Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) шинэ тайландаа, сүүлийн жилүүдэд 45-64 насныхан, тархины цусны урсгал хаагдах эсвэл тархинд гэнэт цус алдах үед үүсдэг тархины цус харвалтын улмаас нас барах асуудал улам өсч байна гэж мэдээлсэн талаар Аол бичжээ.
2002 оноос 2012 оны хооронд хэсэг хугацаанд буурсан, дунд насныхны цус харвалтын нас баралтын түвшин 2012-2019 оны хооронд долоон хувиар, 2021 он гэхэд дахин 12 хувиар өссөн байна. 2022 он гэхэд цус харвалтын нас баралтын түвшин эрэгтэйчүүдийнх бага зэрэг (2% -иар) буурч, эмэгтэйчүүдийн хувьд "өөрчлөлт гараагүй" байна.
Цус харвалтын эрсдэлт хүчин зүйлүүд:
Шалтгаан №1 Цусны даралт ихтэй байх
Дунд насны хүмүүсийн дунд чихрийн шижин, таргалалт, гиперлипидеми (холестерин өндөр гэгддэг) зэрэг хавсарсан өвчлөл ихээхэн нэмэгдсэн бөгөөд эдгээр нь, архи уух, эрүүл бус хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний хомсдол зэрэг муу зуршлуудтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Баруун Хойд Анагаах Ухааны Цус харвалтын төвийн эмнэлгийн захирал, судасны мэдрэлийн эмч, доктор Фан Каприо, "Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд нь эцэстээ атеросклерозын өвчинд хүргэж, өндөр настай өвчтөнүүдийн дундах цус харвалтын нийтлэг шалтгаан болдог. Гэтэл, залуу хүмүүсийн дунд цус харвах эрсдэл нэмэгдэж байна.Муу зуршлуудтай холбоотой эрсдэлт хүчин зүйлсийн өсөлт нь, хүнд хэлбэрийн цус харвалтын тоо нэмэгдэхэд хүргэдэг, энэ нь эргээд нас баралт, өвчлөл нэмэгдэхэд хүргэж байна" гэж тайлбарлажээ.
Жонс Хопкинсийн эрүүл мэндийн төвийн Тархины эмнэлгийн захирал, доктор Мона Бахоут, “Тархины цус харвалтын тоо нэмэгдэхэд нөлөөлдөг хамгийн чухал эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг бол цусны даралт ихсэлт юм. Цусны даралт ихсэх өвчтэй дунд насныхны талаас илүү хувь нь, "хяналтгүй артерийн даралт ихсэлттэй" буюу цусны даралт бууруулах эмчилгээ хийлгэдэггүй хүмүүс байдаг. Цусны даралт ихсэх нь "чимээгүй" учраас маш аюултай. Та хэтэрхий оройтох хүртлээ цусны даралт ихэсдэгээ мэдэхгүй байх магадлалтай" гэж ярьсан байна.
Шалтгаан №2: Эмчид ховор үзүүлдэг
Эмч Воган, "Энэ насны олонхи хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байх талтай байдаг нь оношлогдохгүй, хяналтгүй байсаар оройтоход хүргэдэг" гэсэн тайлбар өгчээ.
Мөн энэ төрлийн өвчлөл, нас баралт өсөхөд COVID-19 нөлөөлсөн байх магадлалтай: тархинд цус харвах нас баралтын түвшин тахлын эхний жилүүдэд 12% -иар огцом өсч байв. Цус харвалтаас үүдэлтэй нас баралт, тахлын эхэн үед нэмэгдсэн нь ажиглагдаж байсан, гэвч судалгаагаар COVID-оос өмнө энэ үзүүлэлт өсч байсан нь харагджээ.
Шалтгаан №3: Тархины цус харвалтын шинж тэмдгийг мэдэхгүй байх
Тархины цус харвалтыг "хөгшин хүмүүсийн өвчин" гэж андуурдгаас, дунд насны хүмүүс цус харвах шинж тэмдэг илэрхэд үл тоомсорлон, эмнэлгийн тусламжийг хэтэрхий оройттол хойшлуулсан байдаг гэж үзжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бүх насны хүмүүс цус харвалтын шинж тэмдгийг мэддэг байх нь маш чухал юм. Үүнд:
-Гэнэт бие суларч сульдах, толгой эргэх;
-Гэнэт мэдээ алдах, ялангуяа биеийн нэг тал;
- Ярихад бэрхшээлтэй болох, яриа ойлгогдохоо болих;
-Хүчтэй толгой өвдөх.
Хэрэв та эдгээр шинж тэмдгүүдийг анзаарсан бол эмчид яаралтай хандаарай. Цаг алдаагүй эмчилгээ нь, таны амийг аврахаас гадна, цус харвалтаас үүдэлтэй тархи гэмтэхээс урьдчилан сэргийлэх болно.