Өндөг бол Улаан өндөгний баярын гол билэгдэл юм. Гэвч АНУ-д өндөгний үнэ өндөр байгаа тул олон америкчууд уламжлалаа өөр хувилбараар хийхийг эрэлхийлж өндөгний оронд төмс будаж тэмдэглэсэн талаар CBS мэдээлэв.
АНУ-д шувууны ханиад дэгдсэнээр өндөгний үнэ огцом өсч, өндөгний ноцтой хомсдол үүсээд байгаа бөгөөд өнгөрсөн сард өндөгний үнэ АНУ-д улам өсч, арван ширхэг нь дунджаар 6.23 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосноор, америкчууд уламжлалт баярынхаа өндөгийг хэмнэхийн тулд зефир, төмс зэргийг будаж альтернатив аргуудыг ашиглан тэмдэглэв.
Үүнд, өндөг хэлбэртэй бялуу чимэглэх, зефир, төмс будах, чимэглэлтэй хуванцар өндөг хэрэглэх зэрэг орж байгаа бөгөөд ялангуяа төмс эдгээрээс хамгийн их алдаршиж байгаа аж.
TikTok дээр, "Энни" мюзиклийн "It's the Hard Knock Life" дууны аян дээр, ээж нь хүнсний тэргэнцэртээ ууттай төмс хийж, дараа нь хүүхдүүд нь, маркераар будаж байгааг харуулсан видео сурталчилгаа хүртэл явж байна.
Rose Atwater, Rose Bakes вэбсайтдаа, "Жижиг хэмжээтэй, шинэ төмс нь өндөг шиг хэлбэртэй. Түүнийг будахад үнэхээр хөгжилтэй! Тиймээс Улаан өндөгний баяраар төмсөө будцгаая! " бичжээ.
Одоо 6.23 ам. доллар болоод байгаа өндөгний үнийн дээд амжилт, 2-р сард 5.90 доллар, 1-р сард 4.95 доллар байжээ.
Харин, хоёрдугаар сард Канадад арван өндөгний жижиглэнгийн үнэ дунджаар 3.50 доллар байв.
АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр, 3-р сард хүнсний барааны үнийн ерөнхий индекс 0.4 хувиар, харин өндөгний үнэ 5.9 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн 12 сарын хугацаанд өндөгний үнийн индекс 60.4 хувиар өссөн байна.