April
19
2024
Anu.mn
Мэдээ
AI хэт ухаалагжиж, хэтийдсэн оюунтай болох үед хүн төрөлхтөн үхэшгүй мөнхийн амьдралыг оло ...
AI хэт ухаалагжиж, хэтийдсэн оюунтай болох үед хүн төрөлхтөн үхэшгүй мөнхийн амьдралыг олох уу, эсвэл устаж мөхөх үү?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
AI хэт ухаалагжиж, хэтийдсэн оюунтай болох үед хүн төрөлхтөн үхэшгүй мөнхийн амьдралыг олох уу, эсвэл устаж мөхөх үү?
Photo: IStock

Хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй гэж OpenAI болон Google Deepmind зэрэг зарим шинжээчид анхааруулсаар байна. Машинууд хүмүүсийг давж хөгжсөнөөр юу болж болохыг ВВС мэдээлэв.

2022 оны 11-р сард ChatGPT-ийг эхлүүлснээс хойш хиймэл оюун ухаан (AI) чатбот нь түүхэн дэх хамгийн хурдацтай хөгжиж буй интернет программ болжээ. Хоёрхон сарын дотор 100 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон байна. Технологийн хяналтын Sensor Town компани, Instagram ийм амжилтад хүрэхийн тулд хоёр жил хагас зарцуулах байсан гэж мэдээлжээ.

ChatGPT-ийн энэхүү хөгжил нь, хиймэл оюун ухааны хүн төрөлхтний ирээдүйд үзүүлэх нөлөөний талаар ширүүн маргаан үүсгэсэн бөгөөд олон арван шинжээчид, "Хиймэл оюун ухаанаас болж хүн төрөлхтөн устах болзошгүй эрсдэл нь, тахал өвчин, цөмийн дайн зэрэг дэлхийн бусад эрсдэлүүдтэй хамт дэлхийн тэргүүлэх зорилт байх ёстой" гэж мэдэгдэв.

Гэхдээ, зарим шинжээчид үүнийг хэтрүүлсэн болгоомжлол, хүн төрөлхтөнд айх зүйл байхгүй гэж үздэг.

Хүмүүсийг дуурайх чадварын хувьд, ChatGPT, DALL-E, Bard, AlphaCode зэрэг хиймэл оюун ухаануудын бүтээсэн текст, дүрс нь хүний ​​хийснээс ялгагдах боломжгүй. Тэд оюутнуудын гэрийн даалгаврыг хийж, мөн Ардчилсан намын зарим улстөрчдөд илтгэл бичихэд нь хүртэд тусалдаг байна.Технологийн аварга IBM компани, хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой 7800 ажлын байранд хүмүүсийг ажилд авахаа удахгүй зогсооно гэж мэдэгдэв.

Эдгээр өөрчлөлтүүд бол зөвхөн эхлэл юм. Одоо хиймэл оюун ухаан хөгжлийнхөө дөнгөж эхний шатандаа явж байна. Зарим эрдэмтэд, хүн төрөлхтний оршин тогтноход шууд заналхийлж болзошгүй дахиад хоёр шат бий гэж үздэг.

Гурван үе шат

1. Хиймэл нарийн оюун ухаан (ANI)

Нарийн хиймэл оюун ухаан нь нэг даалгавар дээр төвлөрч, өгөгдсөн функцүүдийн хүрээнд давтагдах ажлыг гүйцэтгэдэг. Тэд Интернетээс судлах боломжтой маш олон өгөгдлүүдээс зөвхөн програмчлагдсан тодорхой хэсэгт л судладаг. Тод жишээ нь, шатрын программ. Тэд дэлхийн шатрын аваргыг ялж чадах ч, тэдний хийж чадах зүйл энэ хэмжээнд баригддаг. Ухаалаг гар утсанд энэ технологийг ашигладаг олон програмууд байдаг - GPS-ийн газрын зураг, хөгжим, видео програмууд.

Харин, өөрийгөө жолооддог машин, ChatGPT гэх мэт илүү төвөгтэй системүүд нь, нарийн хиймэл оюун ухааны нэг хэлбэр бөгөөд тэд багц даалгавраас гадуур ажиллаж чадахгүй тул бие даан шийдвэр гаргаж чаддаггүй. Гэхдээ ChatGPT, AutoGPT зэрэг автоматаар суралцахаар програмчлагдсан системүүд хөгжлийн дараагийн шатанд шилжих боломжтой болсон гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

2. Хиймэл ерөнхий оюун ухаан (AGI)

Хиймэл ерөнхий оюун ухаан нь, хүний ​​хийж чадах аливаа ухаалаг ажлыг АI гүйцэтгэж чаддаг болоход бодит болно. Энэ нь, машин хүнийхтэй ижил оюуны чадамжтай болох үе юм. Үүнийг "хүчтэй AI" гэж нэрлэдэг.

2023 оны 3-р сард 1000 гаруй технологийн мэргэжилтнүүд, "бүх хиймэл оюун ухааны лабораторид GPT-4 буюу ChatGPT-ийн хамгийн сүүлийн хувилбараас илүү хүчирхэг хиймэл оюун ухааны системийн сургалтыг дор хаяж 6 сарын хугацаагаар зогсоохыг" шаардав. Мөн Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Возняк болон Тесла, SpaceX компанийн эзэн Элон Маск зэрэг технологийн удирдагчид, "Хүнтэй төстэй, өрсөлдөх чадвартай оюун ухаан бүхий хиймэл оюун ухааны системүүд нь нийгэм, хүн төрөлхтөнд ноцтой эрсдэл учруулж болзошгүй" гэж бичиж байв. Маск, OpenAI-ийг үүсгэн байгуулагчдын нэг нь байсан боловч, уг фирмийн удирдлагатай санал зөрөлдсөний улмаас түүнийг орхиж байсан юм.

"Future of Life Institute" ашгийн бус байгууллагын шинжээчид, хэрэв компаниуд төслөө зогсоохоос татгалзвал, "Засгийн газар оролцож, моратори тогтоох хэрэгтэй", ингэснээр аюулгүй байдлын арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх боломжтой болно гэж мэдэгдсэн байна. Энэ мэдэгдэлд Оксфордын их сургуулийн AI-ийн ёс зүйн хүрээлэнгийн Карисса Велиз гарын үсэг зурж байсан. Гэвч, хиймэл оюун ухааны аюулгүй байдлын төвөөс хүн төрөлхтний устаж үгүй ​​болохыг анхааруулсан уг мэдэгдлийг цаг хугацааны хувьд хэт хол гэж үзсэнээр, дараагийн захидалд гарын үсэг зурахгүй байхаар шийдсэн бөгөөд тэрээр, "Бидний одоо бүтээж байгаа хиймэл оюун ухаан нь, одоогийн байдлаар ухаалгийн зэрэгцээ мөн тэнэг. ChatGPT болон бусад хиймэл оюун ухаан маш хязгаарлагдмал байгаа нь анзаарагддаг. Харин, хиймэл оюун ухааны асар хурдтайгаар ташаа мэдээлэл үүсгэх боломжууд болон АНУ-ын сонгууль ойртох тусам Твиттер болон бусад чухал платформууд хиймэл оюун ухааны ёс зүй, аюулгүй байдлын багаа халж байгаад миний санаа илүү их зовж байна" гэж тэр онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын засгийн газар болзошгүй аюулыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Цагаан ордон тавдугаар сарын 4-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ, “Хиймэл оюун ухаан бол бидний цаг үеийн хамгийн хүчирхэг технологи боловч түүний олгож буй боломжуудыг ашиглахын тулд эхлээд түүний учруулж буй эрсдлийг бууруулах ёстой” гэж мэдэгджээ. АНУ-ын Конгресс OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтманыг оролцуулсан ChatGPT-ийн талаархи Сенатын сонсголын үеэр Алтман, хиймэл оюун ухаан өдөр бүр хүчирхэгжиж байгаа тул өөрийн салбарыг засгийн газраас зохицуулах нь чухал гэж хэлсэн байна.

3. Хиймэл оюун ухаан (IS)

2-р шат (AI)-д хүрэхэд, бараг тэр даруй эцсийн шат болох хиймэл супер оюун ухаан (AS) руу шилжих болно. Хиймэл оюун ухаан хүний ​​оюун ухаанаас давуу болсон үед ийм зүйл тохиолдно. Оксфордын их сургуулийн философич, хиймэл оюун ухааны мэргэжилтэн Ник Бостром, супер оюун ухааныг "шинжлэх ухааны бүтээлч байдал, ерөнхий оюун ухаан, нийгмийн ур чадвар зэрэг бараг бүх салбарт хүний ​​хамгийн сайн оюуны чадавхийг илт давах оюун ухаан гэж тодорхойлсон бөгөөд “Инженер, сувилагч, хуульч болохын тулд, хүмүүс удаан хугацаанд суралцах шаардлагатай болдог. Харин хиймэл оюун, бидний байнга хийж чаддаггүй энэхүү зүйлийг тасралтгүй хийж, байнга сайжирч чаддаг" гэж тайлбарлажээ.

Энэхүү технологийн хөгжил нь, хүн төрөлхтнийг устгахын тулд машинууд цөмийн дайн эхлүүлдэг "Терминатор" киноны үйл явдлыг санагдуулж байна. Принстоны их сургуулийн компьютерийн эрдэмтэн Арвинд Нараянан, “Урд нь шинжлэх ухааны уран зөгнөлт гамшгийн хувилбаруудыг бодитой болох боломжгүй гэж үзсээр ирсэн, мөн одоогийн хиймэл оюун ухаан ч, эдгээр эрсдэлд хүргэх чадваргүй байгаа. Эдгээр нь, хиймэл оюун ухааны богино хугацаанд үзүүлж болох хор хөнөөлөөс сэргийлэх асуудлаас анхаарлыг сарниулж байна." гэсэн байна.

Саяхан "хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг" гэгддэг машин сургалтын анхдагч, Google-ээс саяхан тэтгэвэртээ гарсан 75 настай Жеффри Гинтон, "Одоогийн машинууд миний харж байгаагаар биднээс илүү ухаалаг биш байна. Гэхдээ тэд удахгүй тун ухаалаг болохоор байна. Мөн, “муу хүмүүс" хиймэл оюун ухааныг ашиглан "муу зүйл" хийхээс эмээдэг. Одоо заримдаа бүтээсэн зүйлдээ харамсдаг. Гэвч, хиймэл оюун ухаан нь богино хугацаанд, болзошгүй эрсдэлээс хамаагүй илүү, их ашиг авчирна. Тиймээс бид үүнийг хөгжүүлэхээ зогсоох ёсгүй гэж бодож байна" гэж ярьжээ.

Устах эсвэл үхэшгүй мөнхөд хүрэх

Британийн физикч Стивен Хокинг хиймэл оюун ухааны аюулын талаар хойч үедээ анхааруулсаар ирсэн. Тэрээр нас барахаасаа дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд "Бүрэн хэмжээний хиймэл оюун ухааныг хөгжүүлэх нь хүн төрөлхтний төгсгөл болно" гэж хэлж байжээ. Түүний хэлснээр, ийм түвшний оюун ухаантай машин, бие даан ажиллаж, өөрийгөө дахин зохион бүтээх боломжтой юм.

Нанобот ба үхэшгүй байдал

Хиймэл оюун ухаанд хамгийн их дуртай хүмүүсийн нэг бол Google-ийн хиймэл оюун ухаан судлаач, Цахиурын хөндийн Singularity их сургуулийн үүсгэн байгуулагч, футурист-зохион бүтээгч, зохиолч Рэй Курцвейл юм. Тэрээр, хүн төрөлхтөн биологийн саад бэрхшээлийг даван туулахын тулд супер ухаалаг хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой болно, 2030 он гэхэд хүн төрөлхтөн, бидний биеийн доторх аливаа өвчлөлийг засч, өвчнийг анагааж чадах наноботуудын ачаар үхэшгүй мөнх байдалд хүрч чадна гэж 2015 онд таамаг дэвшүүлж байв.

AI хяналт

Гутиеррес, хиймэл оюун ухааны удирдлагын тогтолцоог бий болгох нь чухал гэдэгтэй санал нэг байгаа бөгөөд энэ талаар, "Зарим байгууллага, манай гариг ​​дээрх хүн бүрийн талаар мөн тэдний зуршлын талаар маш их мэдээлэлтэй болох ирээдүйг төсөөлөөд үз дээ, энэ нь бидэнд анзаарагдахгүй, мэдэгдэхгүй арга замаар биднийг удирдаж чадна гэсэн үг. Хүмүүс болон роботуудын хоорондох болзошгүй дайн бол хамгийн муу хувилбар биш. Харин хамгийн аймшигтай нь, бид өөрсдөөсөө хавьгүй илүү ухаантай зүйлсийн гариг ​​дээр амьдрах болж, удирдуулж байгаагаа ч ухаарахгүй амьдрах амьдрал юм." гэж бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.