April
19
2025
Anu.mn
Мэдээ
Мэдээ бидний ертөнцийг үзэх үзлийг гажуудуулж, эрүүл мэндийг маань сүйтгэдэг үү?
Мэдээ бидний ертөнцийг үзэх үзлийг гажуудуулж, эрүүл мэндийг маань сүйтгэдэг үү?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Мэдээ бидний ертөнцийг үзэх үзлийг гажуудуулж, эрүүл мэндийг маань сүйтгэдэг үү?
Photo: Shutterstock

Та хэр их мэдээ, мэдээлэл үзэж, уншина төдий чинээ таны ертөнцийг үзэх үзэл гаждаг гэвэл танд, аймшигтай бас итгэмээргүй сонсогдож байна уу? Энэ талаар BBC, судалгаанууд дээр үндэслэн дэлгэрэнгүй нийтэлжээ.

Бостонд болсон аймшигт эмгэнэлт явдлаас өмнө Алисон Холман, америкчуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаар нэлээд хугацааны турш тогтмол судалгаа хийж байжээ. 2013 оны 4-р сарын 15-нд олон зуун гүйгч жил бүр болдог Бостоны марафоны барианы шугамыг давж байхад гар хийцийн хоёр бөмбөг 10 секундын зайтай дэлбэрч, 3 хүн, түүний дотор 8 настай хүү нас барж, олон зуун хүн шархдан. 16 хүн гар хөлөө алдсан аймшигт үйл явдал болж, дэлхий нийтээр эмгэнэн гашуудаж байв. Энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юу болсныг хэт дэлгэрэнгүй, нэг хоёр өдөр, бүр нэг сар ч биш, хэдэн жил үргэлжилэн мэдээлж, дэлбэрэлтийн агшин, утаа, тэнд байсан хүмүүсийн айдас сандрал, аймшигт байдлын бичлэгийг телевизээр олон удаа үзүүлж, сонин хэвлэлүүд цусанд будагдсан явган хүний ​​зам, урагдсан хувцастай хохирогчдын аймшигт гэрэл зургуудыг нийтэлж байжээ.

Сэтгэл зүйч Холман болон Ирвин хотын Калифорнийн их сургуулийн баг хамтран, хэдэн долоо хоногийн дараа Бостоны эмгэнэлт явдалтай холбогдуулан судалгаанд оролцогчдын сэтгэл санаа хэрхэн өөрчлөгдсөнийг 5000 орчим америкчуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг цуглуулан судалгаа явуулжээ.

Террорист халдлага болсон газар байсан эсвэл түүнээс болж зовж шаналж байгаа хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд сайнгүй байсан нь зүйн хэрэг. Гэтэл, эмгэнэлт явдлын газарт биечлэн байгаагүй ч, дэлбэрэлтийн дараагийн долоо хоногт, өдөрт зургаа ба түүнээс дээш цаг уг үйл явдлын сурвалжлагыг үзсэн хүмүүсийн сэтгэц улам ихээр муудаж байгаа нь харагдсан бөгөөд энэ хүмүүс нь, дэлбэрэлт болсон газар амиа алдсан, шархадсан эсвэл байсан хэн нэгнийг мэддэг хүмүүстэй шууд холбоогүй байсан байна.

Хоман, "Энэ бол бидний хувьд нэг төрлийн нээлт байсан. Хүмүүс мэдээний нөлөөллийг дутуу үнэлдэг гэж бид бодож эхэлсэн. Мэдээ бол юу болсоныг болон сэтгүүлчдийн олж мэдсэн баримтуудыг мэдээлдэг зүйл ч, бидний далд ухамсарт нэвтэрч, бидний амьдралд хамгийн хачирхалтай байдлаар нөлөөлдөг” гэж бичжээ.

Тэд бидний цагаачдад хандах хандлагыг өөрчилж, бидний мөрөөдөлд халдаж, тодорхой өвчний бодит эрсдэлийг олж харахад саад болж, өөр улсад болж буй үйл явдлын талаарх бидний үзэл бодлыг бий болгож чадна. Тэд бүр улсын эдийн засагт ч нөлөөлөх чадвартай.

Мэдээний хэрэглээний сэтгэл хөдлөлийн нөлөө нь бидний эрүүл мэндэд нөлөөлж, зүрхний шигдээс болон цаашлаад өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо улам бүр нэмэгдсээр байна. Хамгийн гол нь, хэдхэн цагийн мэдээ л гэхэд, хүмүүст хангалттай нөлөөлдөг. Хятадаас нууцлаг шинэ коронавирусын тухай анхны мэдээ ирж эхэлмэгц мэдээллийн телевизийн нэвтрүүлгүүдийн рейтинг, үзэгчдийн тоо өсч, эцэстээ дээд амжилт тогтоосон. Энэ нь ойлгомжтой: олон сая хүмүүс засгийн газрын мэдээлэл, халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоо, хорио цээрийн дэглэмийн шинэ дүрмийн талаар байнга шинэчлэгдэж байгаа мэдээллийг анхааралтай үзэж байдаг.

Гэвч одоо, телевизийн мэдээ бидний хувьд цорын ганц, гол мэдээллийн эх сурвалж байхаа больж, өөр олон төрлийн подкаст, стриминг үйлчилгээ, нийгмийн сүлжээ зэрэг эх сурвалжууд хүмүүсийг мэдээллээр дарж байна. Дээрээс нь найзууд тань, өөртөө таалагдсан, тэднийг цочирдуулсан материалын холбоосуудыг илгээх зэргээр өдөржингөө мэдээ, мэдээллийн шөлөнд буцалж байгаад, оройдоо тайвширч, унтаж чадахгүй байгаа нь гайхах зүйл биш юм.

2018 оны мэдээллээс харахад, цар тахлаас өмнө дундаж Америк хүн, өдөрт ойролцоогоор 11 цагийг зурагт, компьютер эсвэл ухаалаг гар утасны дэлгэц ширтэн өнгөрөөдөг байжээ. Мөн бидний олонхи нь унтахдаа гар утас, таблетаа ухаж хэвтдэг. Тиймээс бид, ийм амьдралын хэв маягаар дэлхий дээр болж буй үйл явдлын талаархи мэдээллээс зайлсхийх боломжгүй юм.

Бид ингэж програмчлагдсан байдаг

Мэдээлэл бидэнд хүчтэй нөлөөлж байгаа нэг шалтгаан бол, бид эргэн тойронд болж буй муу зүйлсэд илүү их анхаарал хандуулдаг чанартай. Үүнийг сэтгэл судлаачид сөрөг хандлага гэж эртнээс нэрлэж ирсэн бөгөөд нэ хандлага уул нь биднийг аюулаас хамгаалахын тулд хөгжсөн гэж үздэг. Энэ нь, хүний ​​эерэг чанараас илүү бүтэлгүйтэл нь яагаад анзаарагддаг, яагаад алдагдал бидэнд олзноос илүү нөлөөлдөг, айдас нь шинэ боломжоос илүү биднийг хөдөлгөдөг болохыг тайлбарладаг. Засгийн газрууд тодорхой бодлого боловсруулахдаа, жингэмэг өгөх эсвэл саваа хэрэглэх хоёрын алийг нь хэрэглэхээ шийдэхдээ үүнийг удирдамж болгон ашигладаг. Харамсалтай нь иймэрхүү сөрөг аргачлал, нийгэмд илүү үр дүнтэй ажилладаг байна. Хүн төрөлхтөн сөрөг зүйлд дуртай байдгийг тухайн мэдээ нь уншихад сонирхолтой байдаг гэдгээр тайлбарлагдаж магадгүй юм.

2014 онд Оросын “Городской репортер” сайт туршилт хийхээр шийдэж, муу муухай зүйлсийг мэдээлэхээ орхиж бүтэн өдрийн турш зөвхөн сайн мэдээнүүд нийтэлсэн байна. Гэтэл тэр өдөр уншигчдын тоо огцом, бараг гуравны хоёроор буурсан бөгөөд сайн мэдээг хэн ч сонирхохгүй байгаа нь харагджээ. Алдарт шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Артур Кларк нэгэнтээ, “Утопи сонинууд байсан бол үнэхээр уйтгартай байх байсан” гэж хэлж байжээ.

Сөрөг байдлын энэ нэмэлт тун, бидний үзэл бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?

Эрдэмтэд, улс орны эдийн засгийн хэтийн төлөвийн талаар нийт хүн ам бага хүлээлттэй байдгийг эртнээс мэддэг байсан ч, бодит байдал дээр ийм урьдчилсан мэдлэг нь бодит байдалтай ямар ч холбоогүй байдаг байна. Харин бизнесийн мөчлөгүүд (хямралаас өсөлт хүртэл эдийн засгийн үйл ажиллагааны тогтмол хэлбэлзэл) нь, олон арван жилийн судалгаа, туршлагаар батлагдсан орчин үеийн эдийн засгийн тулгын чулуунуудын нэг юм.Тиймээс ирээдүйд бүх зүйл үргэлж дордох болно гэсэн үзэл санаа нь буруу, хортой байж болзошгүй байдаг бөгөөд иргэд таван жилийн дараа ажилгүй, мөнгөгүй болно гэж итгэвэл эдийн засагт хөрөнгө оруулахгүй болно.

Мэдээллээс улбаатай, хэт туйлшралд автсан бидний хамтын гутранги үзэл нь, өөрөө биелдэг зөгнөл болж магадгүй байдаг бөгөөд ийм мэдээнүүд буруутай болохыг нотлох баримтууд байдаг.

Тухайлбал, 2003 онд хийсэн судалгаагаар эдийн засгийн мэдээ нь сайн гэхээсээ илүү муу байх нь олонтаа байдаг, ийм мэдээ цацах нь хүмүүсийн хүлээлтийн чухал үзүүлэлт болдог болохыг тогтоожээ. Нидерландад хийсэн өөр нэг судалгаагаар, эдийн засгийн мэдээ нь эдийн засгийн бодит нөхцөл байдалтай уялдаагүй, илүү гунигтай дүр зургийг харуулдаг болохыг баталж байв. Ийм байнгын сөрөг хандлага нь нийгэмд улс орны эдийн засгийн талаархи буруу дүр зургийг бий болгоход хүргэдэг. Саяханы нэг судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг мэдээнүүд нь, эдийн засгийн өсөлт эсвэл уналтыг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.

Мэдээ нь бидний бодит байдлын талаарх ойлголтыг санамсаргүйгээр гажуудуулж байдгийн нэг жишээ дурдъя. Олон улсын аялал жуулчлалыг авч үзье. Хүмүүс улс төрийн тогтворгүй байдал, дайн тулаан, терроризмын хохирогч болох эрсдэл өндөртэй улс орнууд руу явахыг хүсдэггүй. 2014 оны нэгэн судалгаагаар, хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр илүү их мэдээлдэг тархины хавдарыг, илүү түгээмэл байдаг гэж үздэг. Тиймээс, бага бичигддэг эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтнүүдийн хорт хавдар бас бага тохиолддог нь харагджээ.

Хамгийн хачирхалтай нь, хамгийн их мэдээ үзэж, уншдаг хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл нь хамгийн их гажуудсан байдаг. Энэ нь тодорхой өвчин тусах, мөн эрүүл мэндээ эрсдэлд оруулахад хүргэдэг байна.

Эцэст нь, мэдээ бидний ухамсар, сэтгэхүйд нэвтэрч болохыг нотлох баримт улам бүр нэмэгдсээр байна. Есдүгээр сарын 11-нд АНУ-д болсон халдлагын дараа хүмүүс аймшигтай зүүд зүүдэлцгээж эхэлсэн нь, тухайн хүн телевизийн мэдээг хэр удаан, олон удаа үздэг байсантай холбоотой болох нь тодорхой болсон юм.

Судалгааг удирдсан Нью Жерсигийн Монклэйр мужийн их сургуулийн сэтгэл зүйч Рут Проппер, "Радио сонсох эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ болсон явдлын талаар ярилцахад ийм зүйл болдоггүй. Харин хүмүүсийн үхэж буйг харуулсан телевизийн бичлэгүүд сэтгэлзүйд нь гэмтэл учруулдаг болох нь батлагдсан." гэжээ.

Мэдээ бол бодит амьдралаас илүү бараан юм

Ковид-19-ийн талаар хэдэн сар бөмбөгдүүлсний дараа удахгүй болж болзошгүй коронавирусын түгшүүрийн хямралын шинж тэмдгүүд хүмүүс дээр гарч ирж байв.

Дэлхий даяарх сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагууд, урьд өмнө байгаагүй их эрэлт хэрэгцээтэй болж байгаа бөгөөд мөн олон хүмүүс мэдээний үерээс өөрийгөө хамгаалахын тулд сошиал медиагаас түр завсарладаг болоод байна.

Олон төрлийн хямралын үр дагаврыг судлахад, хүн илүү ихээр мэдээ хүлээн авах тусам, төдийчинээ стресс, түгшүүр, гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж тэмдэг хүнд илэрдэг болох нь нотлогджээ.

2012 оны судалгаагаар, сөрөг мэдээнд өртсөн эмэгтэйчүүд, (хачирхалтай нь эрэгтэйчүүд биш) бусдын амьдралын нөхцөл байдлыг харахдаа илүү их стресст орж, стрессийн гормоны кортизолын түвшин нь огцом нэмэгддэг болохыг тогтоосон бөгөөд үүнийг, Монреал дахь Квебекийн их сургуулийн сэтгэл зүйч, судалгааны зохиогч Мари-Франс Марин, "Эрчүүдийн кортизолын түвшин ихэвчилэн нэлээд өндөр байдаг тул үүнээс дээш өсч чаддаггүй байж магадгүй. Мөн эмэгтэйчүүд сөрөг бүх зүйлийг илүү сайн санах ойтой байдаг тул энэ нь тэдэнд илүү их нөлөөлдөг байх " гэж тайлбарлажээ.

Муу төрлийн мэдээнүүд нь, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг нийтлэг үйлчилэлтэй, энэ нь хүний ​​эрүүл мэндэд урт хугацааны ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэсэн түгшүүртэй шинж тэмдгүүдэд ордог байна. 9-р сарын 11-ний халдлагын сэтгэл зүйд үзүүлэх нөлөөг судалсан судлаачид, тэр өдрүүдэд зүрх нь хурдан цохилж байна гэж эмнэлэгт хандсан хүмүүс, дараагийн гурван жилд зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал нь 53%-иар илүү байгааг олж тогтоожээ.

Сүүлийн үеийн судалгаагаар судлаачид, 2001 оны 9-р сарын 11-нд болсон үйл явдлын талаар өдөрт дөрөв ба түүнээс дээш цаг мэдээлж байсан нь, дараа дараагийн жилүүдэд хүмүүсийг эрүүл мэндийн асуудалд хүргэх магадлалтай байсан гэж үзсэн бөгөөд "Энэ судалгааны хамгийн гайхалтай зүйл бол ихэнх хүмүүс халдлагын талаарх мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан явдал юм.Энэ нь тэдний эрүүл мэндэд удаан хугацааны туршид нөлөөлсөн. Үүнд өөр ямар нэг зүйл нөлөөлсөн гэж бид сэжиглэж байгаа ч, энэ нь юу болохыг бид хараахан олж чадаагүй байна " гэж Холман онцолжээ.

Гэхдээ яагаад биднээс хэдэн мянган километрийн зайд байгаа, бидний мэдэхгүй хүмүүст тохиолдсон үйл явдлууд яагаад ийм хүчтэй нөлөөлдөг вэ?

Холманы хэд хэдэн онолын нэг нь, тод өнгийн телевизийн мэдээний зургууд болон зурагтын арын дэвсгэр дээр, мэдээлэх бүх хугацаанд ижил дүрс бичлэгийг дахин дахин үзүүлдэг асуудал юм. “Энэхүү дүрсний тойрог таны тархинд орж, давтагдсаар байдаг. Энэхүү давталтууд нь хүнд ийм нөлөө үзүүлдэг гэж сэжиглэж байна. Мөн мэдээллүүд нь зөвхөн үйл явдлуудыг ар араас нь мэдээлдэггүй, харин бидний үнэт цагийг авахын тулд, өөр хоорондоо өрсөлдөх үедээ хэвлэл мэдээллийнхэн ашигладаг зугаа цэнгэлийн нэг хэлбэр юм " гэж Холман бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.