АНУ-ын Шуудангийн хяналтын алба (USPIS), хоёрдугаар сарын 10-нд MoneyGram-ын луйврын хэргийн хохирогчдод 115 сая гаруй доллар төлснөө зарлав. Бүх хохирогчидод хохирлыг нь бүрэн төлсөн талаар АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Ерөнхий прокурорын туслах Кеннет Полит Жуниор, "40,000 орчим хохирогчдод 115,8 сая доллар төлж хохирлыг нь барагдуулсан энэхүү үйлдэл нь Хууль зүйн яам, залилангийн хохирогчдыг аврах амлалтын биелэлт юм. Энэ бол хохирогчидын хувьд шударга ёсыг хангахын тулд тус хэлтэс өөрийн мэдэлд байгаа бүх хэрэгслийг ашигладгийн жишээ юм." гэж мэдэгджээ.
MoneyGram анх, 2012 онд Хууль зүйн яамтай хойшлуулсан прокурорын гэрээ (DPA) байгуулсан. Тус компанийг мөнгө угаахтай тэмцэх хөтөлбөрийг санаатайгаар биелүүлээгүй, ихэвчлэн өндөр настан болон бусад эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн залилангийн схемд тусалсан гэж буруутгаж байв. 2018 оны 11-р сард MoneyGram нь, DPA-ийн хугацааг сунгахаар тохиролцож, нэмэлт дагаж мөрдөх үүргээ хэрэгжүүлснээр залилангийн гүйлгээний 125 сая долларыг хураан авчээ. USPIS нь, эдгээр хураагдсан хөрөнгийг залилангийн хохирогчдод нөхөн олговор олгоход ашигладаг байна.
Ихэвчлэн өндөр настан болон бусад эмзэг бүлгийн хүмүүст чиглэсэн луйврыг, хохирогчидод их хэмжээний мөнгөн шагнал амлах, төрөл бүрийн өндөр үнэтэй барааг маш хямд үнээр авах санал тавих, эсвэл "нууц худалдан авагч"-аар ажилд оруулна гэж худал итгүүлэх, мөн хамаатан садных нь нэрийг барин мөнгө илгээлгэх маягаар хийсэн байдаг. Тухайн тохиолдол бүрт, гэмт этгээдүүд хохирогчдоос амласан бүтээгдэхүүн үйлчилгээгээ авахын тулд, MoneyGram мөнгөн гуйвуулгын системээр дамжуулан урьдчилгаа мөнгө илгээлгэдэг байжээ.
"Энэ 115 сая долларын төлбөр нь залилан мэхлэгдсэн олон хохирогчдод санхүүгийн шударга ёсны арга хэмжээ болж байна. АНУ-ын Шуудангийн хяналтын алба энэхүү үлгэр жишээ хамтын ажиллагааны нэг хэсэг болсондоо бахархаж байна." гэж Филадельфиа хотын USPIS-ийн ахлах байцаагч Кристофер Нилсен хэлсэн байна.