Аутизмтай хүү, шинэ хоолноос айж, зөвхөн бургер, цөцгийтэй амталж шарсан төмс, пончик идэж, хайрцагтай шүүс уудаг байснаас болж үүрд хараагүй болжээ. Эдгээр хоол нь амин дэмээр маш муу учраас сохрох шалтгаан болсон гэж Daily Mail бичжээ.
Энэ оны эхээр хүүхдийн хараа муудаж, өглөө, оройд харахаа больж, зөвхөн өдрийн цагаар хардаг болсон. Үүнээс хойш сар хагасын дараа тэрээр, эцэг эхийнхээ тусламжгүйгээр явж чадахаа больж, хаалга, хана мөргөх болж, огт харахаа больжээ.
Эмч нар, шим тэжээлгүй хоолны дэглэмээс нь болж харааны мэдрэлийг дэмжих амин чухал бодисууд нь бүрэн дутагдалд орсон гэсэн онош тавьсан бөгөөд нэмэлт тэжээл, эмчилгээний тусгай хоолны дэглэмээр эмчилж байгаа ч, мэргэжилтнүүд хүүгийн харааг сайжрахгүй байх магадлалтай гэж үзэж байна.
Бостоны хүүхдийн эмнэлгийн эмч нар, аутизмтай хүүхдүүдийн тал орчим хувь нь, хоол идэхээс зайлсхийх эмгэг (ARFID) болон янз бүрийн түвшний хооллолтын эмгэгтэй байдаг гэж мэдэгджээ. Мөн ойролцоогоор 200 америкчуудын нэг нь хоолны амт, өнгө, үнэр, бүтэц зэргээс үүдэлтэй ийм төрлийн эмгэгтэй байдаг гэсэн байна.
Энэ хүү хоёр сараар дутуу төрж, хүндрэлтэй төрөлт явагдсан бөгөөд түүнд аутизм, ADHD (анхаарал дутмагшил хэт идэвхжилийн эмгэг)-ээс өөр хавсарсан өвчин байгаагүй. Мөн, яриа, танин мэдэхүйн чадвар, ур чадварын хөгжлийн хоцрогдолтой гэж оношлогджээ. Эмнэлэгт үзүүлэхээс хоёр хоногийн өмнө эцэг эх нь, түүний нүдний эргэн тойронд хавдаж, царцдас үүссэн, хүү нь зурагт үзэхээсээ илүү хана руу харж байдаг. Таалагдаагүй хүнс, шинэ хоол хүнс, витамин хэрэглэхээс айдаг байсан гэж мэдэгджээ.
Хүүгийн хоолны дэглэм хязгаарлагдмал байсны улмаас А, С, Д витамин, түүнчлэн зэс, цайрын маш их дутагдалд орсны улмаас хараа муудсан гэж эмч нар үзэж байна.
Ялангуяа А аминдэмийн дутагдал, АНУ-д хүүхдийн харалган байдлын хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм.
Витамин Д нь нүдийг хуурайшихаас сэргийлж, бохирдлыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ нулимс үүсгэдэг. Зэс, цайр нь нүдний торлог бүрхэвчийн эс, бүтцийг хамгаалж, витамин С нь нүдийг хэт ягаан туяанаас хамгаалахад тусалдаг байна.
А аминдэмийн дутагдал нь 100 америк хүн тутмын нэгд нь л тохиолддог бол мэргэжилтнүүдийн тооцоолсноор 11-ээс доош насны хүүхдүүдийн бараг 70% нь Д аминдэмийн дутагдалтай байдаг.
АНУ-д таван хүүхэд тутмын нэг нь хангалттай хэмжээний витамин С авдаггүй ч, өндөр хөгжилтэй орнуудад scurvy хэмээх ноцтой дутагдал маш ховор тохиолддог байна. Гэхдээ сүүлийн үеийн мэдээллээс харахад, 2016 онд 100,000 хүүхдэд 8 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 онд 100,000 хүүхэд тутамд 27 болж 3 дахин өсчээ. Скурви нь шүд унах, үс хэврэгших, арьс хуурайших, жин нэмэх, цус багадалт үүсэхэд хүргэдэг. Хүүгийн биед шим тэжээл дутагдсаны улмаас хөлийн хумс нь хэврэг болж хөндлөн ховил гарч ирсэн байна.
Массачусетсийн хүүг эмнэлэгт А, С, Д, К витамин, мөн кальци, тиамин, зэс, цайрын нэмэлт тэжээлээр эмчилсэн . Түүний шим тэжээлийн түвшин хэвийн болж, гамбургер дээрээ шанцайны ургамал, бяслаг идэж эхэлсэн. Мөн шүүсэнд нь тунгалаг витамин нэмж өгөхөд хэдэн долоо хоногийн дараа татгалзаж эхэлжээ.
Эмч нар, хүүгийн харааны мэдрэлийн хатингаршил маш ноцтой, ийм хожуу үеийн гэмтэл нь ихэвчлэн эргэлт буцалтгүй байдаг. Асуудлыг эрт илрүүлсэн бол харааг нь сайжруулах боломж харьцангуй их байх байсан гэжээ.