August
15
2023
Anu.mn
Мэдээ
Жолоочгүй таксиг Калифорнид баталлаа: Эдгээр нь хэрхэн ажилладаг, яагаад хүн болгонд таала ...
Жолоочгүй таксиг Калифорнид баталлаа: Эдгээр нь хэрхэн ажилладаг, яагаад хүн болгонд таалагдахгүй байна вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Жолоочгүй таксиг Калифорнид баталлаа: Эдгээр нь хэрхэн ажилладаг, яагаад хүн болгонд таалагдахгүй байна вэ?
Photo: IStock

Калифорниа мужийн удирдлага 8-р сарын 10-нд Сан Францискод, автомат жолоодлоготой такси үйлдвэрлэгч Waymo болон Cruise компаниудад, амралтын өдөргүй, 24 цагийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхийг олгов. Энэ нь энэ салбарын хувьд томоохон үйл явдал, ялалт бөгөөд технологийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх замыг нээж өгч байна гэж Washington Post мэдээлэв.

Сан Францискогийн тахиралдсан, дов толгодтой, ихэвчлэн манантай байдаг гудамжуудад автомат жолоодлоготой машинууд энгийн үзэгдэл болжээ. 8-р сарын 10-нд болсон санал хураалтаар Uber, Lyft зэрэг таксины үйлчилгээг жолоочгүй такси ашигласан тохиолдолд, тээврийн хэрэгсэл жолоодох болон төлбөр төлөлтөд тавигддаг ихэнх хязгаарлалтыг цуцлахаа мэдэгдэв. 

Энэ бол, жолооч огт хэрэггүй гэж үздэг олон компаниудын хувьд дэлхийн хамгийн том туршилт, бие даасан тээврийн салбар үүсч буйн илрэл  бөгөөд Амазон болон Google компаниудын олон жилийн туршилтын үр дүн юм. Гэвч, эдгээр машиныг олноор ашиглаж эхэлвэл хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж олон нийт үзэж байна. Калифорнид л гэхэд, залуу гарааны бизнес эрхлэгчдээс эхлээд технологийн аварга компаниуд болох 40 гаруй компани Сан Францискод машинаа турших зөвшөөрөл авсан гэж Калифорнийн тээврийн хэрэгслийн хэлтэс мэдээлэв. Калифорнийн 8-р сарын 10-ны энэ шийдвэр, орон нутгийн удирдагчид болон Сан Францискогийн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан ч, жолоочтой автомашинууд хотод түгжрэл, саатал, замбараагүй байдал үүсгэдэг гэдэг дээр санал нэгдэж долоон цаг үргэлжилсэн уулзалтын үр дүнд, 3-1 харьцаагаар дэмжсэн санал авчээ.

Cruise компанийн удирдах зөвлөх асан комиссар Жон Рейнольдс, "Энэ технологи нь замын аюулгүй байдлыг сайжруулах боломж юм. Өнөөдөр Калифорниа мужид хэрэгжсэнээр, бусад мужууд  хүлээн зөвшөөрөх алхамын эхнийх нь юм." гэж ярьжээ.

Калифорни дахь  туршилтын тоо баримтаас харахад, сүүлийн жилүүдэд энэ төрлийн машины тоо огцом нэмэгдэж байгаа аж. 2020 онд Калифорнид 551 тээврийн хэрэгсэл 1.8 сая милийн гүйлт хийж туршигдсан, 2022 онд 1051 жолоочгүй машин 4.7 сая миль зам туулсан үзүүлэлттэй байна.

Waymo болон Cruise нь Google-ийн охин компаниуд бөгөөд Сан Францискогийн зам дээр хэдэн зуун жолоочгүй тээврийн хэрэгсэлээ байнга явуулж туршдаг мужийн хамгийн том туршилтын компаниуд юм. Гэхдээ, жолоочгүй автомашинуудынхаа талаар чимээгүй байсан Apple компани 2022 онд 50 орчим Project  Titan гэдэг загвараа, Amazon Zoox нь 100 орчим жолоочгүй тээврийн хэрэгсэлээ Сан Фханцискогийн нийтийн зам дээр туршсан байна. Мөн гарааны бизнес эрхлэгчдийн туршилтын машинууд ч байгаа аж.

"Калифорни муж нь, аливаад манлайлагч, шинийг санаачлагч гэдгээрээ алдартай. Гэхдээ  бид эдгээр шинэчлэлийг хаанаас эхэлж зохицуулахаа ойлгоход хэцүү байна. Энэ нь аюулгүй ажиллагаатай холбоотой юу? Эсвэл  програм хангамжтай холбоотой юу? Бид мэдэхгүй.байна" гэж мужийн төлөөлөгч Лаура Фридман сэтгэгдлээ ярьжээ.

Мөн Калифорнид 2019 оноос хойш 236 удаа бүрэн автомат жолоодлоготой автомашин мөргөлдсөний ихэнх нь харьцангуй хөнгөн байсан бөгөөд.дийлэнх хувийг Waymo болон Cruise компаниудын машин байв. Харин Хятадын стартап Pony.ai компани 2021 онд Калифорнийн замд автомат жолоодлоготой машинаа турших зөвшөөрөл авсныхаа дараахан, нэг машин нь Фремонт хотод, замын тусгаарлах зурвасыг давж онхолдон, замын хашлага, тэмдгийг эвдэлсэн бөгөөд зохицуулагчид зөвшөөрлийг нь цуцалсан байна.Тус компани 2022 онд Калифорнид 41 автомашинтай байжээ. Мөн Apple-ийн машин, Купертино хотын оюутны хотхоны ойролцоо цагийн 13 миль (21 км) хурдтайгаар замын хашлага мөргөж, азаар хүн гэмтээгүй, харин машины дугуй нь арагш шилжиж эвдэрсэн байна. Энэ оны 5, 6-р сард Amazon Zoox компанийн машинууд Сан Франциско хотод хоёр удаа жижиг осол гаргаж, бусад машины жолооч нарыг гэмтээсэн тохиолдол гарч байжээ.

Автомат жолоодлоготой автомашины аюулгүй байдлын талаар олон арван жил судалгаа хийсэн Карнеги Меллоны их сургуулийн профессор Филипп Купман, “Жолоочгүй автомашины компаниуд, ашгийн төлөөх хувьцаа эзэмшигчдийн маш их дарамт шахалтанд байдаг учираас, зарим тохиолдолд машинуудаа хурдан бизнес болгоход яардаг. Энэ нь,  нийтийн аюулгүй байдлыг алдагдуулахад хүргэхээс болгоомжлох ёстой” гэж ярив.

Харин Маунтин Вью хотын дарга Алисон Хикс эдгээр машинуудын аюулгүй ажиллагаанаас илүү цаг уур, нийтийн тээвэр зэрэг нийгэмд үзүүлэх нөлөөлөлд санаа зовж буйгаа илэрхийлжээ. “Хэрвээ хиймэл оюун ухаан болон жолоочгүй машин бидний амьдралд нэгэн зэрэг орж ирвэл ажиллах хүчний хувь заяа яах вэ? Шинэ технологи нэвтрүүлэхэд зөвхөн аюулгүй байдал чухал биш. Маш олон бэрхшээл тулгарах болно." гэсэн байна

Харин Сан Франциско хотын удирдлагууд автомат жолоодлоготой машиныг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ салбарынхны туршилтын туулай байхаасаа залхаж байна. Жишээ нь, нэг жолоочгүй машин нийтийн цэнгүүний ёслолын буудлагын осолтой газарт зогссон, хоёр дахь нь шуурганы сэрэмжлүүлгийн тууз болон салхинд тасарсан утаснуудад орооцолдсон, гурав дахь нь галын машиныг  хэдэн минутын турш хааж зогссон зэрэг сүүлийн саруудад болсон хэд хэдэн тохиолдлуудыг дурдан 8-р сарын 10-нд болсон санал хураалтыг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.Үүний зэрэгцээ оршин суугчдын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Твиттерт тарсан видео бичлэг дээр, хэсэг хүмүүс уг тээврийн хэрэгслийн хамар дээр замын конус байрлуулахад хөдлөхөө больж, зогсоход хүргэж буйг харуулжээ.Тэд бичлэгээ, технологийг төөрөгдүүлэх  хэр амархан болохыг харуулах мөн эдгээр машиныг Сан Францискод тархахыг зогсоохын тулд төрийн зохицуулагчдад шахалт үзүүлэх зорилготой гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.