Ердөө 50 жилийн өмнө, Америк гэрийн эзэгтэй нар, мөн ажилтай, өндөр боловсролтой эмэгтэйчүүд ч тэр, ихэнх цагаа гэрийн ажилд зарцуулдаг байв. Үүнийг тухайн үеийн олон нийтийн санал асуулга, судалгааны дүн тодорхойлсон байдаг. Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд өндөр хөгжилтэй орнуудын боловсролтой эмэгтэйчүүдийн амьдрал эрс өөрчлөгдсөн гэж ВВС бичжээ.
Орчин үед, АНУ-н эмэгтэйчүүд өдөрт ердөө 45 минут л хоол хийж, цэвэрлэгээ хийдэг. Энэ нь эрэгтэйчүүдээс илүү (өдөрт 15 минут) хэвээр байгаа боловч ерөнхийдөө 1960-аад оны үед эмэгтэйчүүдийн өдөр бүр гэрийн ажилд зарцуулдаг байсан 4 цагтай харьцуулахад эрс ялгаатай байгаа юм.
Эдгээр өөрчлөлтүүд нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн бий болсонтой холбоотой бөгөөд үүнийг 1954 онд хүнсний үйлдвэрт ажилладаг Бетти Кронин хэмээх нян судлаач үүсгэж нэг таваг хоолны бүх орцыг, нэгэн зэрэг ижил цаг хугацаанд бэлтгэхийг санаачилсан юм. Дайны жилүүдэд бүтээгдэхүүнээ фронт руу илгээдэг байсан ба дайны дараа ямар нэгэн зүйл зохион бүтээж ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай болсноор хагас, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх болжээ. Мэдээж хэрэг, бэлэн хагас боловсруулсан хоол хүнс нь хоол бэлтгэх явцад гарсан үндсэн өөрчлөлтүүдийн зөвхөн өчүүхэн хэсэг байсан. Харин эдгээр бэлэн бүтээгдэхүүнд шаардлагатай хөлдөөгч, богино долгионы зуух, хадгалалт уртасгах бодисууд, хүнсний бүтээгдэхүүний шугаман үйлдвэрлэл гарсан зэрэг нь асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Хоол хүнс нь, голдуу гэртээ бэлтгэж гараар гардаж хийдэг бараг сүүлчийн зүйл байсан бөгөөд цаг үеийн өөрчлөлтөөр энэ нь даган өөрчлөгдөж, хоол үйлдвэрлэл эхэлжээ. Гэрийн тогоочийн үүрэг нь бэлэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ресторан, хүнсний үйлдвэрүүдэд хуваарилагдав. Ийнхүү үйлдвэрлэлийн аргаар хийгдсэн хүнсний бүтээгдэхүүн бий болсон нь орчин үеийн эдийн засагт тектоник хөдөлгөөнтэй ижил өөрчлөлт гарахад хүргэсэн гэдэг.
1960-аад онд хоолонд зарцуулсан нийт мөнгөний дөрөвний нэгийг л гэрээсээ гадуур зарцуулдаг байсан Америкийн гэр бүлүүд, одоо гадуур хооллоход илүү их мөнгө зарцуулж эхэлжээ. Мөн түргэн хоолны сүлжээнүүд, энгийн ресторанууд, ихэвчлэн бэлэн сэндвич, хөнгөн зууш борлуулдаг болсон. 2015 он гэхэд, АНУ-ын оршин суугчид мөнгөө хүнсний дэлгүүрээс хүнс авахад биш харин гэрээсээ гадуур хооллоход илүү зарцуулдаг болжээ.
Хүмүүс гэртээ байхдаа ч өөрсдийн цаг заваа хэмнэж, бэлэн биш юм гэхэд хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд болох зуушны хэрчиж жижиглэсэн, бүр хольсон ногоо, үрж бэлдсэн бяслаг, шилтэй бэлэн сүмс, пакеттай цай, бэлэн бөөрөнхий мах, хэрчсэн ангилсан тахиа худалдан авахыг илүүд үздэг болжээ.
Эдийн засагч Валери Румни 1920-1960 оны хоорондох статистик мэдээг судалж үзээд энэ хугацаанд хоол бэлтгэхэд зарцуулсан цаг хугацаа хугацааны хувьд бага зэрэг өөрчлөгдсөн. Харин 1960-аад оноос бүх зүйл өөрчлөгдөж, эмэгтэйчүүд хоол хийхэд хамаагүй бага цаг зарцуулж эхэлсэн гэжээ.
Бэлэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь нэгэн маш тааламжгүй гаж нөлөөтэй байдаг.
1970-аад оноос 2010 оны хооронд, хөгжингүй орнуудад таргалалтаас болж зовж шаналж буй хүмүүсийн тоо, борлуулагдсан хагас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээтэй ижил хэмжээнд өссөн бөгөөд энэ нь тохиолдлын хэрэг биш гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энгийн төмсийг жишээ болгон авч үзье. Америкчууд олон зуун жилийн турш төмс хэрэглэж ирсэн боловч Дэлхийн 2-р дайн хүртэл ихэвчлэн чанасан, нухсан эсвэл жигнэсэн төмс хэрэглэдэг байв. /шарсан төмс бэлтгэхийн тулд эхлээд хальсалж, дараа нь жижиглээд шарах ёстой байдаг ажиллагаанаас түвэгшээсэн хэрэг/ Харин одоо бүх зүйл илүү хялбар болж, үйлдвэрт төмсийг нарийн хэрчиж, шарж, савлана. Түүнийг гэртээ эсвэл түргэн хоолны газарт халааж эсвэл буцалж буй тосонд дүрэх л үлддэг. Мөн үүнийг бүр илүү хялбар болгосон нь төмсийг шарж, давсалж, амталж, шаржигнасан уутанд хийж, дэлгүүрийн тавиур дээр хэдэн сарын турш хадгалах боломжтой болгосон чипс юм. 1977-1995 оны хооронд АНУ-ын төмсний хэрэглээ гурав дахин нэмэгдсэн нь бүхэлдээ шарсан төмс хийхэд зарцуулагдсан байв. Үүний зэрэгцээ АНУ-д хүн амын хэрэглэж буй калорийн хэмжээ энэ хугацаанд 10%-иар өсчээ. Энэ нь тус улсын иргэд илчлэг ихтэй хоол хүнс рүү шилжсэнтэй холбоотой биш, харин үндсэн хооллолтын хооронд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хоол хүнсэнд донтсонтой холбоотой гэсэн судалгаа гарсан байна.
Сэтгэл зүйчид, бид хоолны цэс, идэх зүйлээ хэр удаан, нарийн төлөвлөнө төдийчинээ бидний хоол хүнс илүү олон төрлийн, эрүүл байх болно. Бэлэн зүйлс нь "муу" илчлэгийг хурдан бөгөөд хяналтгүй хэрэглэхэд хүргэдэг гэсэн бөгөөд хүнсний үйлдвэржилт нь, эмэгтэйчүүдийг зуухны дэргэд олон цагаар зогсохоос чөлөөлж, илүү чухал мэргэжил эзэмших, ажиллах, өсч дэвших боломжийг олгосон ч "муу" калори биед нь саадгүй орж бэлхүүсийг нь ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэхэд мөн тусалсан гэжээ.
Ийнхүү бусад олон шинэ ололт бүтээлүүдийн өмнө тулгардаг бэрхшээлүүдийн адил, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өмнө, уг хүнс нь хоол хийх ажиллагаа, цаг хугацаа хэмнэх боломжуудыг олгох сайн талтай ч, хүмүүс хагас, бэлэн боловсруулсан хоол хүнсийг дагнасан хэрэглээний үр дүнд эрүүл мэнд хэмээх үнэлшгүй зүйлээ золиослохгүйгээр хэрэглэх асуудал тулгарч байгаа юм.
Эх сурвалж: forumdaily.com