гурвынх нь үр дүнг зөв таамагласан гэж Сильви цахим хуудсанд бичсэн бол,Охайогийн талх нарийн боовчид 40 жил дараалан боовны борлуулалтын таамаг нь хэзээ ч бүтэлгүйтэж байгаагүй гэж New York Pоst-д ярьжээ.
Пенсильвани мужийн Хатборо дахь Lochel's Bakery үйлдвэр, жигнэмэгийнхээ борлуулалтад үндэслэн сүүлийн дөрвөн ерөнхийлөгчийн сонгуулийн гуравт нь ялагчийг зөв таамагласан бөгөөд энэ жил “Трамп”ын жигнэмэгборлуулалтаараа тэргүүлж, зарагдсан 25,000 орчим "сонгуулийн" жигнэмэгийн 23,060 нь улаан, цагаан цацлагатай "Трамп 2024" чихэрлэг жигнэмэг байгаа ажээ. “Харрис 2024” жигнэмэг нь, цэнхэр цагаан өнгийн цацлагатай зарагдаж байгаа гэж дэлгүүрийн эзэн Кэтлин Лочел ярьсан байна.
2020 онд 45 дахь Ерөнхийлөгчийн хүү Эрик Трамп, уг үйлдвэрт зочилсноор, тус үйлдвэрийн жигнэмэг маш их алдаршиж, улс орны өнцөг булан бүрээс захиалга ирж эхэлжээ. Өнгөрсөн сонгуулиар Трампын жигнэмэг Ардчилсан намын Жо Байдены жигнэмэгээс хамаагүй илүү зарагдсан ч, Байден ялж жигнэмэгийн “Зөн” алдсан ч, Lochel жигнэмэг улс даяар Трампыг дэмжигчдийн нэрийн хуудас болсон юм.
Лочел, "Би үүний төлөө маш их шүүмжлэлд өртдөг. Хүмүүс намайг жигнэмэгээрээ Бүгд найрамдахчуудын төлөө кампанит ажил хийж байна гэж боддог. Гэвч би, хүмүүсийн худалдаж авч буй зүйлд нөлөөлж чадахгүй шүү дээ"гэж ярьжээ. Жигнэмэг нь, 2008 оноос хойш Цагаан ордны төлөөх сүүлийн дөрвөн уралдааны гурвынх нь ялагчийг зөв таамаглаж байв. Пенсильвани мужийг энэ жилийн сонгуулийн гол савлуур муж гэж үзэж байгаа бөгөөд сонгуульд хэн ч ялсан ч Кэтлин Лочел, элсэн чихэртэй боовоо сурталчлах ухаалаг маркетингийн арга сонгосон байна.
Охайогийн “Нострадамус” боов
Үүний зэрэгцээ, Охайо муж улсын Цинциннати хотод төвтэй Busken Bakery үйлдвэр, 1984 оноос хойшхи ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зөв таамаглаж ирснээрээ бахархдаг.
Үйлдвэрийн эзэн Дан Бускен, "Миний талх, нарийн боов 1984 оноос хойшхи ерөнхийлөгчийн сонгууль болгоныг урьдчилан таамаглаж ирсэн бөгөөд алдаж байгаагүй! Бид 1982 онд Super Bowl-д хэн түрүүлэх тухай санал асуулгаар эхэлж байсан. Баг тус бүрээс хэдэн ширхэг борлогдсоныг тооцдог. 1984 онд Рейган-Мондэйлийн өрсөлдөөн болон түүнээс хойшхи бараг бүх сонгуулийг бид зөв таамаглаж ирсэн. Энэ жил,Трамп боов асар их давуу борлуулалттай байна. Трампын 20,312 боов аль хэдийн зарагдсан бөгөөд зөвхөн 7,027 Харрис боов зарагдаад байна" гэж ярьжээ.