November
29
2022
Anu.mn
Мэдээ
Хавайд дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрч, ойр орчимын суурин газрууд өртөж бол ...
Хавайд дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрч, ойр орчимын суурин газрууд өртөж болзошгүй байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хавайд дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрч, ойр орчимын суурин газрууд өртөж болзошгүй байна
Photo: IStock

38 жил чимээгүй байсны эцэст арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчимд дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул Мауна Лоа, Мокуавеовеод дэлбэрч эхэлсэн тухай HawaiiNews мэдээлэв.

АНУ-ын Геологийн судалгааны албаны вэбкамерууд, дэлбэрэлтийн үр дүнд урсаж байсан лаав кальдерын ёроолоор урссаар оргилон цацагдаж буй урт ан цавыг тодорхой харуулсан бөгөөд мэргэжилтнүүд, галт уулын дэлбэрэлт  оргил хэсэгт, кальдер буюу урд өмнөх дэлбэрэлтээс үүссэн нугачаанд гарсан гэж үзэж байна.

Хавайн Онцгой байдлын агентлаг, Хавайн галт уулын ажиглалтын төв баруун өмнөд хэсгийн Мауна Лоа кальдера руу лаав урсаж байгаа тухай хэд хэдэн мэдээг хүлээн авсан ч хүн ам суурьшсан газруудад заналхийлсэн гэсэн мэдээлэл одоогоор алга байна гэж мэдэгдэв.

Хавай дүүрэг, нүүлгэн шилжүүлэлт хийх талаар зарлаагүй байгаа ч, Өмнөд Конагийн эргээс оршин суугчид өөрсдөө явж байна гэсэн мэдээллийн дараа Кау дахь Пахалагийн Роберт Херкес гимназ болон Кайлуа-Кона дахь Old Airport Gymnasium-ын  биеийн тамирын зааланд хоргодох байр нээжээ. Арваннэгдүгээр сарын 28-ны өглөөний 5:30 цагийн байдлаар Мауна Лоа галт уулын дэлбэрэлтийн болзошгүй нөлөөллийн талаар тус хэлтэс үргэлжлүүлэн хянаж байгаа тул Хавайн арлын бүх HIDOE кампусууд нээлттэй хэвээр байх болно гэсэн байна.

“Дэлбэрэлтийн улмаас харанхуйлсан байгаа учираас нисдэг тэрэгнүүд нисэх ямар ч боломжгүй байна. Гэхдээ бидэнд Калдерын өмнөд хэсэг хальж урссаныг илтгэх зарим гэрэл зургуудыг Конагаас өгсөн. Хэд хэдэн лаавын урсгал кальдераас нилээд хэдэн километрийн зайд урсаж байна. Ийм байдал  ерөнхийдөө урд өмнөх дэлбэрэлтүүдэд ч тохиолдож, хэд хэдэн удаагийн дэлбэрэлтийн үед лаав нь кальдераас хальсан боловч  суурин газруудад ойртож ирээгүй" гэж Хавайн галт уулын ажиглалтын төвийн ахлах эрдэмтэн Кен Хон ярьсан бөгөөд Мауна Лоа лаавын урсгалд өртөх эрсдэлтэй оршин суугчдыг, бэлэн байдалд байж, нэмэлт заавар авахын тулд Хавайн дүүргийн Иргэний хамгаалалтын албатай холбоо барихыг зөвлөсөн байна.

Эрдэмтэд, салхи  галт уулын дэлбэрэлтээс ялгарч буй хий, нарийн үнс, Пелегийн үсийг салхины дагуу зөөвөрлөх боломжтой гэж мэдэгджээ (Пелегийн үс гэдэг нь, галт уулын хайлсан материалуудын жижиг хэсгүүд агаарт цацагдаж, салхинд уртасч татагдан үүсдэг шилэрхэгутас юм. Диаметр нь 0.5 миллиметрээс бага, 2 метр хүртэл урттай байдаг Пелегийн үс нь галт уул судлаачдын ашигладаг шинжлэх ухааны нэр томъёо бөгөөд Хавайн галт уулын дарь эх Пелегийн домгоос гаралтай нэршил юм).

Албаныхан амьсгалын замын өвчлөлд мэдрэмтгий хүмүүсийг салхиар ирэх үнснээс сэргийлэхийн тулд нэмэлт арга хэмжээ авах, мөн галт уулын үнс, хаягдал нь мотор, электрон төхөөрөмжүүдийг эвдрэлд хүргэх боломжтойг сануулж байна.

Түүнчилэн, "Урд өмнөх дэлбэрэлтүүдийн явцаас харахад, Мауна Лоа галт уулын дэлбэрэлтийн эхний үе шатууд нь маш эрч хүчтэй байж болох ба лаавын урсгалын байршил, чиглэл, хурд хурдацтай өөрчлөгдөж болно" гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн бөгөөд "Хэрэв Мокуавеовегийн дэлбэрэлт үргэлжилсээр байвал, лаавын урсгал кальдерын хананд хязгаарлагдах магадлалтай. Гэхдээ эруптив буюу цуурал нь хананы гадна тал руу шилжвэл лаавын урсгал уулын налуу руу эрчимтэй урсах магадлалтай" гэж ажиглалтын тайландаа дурджээ.

4000 метрийн өндөртэй галт уулын газар хөдлөлтийн идэвхжил, сүүлийн хэдэн долоо хоногт эрчимтэй нэмэгдсэн нь олон хүнийг дэлбэрч магадгүй гэж үзэхэд хүргэж байна.

Мауна Лоа хамгийн сүүлд 1984 онд дэлбэрч байжээ. Энэхүү дэлбэрэлт нь мөн Мокуавеовео оргилын кальдераас эхэлсэн боловч галт уулын баруун өмнөд хэсгийн хагарлын бүс рүү галт уулын цуурал хурдтай шилжиж байжээ. Уулын зүүн хойд хагарлын бүсэд ан цав үүсч, лаавын урсгал Хило бүс рүү шилжсэн ч дэлбэрэлт эхэлснээс хойш 20 орчим хоногийн дараа дэлбэрэлт дуусах үед аль ч урсгал нь Хило хотын захад хүрээгүй өнгөрчээ.

USGS нь, онцгой байдлын албатай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд дэлбэрэлт болон болзошгүй аюулын талаар нэмэлт мэдээлэл авахын тулд аль болох хурдан агаарын зураг авах болно гэж мэдэгдсэн ч, 11-р сарын 28-ны өглөө  оргилын бүсэд үзэгдэх орчин муу байгааг анхааруулж, эдгээр судалгаанд цаг агаарын нөхцөл байдал саад болж байна гэсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.