Үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн харааны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй гурван өвчтөний хараа мэдэгдэхүйц сайжирсан байна. Энэ үр дүнд хүрэх хугацаа нэг жил гаруй үргэлжилсэн. Харин хүнд хэлбэрийн харааны бэрхшээлтэй дөрөв дэх хүний хараа сайжирсан боловч энэ нь тийм ч удаан үргэлжилээгүй байна. Эдгээр дөрвөн хүн, эвэрлэгийн гэмтлийг нь эмчлэхийн тулд дахин програмчлагдсан үүдэл эсийг шилжүүлэн суулгасан анхны хүмүүс болсон гэж Nature мэдээлэв.
АНУ-ын Үндэсний нүдний хүрээлэнгийн үүдэл эс шилжүүлэн суулгалтын судлаач Капил Бхарти, The Lancet эмнэлгийн энэхүү эмчилгээний үр дүн нь гайхалтай гэсэн бол, Калифорниа мужийн Ла Жолла дахь Скриппс судалгааны хамтрагч Жен Лоринг, " Энэ аргыг илүү олон өвчтөнд туршиж үзэх ёстой" гэж бичжээ.
Дахин програмчлагдсан эсүүд
Нүдний эвэрлэгийн гаднах давхарга нь, limbal annulus (солонгон бүрхүүлийг тойрсон хар цагираг)-т байрладаг үүдэл эсийн нөөцөөр тэжээгддэг бөгөөд энэхүү залуужуулах чухал эх үүсвэр шавхагдаж дуусах үед, limbal annulus-ын үүдэл эсийн дутагдал буюу LSCD гэгддэг эмгэг үүсч, эвэрлэг бүрхэвч нь сорвилог эдээр бүрхэгдэж, улмаар харалган байдалд хүрдэг. Энэ нь нүдний гэмтэл, аутоиммун болон генетикийн өвчний үр дагавартай холбоотой байдаг байна.
LSCD-ийн эмчилгээ нь тодорхойгүй үр дүнтэй инвазив процедур бөгөөд эрүүл хүний нүдний үүдэл эсээс гаргаж авсан эвэрлэгийн эсийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа юм. Хоёр нүд нь бүрэн гэмтсэн өвчтөнд нас барсан донорын эвэрлэгийг шилжүүлэн суулгах боломжтой байдаг ч, зарим тохиолдолд шилжүүлэн суулгасан эдийг хүлээн авагчийн дархлааны систем эсэргүүцэх хүндрэл гардаг байна.
Японы Осакагийн их сургуулийн нүдний эмч Кожи Нишида болон түүний хамтрагчид, эвэрлэг шилжүүлэн суулгахад эсийн өөр эх үүсвэр буюу өдөөгдсөн плюрипотент үүдэл эсийг (iPS) ашигласан. Тэд эрүүл донороос цусны эсийг авч, эхлээд үр хөврөлийн төлөв байдалд дахин програмчилж, дараа нь эвэрлэгийн хучуур эдийн нимгэн тунгалаг давхарга болгон хувиргажээ.
2019 оны 6-р сараас 2020 оны 11-р сарын хооронд энэ баг, 39-72 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй, дөрвөн өвчтөний зөвхөн нэг нүднийх нь эвэрлэгийг бүрхсэн сорвины давхаргыг хусаж, дараа нь донороос авсан хучуур эдийг оёж, дээр нь зөөлөн хамгаалалтын линз тавих хагалгаа хийжээ.
Харааны тест
Шилжүүлэн суулгаснаас хойш хоёр жилийн дараа эдгээр хүмүүсийн хэнд нь ч ноцтой гаж нөлөө илрээгүй. Суулгацууд нь, iPS эсийн өсөлтийн эрсдэлтэй хавдар үүсгээгүй бөгөөд дархлаа дарангуйлах эм хэрэглээгүй хүмүүст ч, дархлааны тогтолцооны өөрчлөлтийн шинж тэмдэг илрээгүй. Гэхдээ уг мэс заслын аюулгүйг нотлохынтулд илүү олон шилжүүлэн суулгалт хийх шаардлагатай гэж судлаач Бхарти ярьжээ.
Шилжүүлэн суулгах хагалгаа хийгдсэний дараа дөрвөн өвчтөний бүгдийнх нь хараа сайжирч, LSCD-ийн нөлөөлөлд өртсөн эвэрлэгийн талбайн хэмжээ багассан байна. Хяналтын эхний жилд бага зэрэг регресстэй байсан нэг өвчтөнөөс бусад бүх хүмүүсийн харааны сайжралт хадгалагдан үлдсэн. Гэхдээ, хараа сайжрахад яг юу нөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шилжүүлэн суулгасан эсүүд өөрөө өвчтөний эвэрлэг бүрхэвчинд үржсэн байх магадлалтай. Мөн, шилжүүлэн суулгахаас өмнө сорвины эдийг хусч арилгасантай, эсвэл шилжүүлэн суулгалт хийгдсэнээр өвчтөний өөрийнх нь эсүүд нүдний бусад хэсгээс шилжиж, эвэрлэг бүрхэвчийг залуужуулсантай холбоотой байж магадгүй гэсэн байна.
Нишидагийн баг 3-р сард эмчилгээний үр дүнг үнэлэх клиник туршилтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн “Одоо дэлхий даяар нүдний өвчнийг эмчлэх хэд хэдэн iPS эсэд суурилсан туршилтууд явагдаж байна. Эдгээр амжилтын түүхүүд нь бид зөв чиглэлд явж байгааг харуулж байна" гэж судлаач Бхарти дүгнэлтээ бичжээ.