Норрисын Гейзерийн хөндий дэх, дэлхийн хамгийн өндөр, хамгийн аюултай идэвхтэй, халуун Steamboat гейзерт 10 метрийн зайд орж ойртсон залууд долоо хоног шоронд хорих арга хэмжээ, мөн 1500 долларын торгууль ногдуулжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн албаныхан энэ хэргийн талаар зургадугаар сарын 13-нд мэдээлсэн бөгөөд зөрчил гаргасан жуулчинг Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр жил зочлохыг хориглосон гэж SF Gate вэбсайт бичжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан, сониуч залууг тавцангаас бууж байгааг олж харснаар албаныхан хэргийн газарт ирсэн байна. Ажилтны авсан гэрэл зурагт, залуу гейзер рүү ойртохын тулд "хашаа давж, толгод өөд өгссөн" гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
Энэ гейзер оргилохдоо 70 хэмээс дээш халуун усыг бараг зуун метрийн өндөрт цацдаг бөгөөд ургаа модыг ч унагаж чадах хүчтэй, чимээ нь 3 км-ийн радиуст унтаж буй жуулчдыг сэрээдэг байна. Цаг тутамд тогтмол давтамжтайгаар дэлбэрдэг Old Faithful-ээс ялгаатай нь, Steamboat гейзер нь ихэвчлэн 3-аас 89 хоногийн хооронд дэлбэрдэг бөгөөд энэ жилийн 2, 4, 5-р сард гурван удаа, их хэмжээний халуун усаар оргилжээ.
Цэцэрлэгт хүрээлэн даяар, газрын гүний дулааны таамаглашгүй гадаргуу дээр явах аюултай, тусгай зориулалтын тавцангаас буух нь хууль бус гэдгийг анхааруулсан самбарууд байрлуулсан байдаг. Гейзерийн эрдэсийн агууламж өндөртэй ус нь машины будаг, шилийг хүртэл гэмтээдэг байна.
Вашингтоны Линнвуд хотын оршин суугч 21 настай Виктор Пышнюкт, АНУ-ын дүүргийн шүүхийн шүүгч Стефани Хэмбрик зургадугаар сарын 4-нд ял оноожээ. Тэрээр, “Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дулааны хамгаалалттай бүс рүү нэвтрэх нь аюултай, мөн хориглосон тэмдгийг санаатайгаар үл тоомсорлож, дулааны хязгаарлагдмал бүсэд нэвтэрсэн хүнийг нотлох баримт байгаа тохиолдолд хатуу шийтгэл ногдуулдаг" гэж ярьжээ.