Миллениал болон X үеийнхний дунд 17 төрлийн хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд Lancet Public Health сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 1990 онд төрсөн хүмүүсийг 1955 онд төрсөн хүмүүстэй харьцуулахад хорт хавдарын өвчлөл 2-3 дахин их байгаа нь харагджээ. Судалгааны үр дүн, залуучуудын дунд бүдүүн гэдэсний хорт хавдрын түвшин ноцтой нэмэгдэж байгааг мөн бусад төрлийн хорт хавдарууд ч нэмэгдсэн болохыг харуулсан гэсэн дүгнэлт гарсныг Aol нийтэлжээ.
Эрт хорт хавдраар өвчилж эхлэснийг болон хорт хавдрыг юу өдөөж байгааг хэлэхэд эрт байгаа бөгөөд шинжээчид энэхүү аймшигтай статистик нь, илрүүлэлтийн түвшин сайжирсантай холбоотой биш гэдгийг анхааруулсан байна. Залуус эдгээр өвчнөөр нас барж, эцэг эх, удамд нь тохиолдож байгаагүй эрт нас барж байна.
Шинэ судалгаа юу харуулав
Америкийн Хавдрын Нийгэмлэгийн (ACS) судлаачид, 1920-1990 онд төрсөн хүмүүсийн 34 төрлийн хорт хавдрын түвшинг судалж, 2000-2019 оны хооронд хэдэн хүн энэхүү үхлийн аюултай өвчнөөр өвчилсөн болон хэчнээн хүн нас барсан дээр үндэслэн дүгнэлт гаргажээ.
Дунджаар 1920 оноос хойш нойр булчирхай, хөх, ходоодны хорт хавдар зэрэг 17 төрлийн хорт хавдрын өвчлөл өссөөр байгаа нь харагдсан бөгөөд ACS-ийн өмнөх судалгаагаар, нойр булчирхай, бүдүүн гэдэс, бөөр, умай, төмсөгний хорт хавдар зэрэг 11 төрлийн өвчин залуусын дунд нэмэгдэж байгаа нь батлагдаж байсан. Харин энэхүү шинэ судалгаагаар энэ жагсаалтад 8 төрлийн хавдрын өвчлөлийг нэмж оруулжээ.
Бүх хүйсийн хүмүүсийн бөөр, нойр булчирхай, нарийн гэдэсний хорт хавдарын өвчлөлүүд хоёр, бүр гурав дахин нэмэгджээ. Эмэгтэйчүүдийн элэгний хорт хавдрын өвчлөл 1920-иод оноос хойш 2-3 дахин нэмэгдсэн байна. Baby boomers болон ахмад үеийнхний дунд буурч байгаа хорт хавдарын өвчлөлүүд болох хөхний болон өндгөвч, төмсөгний хорт хавдар одоо миллениал болон X генийн үеийнхний дунд илүү нэмэгдэж аюултай болж, маш олон залуучууд эдгээр өвчнөөр нас барж байна. Бүдүүн гэдэс, цөсний хүүдий, төмсөг, умайн хорт хавдраар нас баралтын түвшин сүүлийн үед эрс нэмэгдэж, мөн эмэгтэйчүүд элэгний хорт хавдраар нас барах тохиолдол нэмэгдсээр байна. Энэ статистик нь илрүүлэлт сайжирсантай болон эрт оношлогдох болсонтой холбоотой биш юм. Судалгааны ахлагч, ACS-ийн ахлах судлаач Хьюна Сон, Yahoo Life-д өгсөн ярилцлагадаа, “Энэ мэдээлэл бол хорт хавдрын өвчлөл бодитоор нэмэгдэж байгааг харуулсан” гэсэн байна.
Яагаад ийм зүйл болоод байна вэ? Шинэ судалгаа энэ асуултад хариулаагүй ч, Сон болон бусад шинжээчид, таргалалтыг гол шалтгаан гэж үзэж байна. Тэд залуу үеийнхний дунд түгээмэл болж буй 17 хорт хавдрын 10 нь, эд эсэд илүүдэл өөх тос хуримтлагдсантай холбоотой гэж тэмдэглэжээ Таргалалт яг яаж хорт хавдар үүсгэдэг болохыг олж тогтоох судалгаа үргэлжилж байна. Дана-Фарберын нэрэмжит хорт хавдрын хүрээлэнгийн профессор Тимоти Реббек , "Хүн таргалах үед бие махбодид олон зүйл өөрчлөгддөг. Биед архаг үрэвсэл үүсч, энэ нь олон жилийн турш эд эсийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг. Гэхдээ, хүний биеийн жингийн индекс (BMI)-тэй шууд хамааралгүй байж магадгүй ч инсулинд мэдрэмтгий байдал өөрчлөгдөн, зарим дааврын хэмжээ ихсэх нь эсийн хяналтгүй өсөлтийг өдөөж, хорт хавдар үүсгэдэг. Таргалалт, хорт хавдрын өвчлөл, ялангуяа залуучуудын дунд давхцаж байгаа нь энэ асуудал хүүхэд ахуй наснаасаа эсвэл хүн төрөхөөс ч өмнө эхэлж байж магадгүй. Хүний эд эсийг гэмтээх үйл явц эрт эхэлдэг. Тиймээс таргалж эхлэх болон өвчлөхийн хооронд 20 жилийн зөрүү байгаа. Арван настайд эхэлсэн биеийн жингийн асуудал 30-40 насанд нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог” гэж тайлбарлажээ.
Үүнээс гадна, байгаль орчны нөлөөлөл болон гэдэсний бактериудыг өөрчлөх антибиотик хэрэглэх эсвэл хоолны дэглэм барих зэрэг бусад хүчин зүйлүүд хүнд хорт хавдар үүсэхэд хүргэдэг байж болно гэж судлаачдын баг үзжээ.
Хэдийгээр энэхүү судалгааны үр дүн нь түгшүүр төрүүлж байгаа ч, судлаачид хэт их санаа зовохгүй байхыг зөвлөсөн бөгөөд "50 наснаас өмнө оношлогдсон хорт хавдар харьцангуй бага. Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, жил бүр оношлогддог 100,000 хорт хавдрын 350 орчим нь л 45-49 насны хүмүүст тохиолдож байна. Гэхдээ урд нь байгаагүй гэдэгтэй харьцуулахад их. Бид хүмүүст мэдээлэл өгч, арга хэмжээ авч эхлэхийг хүсч байна. Эдгээр арга хэмжээ нь маш энгийн. Та аль болох эрүүл амьдралын хэв маягийг барьж, жингээ хянаж, тэнцвэртэй хооллож, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Боловсруулсан хоол хүнс их хэрэглэхгүй байхыг хичээх. Улаан мах, улаан загасны хэрэглээгээ хязгаарлах. Согтууруулах ундааг хязгаарлах, тамхи татахаа болих. Эдгээр дүрмийг дагаж мөрдөх нь тийм амар биш байж болох ч, эрдэмтэд яг үүнийг зөвлөж байна. Мөн гэр бүлийнхээ өвчлөлийн түүхийг мэдэж, шинж тэмдэг илэрвэл эмчид хандах нь чухал. Залуу хүмүүст бүдүүн гэдэсний хорт хавдрын анхны шинж тэмдэг нь, ядрах, шулуун гэдсээр цус алдах, хэвлийгээр өвдөх, шалтгаангүйгээр турах зэргээр илэрч болно. Эдгээр нь хорт хавдрын процессын эхлэлийг илэрхийлж болох анхааруулгын тугнууд юм” гэж бичжээ.