Бие даасан судалгааны байгууллага болох Хамтын нөхөрлөлийн сангийн 9-р сарын 19-нд нийтэлсэн тайланд, өндөр орлоготой арван хэдэн орны дунд АНУ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд хамгийн сүүлийн байрыг эзэлдэг. АНУ-д хүмүүс залуу насандаа нас бардаг бөгөөд тус улс урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тоогоор тэргүүлж байна. Мөн, өндөр орлоготой эхний аравт багтдаг бусад орны иргэдээс хамаагүй илүү мөнгө эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг гэсэн дүгнэлт гарсан талаар NBC News мэдээлжээ.
АНУ нь нас баралтаас урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн хувьд (ихэвчлэн өндөр өртөгтэй холбоотой), хүйс, орлого, газарзүйн байршлаас үл хамаарсан хүн бүрт чанартай тусламж үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хөгжингүй 10 орны хамгийн сүүлийн байр эзэлжээ.
АНУ-д бүртгэгдсэн олон нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн бөгөөд тус улс дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг нь чансаанд орсон бусад орноос хамаагүй өндөр байгаа нь харагдсан байна.
2024 оны арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал асуулгын үр дүн, эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд тавигдаж буйг харуулсан бөгөөд Дэд ерөнхийлөгч Камала Харрис, "Obamacare" гэгддэг "Хямд үнэтэй тусламж үйлчилгээний тухай" хууль дээр тулгуурлах санал дэвшүүлсэн, харин 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар бараг яриагүйгээс гадна, түүний хамтрагч Ж.Д.Вэнс энэ салбарын зохицуулалтыг арилгахыг санал болгожээ.
АНУ одоо эрүүл мэндийн салбарт хамгийн их мөнгө зарцуулж байгаа ч, хөрөнгө оруулалтаасаа хамгийн бага ашиг авч байна. Хүмүүс өндөр үнэ төлж байгаа ч, чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа юм.
Хамтын нөхөрлөлийн сангийн ерөнхийлөгч асан доктор Дэвид Блументал, "Хүмүүст хамгийн их хэрэгцээтэй зүйл, эмч, эмнэлгийн ор дутагдаж байна. Энэ бол, анхан шатны тусламж үзүүлэх эмч олдохгүй, нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх асуудлыг удаашруулж байгаагийн томоохон шалтгаан юм" гэжээ.
Тайлангийн дүгнэлтийг, анхан шатны тусламж үйлчилгээний эмч нар болон өндөр орлоготой орнуудын оршин суугчдын дунд сүүлийн гурван жилийн хугацаанд явуулсан хэдэн арван мянган судалгааны үр дүн дээр үндэслэсэн бөгөөд судлаачид АНУ-ыг Австрали, Канад, Франц, Герман, Нидерланд, Шинэ Зеланд, Швед, Швейцарь, Их Британи зэрэг есөн оронтой харьцуулж, улс бүрийг тусламж үйлчилгээний хүртээмж, тусламж үйлчилгээний явц, захиргааны үр ашиг, эрх тэгш байдал, эрүүл мэндийн үр дүн гэсэн таван ангиллаар үнэлжээ.
Өнгөрсөн онд АНУ-ын дундаж наслалт 77.5 жил байсан нь, тахал өвчний улмаас дундаж наслалт 76.4 болж буурсан 2021 онтой харьцуулахад, ердөө нэг жилээр илүү байна гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв.
Америкийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүс, тэр дундаа үндэстний цөөнх, бага орлоготой хүмүүс даатгалд хамрагдаагүй эсвэл хагас даатгалтай байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний өртөг өндөр тул олон хүн эмчилгээгээ хойшлуулдаг эсвэл эмчлүүлэхээс зайлсхийдэг. АНУ-ын эрүүл мэндийн салбар, дэлхийн хамгийн дэвшилтэт эмчилгээг хийдэг ч, зөвхөн боломжтой хүмүүс л хүртдэг. Хэт олон хүний хувьд өндөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй байна" гэж, Жоржтауны их сургуулийн Үндэсний болон олон улсын эрүүл мэндийн хуулийн О'Нил хүрээлэнгийн захирал Гостин дүгнэв.
Массачусетс мужийн Кембрижийн эрүүл мэндийн холбооны эмч Адам Гаффни, АНУ бусад орноос бүх нийтийн эрүүл мэндийн хамруулалт гэсэн нэг чухал чиглэлээр ялгаатай гэдгийг онцлон тэмдэглээд, "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо нь өөрчлөлт авчрах боломжтой бөгөөд энэ нь, хүн бүр хамрагдаж, хэрэгцээтэй үедээ эмчид үзүүлэхэд бус, харин хүмүүс өөрсдийн гэсэн эмч нартай байснаар, нийтлэг өвчлөлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж авах боломжтой болоход оршино” гэсэн байна.
9-р сарын 19-ний тайланд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг бууруулах, даатгалын хүртээмжийг өргөжүүлэх зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг жагсаасан байна.
Хамтын нөхөрлөлийн сангийн Олон улсын эрүүл мэндийн бодлого, инновацийн хөтөлбөрийн дэд ерөнхийлөгч Региналд Виллиамс II, "АНУ-ын дутагдалтай талууд тодорхой байгаа бөгөөд мөн өөрчлөлт хийх боломжууд ч харагдаж байна" гэж бичжээ.