Тархинд суулгах нейрочип бүтээж буй Элон Маскийн Neuralink компани, анхны өвчтөн дээр нь гарсан амжилтуудыг саяхан танилцуулжээ. Тус компани одоо, Хүнс, эмийн удирдах газраас (FDA) хоёр дахь өвчтөнд микрочип суулгах зөвшөөрлөө авсан гэж TeslaRati мэдээлэв.
Элон Маскийн тархины суулгац хийдэг энэхүү компани, хоёр дахь өвчтөнөө бэлтгэх, шинжилгээ хийж эхлэх зөвшөөрөл авчээ. Мөн, Neuralink энэ төхөөрөмжөө зургаадугаар сард нэг хүнд, оны эцэс гэхэд 10 хүнд суулгахаар төлөвлөж байна.
Neuralink-ийн зорилго нь хүний тархийг компьютертэй холбож, нарийн төвөгтэй мэдрэлийн өвчнийг удирдахад туслах явдал юм. Тус компанийн зоосны хэмжээтэй төхөөрөмжийг гавлын ясанд суулгаснаар, уг төхөөрөмж микроскоп утасны тусламжтай мэдрэлийн эсийн үйл ажиллагааг уншиж, компьютер руу утасгүй дохиог дамжуулдаг байна. Бид хөдлөх, мэдрэх, бодохыг хүсэх бүрт, тархинд өчүүхэн цахилгаан импульс үүсч, нэг мэдрэлийн эсээс нөгөөд маш хурдан дамждаг. Эрдэмтэд, эдгээр дохионы заримыг толгойд өмсдөг инвазив бус малгайгаар эсвэл тархинд суулгасан утсаар дамжуулан хүлээн авах төхөөрөмжийг хэдийн зохион бүтээсэн ажээ. Энэхүү технологийг тархи-компьютерийн интерфейс (BCI) гэж нэрлэдэг бөгөөд одоогоор энэ чиглэлээр судалгаа, боловсруулалт хийхэд олон сая доллар зарцуулагдаж байна.
Заримдаа хувь тавилан хүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг. Аризонагийн Юма хотын Ноланд Арбо, 2016 онд 22 настай оюутан байхдаа найзуудтайгаа нууранд сэлж байхдаа усан дор толгойгоо хүчтэй цохиж гэмтсэнээр, нуруу нугас нь гэмтэж, хүзүүнээс доош тэр чигтээ саажсан байна. Залуу сайхан насны зугаа дүүрэн амьдралынх нь оронд, тэргэнцрээ удирдан явж сурах, тусгай саваа амандаа зуун компьютер ашиглаж сурах зэргээр, шинэ бодит байдалтайгаа эвлэрэх хүнд хэцүү амьдрал нь эхэлжээ. Гэвч 2023 оны 9-р сард хувь заяа нь дахин огцом эргэлт хийв. Эрдэмтэд саажилттай хүмүүст туслах зорилготой шинжлэх ухааны хувьсгалын хэмжээний тархи-компьютерийн интерфейсийг турших сайн дурын өвчтөн хайж байгаа талаар цэргийн найз нь хэлснээр, 30 настай Арбо, 2024 оны 1-р сард Neuralink-ийн туршилтын тархины чип суулгуулсан анхны хүн болсон юм. Ийнхүү 2024 оны 1-р сард тэрээр электродын жижиг утаснуудыг тархины эдэд шууд оруулах өвөрмөц хагалгаанд орсон байна.
Уг суулгац нь, хүн ямар нэг хөдөлгөөнийг сэтгэхүйдээ төсөөлөхөд мэдрэлийн эсүүдээс дохио авдаг. Хиймэл оюун ухааны хүчирхэг алгоритмууд нь импульсийг таньж, компьютерт зориулсан команд болгон хөрвүүлдэг. Тиймээс Арбо зөвхөн оюун ухааныхаа хүчээр курсорыг удирдаж, программ хооронд шилжиж, тоглоом тоглох боломжтой болсон бөгөөд туршилтын эхний долоо хоногуудын үр дүн болох Арбогийн амжилтууд туршилтанд оролцогч бүх хүмүүсийг гайхшруулж байв.Тэрээр,“Би гайхалтай эрч хүчийг мэдэрсэн. Багийнхан надад, энэ туршилт бол нэр төрийн хэрэг, чи эрин үеийн хөгжлийг урагшлуулах зүйл хийж байна гэж хэлдэг байсан” гэж ярьсан байна.
Тэрээр өөр, өөр сайтууд болон хэрэглээний программуудын хооронд хялбархан шилжиж, аудио ном уншиж, Sid Meier’s Civilization гэх мэт нарийн төвөгтэй стратегиудыг өөрийн хүсэл зоригийн хүчээр эзэмшсэн. Арбогийн ээж Миа Нили, "Тэр ямар ч байрлалд компьютер дээр ажиллаж чаддаг учраас тэр байнга өвдөлтгүй, аз жаргалтай байгааг харахад үнэхээр сайхан байна" гэж сэтгэл хөдлөлөөр хуваалцжээ.
Гэвч сарын дараа техникийн асуудлууд гарч эхэлсэн. Залуугийн тархин дахь электродын утаснууд байрлалаа сольж шилжих болсноор, дохионы тод байдал дордож, суулгацаас өгөх хариу үйлдлийг удаашруулж эхлэв. Энэ үед Арбо, төхөөрөмжөө чөлөөтэй удирдах боломжгүй болно гэсэндээ маш их сэтгэлээр унаж байжээ.
Харин аз болоход, Neuralink-ийн инженерүүд энэ асуудлуудаа хурдан шийдэж чадсан. Тэд тархины импульсийг таних, байраа сольсон электродуудын өгөгдлийг боловсруулах алгоритмуудыг нарийн тохируулсан байна. Одоо Арбо, имплантын удирдлагаа гайхалтай гүйцэтгэж байгаа бөгөөд "Энэ төхөөрөмжийг суулгуулах дараагийн хүн ч мөн адил энэхүү мэдрэмжийг мэдрэх болно гэдэгт би итгэлтэй байна. Нэгэнт дассан бол зогсохын аргагүй гайхалтай юм" гэж Арбау баяртайгаар ярьжээ. Тэрээр өдөр бүр 10-12 цагийн турш гайхамшигт технологийг ашиглаж, боломжит бүхнийг аажмаар туршиж үздэг.
Арбо одоогоор бараг бүтэн үг бичиж сурсан. Уг суулгац нь тархины импульсийг таньж, дэлгэцэн дээр текст болгон хувиргадаг. Үүний тусламжтай Арбо, өөрийн хамгийн нандин хүсэл болох шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол бичих мөрөөдлөө биелүүлэхэд аажмаар ойртож байна . Арбо чипэндээ Ева гэдэг нэр өгснөө, “Тэр Ева шиг, надад шинэ боломжуудыг нээж өгсөн учираас, Библийн Адамд туслуулахаар Бурханы өгсөн анхны эмэгтэй Евагийн нэрээр нэрлэсэн" гэж тайлбарладаг.
Одоогоор Арбо Neuralink-тай 1 жилийн гэрээ байгуулаад байна. Энэ хугацаанд тэрээр чипний ажиллагааны талаарх мэдээллийг лабораторид мэдээлж, технологийг сайжруулахад туслах болно. Мөн тэр, энэхүү төхөөрөмжийн байнгын "эзэн" болохыг огтхон ч эсэргүүцэхгүй гээд, "Би илүү сайн хувилбар гарах үед нь шинэчлэхийг хүсч байна. Тэд намайг эхний жагсаалтад оруулна гэж найдаж байна" гэж итгэл дүүрэн ярьсан байна.
Арбо, туршилтад орсноор ингэж анхааралд өртнө гэдгээ мэдээгүй гэдэг. Гэхдээ анхдагчийн үүрэг гүйцэтгэж, бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урьд өмнө хэзээ ч байгаагүй эрх чөлөөг олж авахад нь туслах боломжтой болсноороо бахархдаг байна.