Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний сард 37,660 хүнийг албадан гаргасан гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдэв. Энэ нь Байдены засаг захиргаа сүүлийн бүтэн жил сар бүр 57,000 цагаачийг албадан гаргаж байсантай харьцуулахад хамаагүй доогуур байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Дотоодын аюулгүй байдлын яамны (DHS) хэвлэлийн төлөөлөгч Трисиа Маклафлин, Байдены засаг захиргааны үед албадан гаргасан түвшин, хууль бус цагаачлалын түвшин нь өндөр байсан учираас “өндөр" харагдаж байнагэж тайлбарлажээ.
Сонгуулийн өмнө Трамп, АНУ-ын түүхэн дэх хамгийн том, хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаа явуулнагэж амлаж байсан билээ. Үүнтэй холбоотой, АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын (ICE) даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Калеб Вителлог, түүний хүлээлтийг хангаагүй учраас, хоёрдугаар сарын 21-нд албан тушаалаас нь огцруулсан гэж Трампын засаг захиргааны албан тушаалтан болон уг асуудлыг сайн мэддэг өөр хоёр хүн мэдэгджээ.
Гватемал, Сальвадор, Панам, Коста-Рика зэрэг улс орнуудтай бусад улсаас албадан гаргагдсан хүмүүсийг хүлээн авах гэрээ байгуулсны үр дүнд ойрын хэдэн сард албадан гаргах ажил эрчимжиж магадгүй гэж тэд үзэж байна.
АНУ-ын арми Гватемал, Гондурас, Панам, Эквадор, Перу, Энэтхэг рүү албадан гаргах арав гаруй нислэг зохион байгуулахад тусалсан. Цагаан ордон хэдийн Венесуэлийн цагаачдыг Гуантанамо дахь АНУ-ын тэнгисийн цэргийн бааз руу илгээгээд байна. Мөн 1-р сарын сүүлээр Трамп, хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцлийг үл харгалзан 30,000 хууль бус цагаачийг тэнд саатуулахаар бэлтгэж байна гэж мэдэгдсэн.
Пентагон асар их төсөвтэй, нөөцөө дайчлах чадвартай тул албаван гаргах хүмүүсийн тоо цэргийн дэмжлэгтэйгээр нэмэгдэх боломжтой гэж Вашингтонд төвтэй Латин Америкийн асуудал эрхэлсэн судалгааны албаны аюулгүй байдлын шинжээч Адам Исааксон ярьжээ.
Үүний зэрэгцээ Цагаан ордны засаг захиргаа, албадан гаргахаар төлөвлөж буй гэмт хэрэгт холбогдоогүй цагаачдыг баривчлах ажлыг хялбарчилах, албадан гаргах эцсийн тушаал бүхий олон хүнийг баривчлах арга хэмжээ, алхмуудад бэлдэж байна. ICE-ийн мөрдөн байцаах хэлтэс, Хууль зүйн яам, Дотоод орлогын алба (IRS) болон Төрийн департаментыг, баривчлах, мөрдөн шалгах ажиллагаанд туслуулах зорилгоор ажиллуулна гэж мэдэгдсэн.
Цагаачлалын төвшинг бууруулахыг дэмжигч Цагаачлалын судалгааны төвийн бодлогын захирал Жессика Воган, мөрдөн байцаагчид, хууль бус цагаачдыг ажиллуулж байгаа ажил олгогчид болон албадан гаргах эцсийн тушаалаа авсан хүмүүстэй тэмцэхэд туслах болно гэж мэдэгдэв.
Трампын засаг захиргааажиллаж эхэлсэн эхний гурван долоо хоногт, ICE 14,000 орчим хүнийг баривчилсан гэж Хилийн зохицуулагч Том Хоман өнгөрсөн долоо хоногт мэдэгдэв. Энэ нь өдөрт 667 хүнийг баривчилсан гэсэн үг бөгөөд өнгөрсөн оны дунджаас хоёр дахин их байна. Гэхдээ энэ хурдаар бол, албадан гаргах хүний тоо сая биш дөрөвний нэг буюу 250,000-д хүрнэ. Трампын засаг захиргааны эхний сард, ICE нь эрүүгийн хэрэг үүсгэсэн эсвэл ялтай хүмүүсийг баривчилсан тоо, өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн гэж DHS-ээс мэдээлсэн байна. Баривчилгаа нэмэгдэж байгаа ч, ICE-н цагдан хорих төвүүдийн зай хязгаарлагдмал, хүчин чадал хүрэлцэхгүй хэвээр байгаа бөгөөд 41,100 орчим хоригдолтой, 41,500 хүртэл хоригдол байрлуулах санхүүжилттэй юм.
2-р сарын дундуур гаргасан ICE мэдээллээс үзэхэд эдгээр баривчлагдсан хүмүүсийн 19,000 орчмыг тус агентлаг шууд баривчилсан бол 22,000 орчим хүнийг АНУ-ын хилийн албаныхан баривчилсан байна. ICE-д баривчлагдсан 19,000 хүний 2,800 орчим нь гэмт хэргийн түүхгүй байсан гэж ICE мэдээлжээ. Нэгдүгээр сарын дундуур буюу Трампыг албан тушаалдаа орохоос өмнө, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 858 хууль бус цагаачийг баривчилсан байна.
Хоёрдугаар сарын 21-нд Бүгд найрамдах нам тэргүүтэй АНУ-ын Сенат, дөрвөн жилийн хугацаанд хилийн аюулгүй байдлыг хангах, албадан гаргах, эрчим хүчний зохицуулалтыг бууруулах, цэргийн нэмэлт зардалд зориулж 340 тэрбум доллар хуваарилах тухай хуулийн төслийг баталсан. Гэхдээ Трамп санхүүжилтийг, татварын хөнгөлөлттэй хослуулахыг шаардаж байгаа тул санхүүжилтийн төлөвлөгөөг хэрхэн урагшлуулах талаар намуудын санал хуваагдсан хэвээр байна.