Бусад улс орнуудын ард иргэд болон цагаачдын дунд, америк эцэг эхчүүд хүүхдээ насанд хүрмэгц биеийг нь даалгаж, санхүүгийн хувьд тусалдаггүй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэхдээ энэ нь үнэн биш, ялангуяа амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа энэ үе залуу америкчуудад санхүүгийн дарамт учруулж, олон хүнийг эцэг эхээсээ тусламж гуйхад хүргэсээр байгаа юм. Эцэг эхчүүд насанд хүрсэн хүүхдүүддээ хүнд хэцүү үед нь туслахад бэлэн байгаа нь зүйн хэрэг. Гэвч үүнээс болж, санхүүгийн ирээдүйгээ эрсдэлд оруулж байна гэж Bankrate бичжээ.
18 ба түүнээс дээш насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн таван хүн тутмын гурав нь (61%) нь, насанд хүрсэн хүүхдүүддээ туслахын тулд хувиасаа мөнгө, хандив өгч байна. “X” үеийн эцэг эхчүүдийн 69% нь (44-59 насны), тэтгэврийн хуримтлал эсвэл хүнд хэцүү үед зарцуулах хадгаламжаасаа хүүхдүүддээ тусалдаг гэжээ. Гэтэл “baby boomer” үеийнхэн буюу 60-78 насны хүмүүсийн эцэг эхчүүдийн дөнгөж 56% нь тусалдаг байсан байна. Америк эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ өдөр тутмын зардлыг төлөх, томоохон худалдан авалтад нь туслах, эсвэл гэртээ амьдруулах, байр, түрээсийн мөнгө төлүүлэхгүй байх зэргээр тусалдаг. Орон сууцны үнэ өндөр өссөн энэ үед, эцэг эхээсээ байнгын санхүүгийн тусламж авсан ба авдаг 23 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдийн 49% нь, орон сууцны асуудлаа эцэг эхийнхээ тусламжаар шийдэж байна. Хүүхдэдээ туслах энэхүү асуудал нь, эцэг эхчүүдэд зөвхөн сэтгэл санааны хувьд төдийгүй санхүүгийн хувьд ч хэцүү байдаг.
Bankrate-ийн санхүүгийн ахлах шинжээч Грег Макбрайд, "Америкийн насанд хүрэгчид, эцэг эхээсээ санхүүгийн тусламж авдаг эсвэл авсан хамгийн түгээмэл зүйл бол орон сууцны зардал болон өдөр тутмын зардал юм. Байнгын инфляци болон орон сууц худалдан авах боломж, чадварт хүрэх асуудал нь, энэ байдал өөрчлөгдөх магадлалыг багасгаж байна" гэж тайлбарлав.
Банкны ханшийн судалгааны үр дүн:
Эцэг эхчүүд насанд хүрсэн хүүхдүүдээ дэмжсээр байна. 23 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдийн 27% нь эцэг эхээсээ байнгын санхүүгийн тусламж авдаг эсвэл авсан гэж хариулжээ. Тэд ихэвчлэн орон сууцны тусламж авдаг бөгөөд эцэг эх, асран хамгаалагчаасаа санхүүгийн тусламж авсан 23 ба түүнээс дээш насны насанд хүрэгчдийн 49% нь, орон сууцанд зарцуулжээ. Залуучуудын 37%-д нь эцэг эх нь түрээсийн мөнгөөр тусалдаг, түрээсийн мөнгөний тодорхой хэсгийг төлдөг, эсвэл огт төлөхгүй хамт амьдрах боломжоор хангасан нь харагдав. Насанд хүрсэн хүүхдүүдийн 17% нь анхны байраа худалдаж авахдаа эцэг эхээсээ тусламж авчээ.
Өнөөгийн залуу үеийнхэн, эцэг эхийнхээ үеийнхнээс илүү гэр бүлийнхээ дэмжлэг авдаг болсон
23 нас хүртлээ олон залуу насанд хүрэгчид коллеж төгсөж, ажил хийж эхэлдэг ч, одоогийн байдлаар 23 ба түүнээс дээш насны дөрвөн насанд хүрсэн хүн тутмын нэг нь буюу 27% нь эцэг эхээсээ байнгын санхүүгийн тусламж авч байна. Түүнчилэн, өнөөгийн залуу америкчууд, ахмад үеийнхнийхээ санхүүгийн дэмжлэгт илүү найдах болсон нь харагдав. Z үеийнхний 42% (23-27 насны), Millennials-ынхны (28-43 насны) 42% нь байнгын санхүүгийн дэмжлэг авдаг гэсэн бол, X үеийн төлөөлөгчдийн 22%, “беби бумер”-нхны 10% нь тусламж авдаг гэсэн байна.
Нэмж дурдахад, 23 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд , эмэгтэйчүүдээ бодвол эцэг эхээсээ байнгын санхүүгийн тусламж авах эсвэл хүлээн авах магадлал нь өндөр байдаг (30% ба 25% тус тус) нь харагджээ. Судалгаанд хамрагдсан залуучуудын 48% нь эцэг эхээсээ өдөр тутмын зардлаа (хүнсний бараа, нийтийн үйлчилгээний төлбөр) авдаг, мөн 33%-нь тодорхой зорилгогүй санхүүгийн тусламж авдаг, 21%-нь өр зээлээ дарахдаа туслуулдаг гэсэн байна.