Хэрэв та АНУ-ын иргэн эсвэл АНУ-д аялахаар төлөвлөж байгаа бол, хил гааль дээрх эрхээ мэддэг байх нь зүйтэй. Офицерууд таныг нисэх онгоцны буудал эсвэл бусад хилийн хяналтын цэг дээр саатуулах эрхтэй юу? Тэд таны гар утсыг шалгах боломжтой юу? Хэрэв та татгалзвал яах вэ? гэх мэт асуултуудын хариултыг авахаар CNN агентлаг, Америкийн цагаачлалын хуульчдын нийгэмлэгийн Даниел Риззо, Лесли Холман, Америкийн Иргэний эрх чөлөөний холбооны (ACLU) өмгөөлөгч Натан Фрид Весслер гэсэн цагаачлал, хувийн нууцын гурван шинжээчтэй ярилцсанаа нийтэлжээ.
Намайг хил дээр зогсоож, нэгжлэг хийж болох уу?
-Тиймээ. Та АНУ-ын иргэн байх эсвэл ногоон карт эсвэл визтэй байх эсэх нь хамаагүй. Гааль, хил хамгаалах ажилтнууд таныг зогсоох, эсвэл хоёр дахь шатны үзлэгт оруулах эрхтэй. Энэ нь таныг тус улсад нэвтрүүлэх эсэхийг шийдэхийн тулд, таны тухай эсвэл таны цагаачлалын байдлын талаар илүү их мэдээлэл авах шаардлагатай үед тохиолддог. Мөн санамсаргүй шалгалт байж болно. Визтэй байсан ч АНУ-д нэвтрэх эсэх талаар эцсийн шийдвэрийг гаалийн ажилтнууд гаргадаг.
Хил дээр хүмүүс бусад газартай адил эрхтэй юу?
Үгүй. Шалтгаангүйгээр иргэдийг нэгжих, саатуулахаас хамгаалдаг Дөрөв дэх нэмэлт өөрчлөлт нь хил дээр хүчингүй. Хил дээр хүмүүсийг Америк ч бай, гадаадын ч бай шалгахад магадлал, үндэслэлтэй сэжиг байх шаардлагагүй.
Би өмгөөлөгчтэй ярьж болох уу?
Нөхцөл байдлаас шалтгаална. Хэрэв та АНУ-ын иргэн бол аливаа байцаалтын үеэр өмгөөлөгчөө байлцуулахыг хүсч болно. Хэрэв та байнгын оршин суугч эсвэл визтэй гадаадын иргэн бол, эрүүгийн хэрэгт буруутгагдсан эсвэл цагаачлалын статустай тань холбоогүй зүйлээр байцаагдах тохиолдлоос бусад тохиолдолд ерөнхийдөө өмгөөлөгч авах эрхгүй.
Хил, гаалийнхан ногоон картыг хурааж, оруулахгүй байх эрхтэй юу?
Үгүй. Хилийн офицерууд таныг байнгын оршин суугчийн статусаас татгалзсан маягт дээр гарын үсэг зурахыг албадах боломжгүй. Ихэнх тохиолдолд (хэрэв та ноцтой гэмт хэрэг үйлдэж, албадан гаргахаас бусад тохиолдолд) АНУ-д хууль ёсны байнгын оршин суугчид, цагаачлалын асуудлаа шүүхээр шийдүүлэх эрхтэй.Тиймээс таныг тус улсад нэвтрүүлэх ёстой.
Тэд миний эд зүйлсийг шалгах эрхтэй юу?
Тиймээ. Тус улсад нэвтэрч буй хүн бүрийг ачаа тээштэй нь шалгаж болно.
Хэрэв хориотой эсвэл хязгаарласан зүйл авч яваа бол яах ёстой вэ?
Та юу авч явж байгаагаа мэдүүлэх хүсэлт гаргана. Хортон шавьж, өвчин агуулсан байх магадлалтай жимс зэрэг импортлохыг хориглосон бараа байвал хураан авч устгадаг.
Зөөврийн компьютер, утас болон бусад электрон төхөөрөмжийг шалгах эрхтэй юу?
Тийм ээ, та ногоон карт эзэмшигч эсвэл АНУ-ын иргэн байсан ч шалгана. Тухайлбал, Америкийн иргэн, НАСА-гийн инженер Сидд Бикканнавар Чилид амарч байгаад буцаж ирэхэд Хьюстоны нисэх онгоцны буудалд гаалийн ажилтнууд саатуулжээ. Тэрээр Трампын "орохыг хориглосон" гэж тодорхойлсон 7 улсын аль нэгнийх нь уугуул хүн биш юм. Гэвч гаалийн ажилтнууд, түүний утасны дугаар, нэвтрэх эрхийг шалгасан байна. Гаалийн ажилтнууд шалгах олон шалтгаан бий гэж үздэг. Жишээлбэл, баримт бичиг дутуу эсвэл таны нэр эрэн сурвалжлагдах хүмүүсийн жагсаалтад гарч ирвэл, мөн санамсаргүй хайлт таарсан байж болно.
Надаас миний сошиал медиа хаяг эсвэл имэйл рүү хандахыг шаардаж болох уу?
Тийм ээ, та Америкийн иргэн байсан ч адил. Гэсэн хэдий ч, ийм мэдээлэл авах хүсэлт нь хууль ёсны эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Весслер, "Засгийн газар хил дээр өргөн эрх мэдэлтэй байхыг хүсч байгаа учраас хуулийн нөхцөлийг зохицуулдаггүй." гэсэн байна. Америкийн засгийн газар тус улсад ирж буй гадаадын зарим жуулчдаас сошиал хуудсууд руу нь нэвтрэхийг хүсч эхлээд байна. Ингэж шалгахыг хүсэх нь хэдийгээр сайн дурынх боловч, одоо бусад орноос ирж буй (Жишээ нь Их Британи, Франц, Испани) зочдод орохдоо бөглөх шаардлагатай маягт дээр энэ хүсэлтийг бөглөх хүснэгт гаргасан байна.
Миний утасны мэдээлэл, өгөгдлүүдийг яадаг вэ?
Эндээс л бэрхшээлүүд эхэлдэг. Гаалийн ажилтнууд таны утас, бичиг баримтыг зөөврийн компьютер дээрээ үзэх эрхтэй. Түүнчлэн засгийн газар өгөгдлийг хуулах эрхтэй. Гэсэн хэдий ч шүүхүүд энэ асуудалтай тэмцсээр байгаа бөгөөд Холбооны давж заалдах шатны шүүх 2013 онд, гаалийн ажилтнууд таны төхөөрөмжид "шалгалт" хийхийг хүсвэл, таныг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэх ёстой гэсэн шийдвэр гаргасан.
Хэрэв би нууц үг эсвэл ПИН кодоо өгөхөөс татгалзвал яах вэ?
Хэрэв та өөр улсын иргэн бол, таныг хамтран ажиллахгүй байгаад сэжиглэж хатуу шийтгэл хүлээлгэнэ. Хэрэв та хүссэн мэдээллийг нь өгөхгүй гэж шийдсэн бол нэвтрүүлэхээс татгалзах боломжтой.
Хэрэв та ногоон карт эзэмшигч бол, танд илүү их эрх бий, гэхдээ АНУ-ын иргэдтэй адил олон эрх байхгүй. Хилийн хяналтын ажилтнууд таныг байнгын оршин суугчийн статусаа цуцалсан маягтанд гарын үсэг зурахыг албадах боломжгүй. Ихэнх тохиолдолд АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугчид, цагаачлалын албаны шүүгчийн өмнө сонсгол хийх эрхтэй. Таны асуудлыг шүүхээр шийдүүлэхийн тулд таныг тус улсад нэвтрүүлэх ёстой.
Хэрэв та АНУ-ын иргэн бол тус улсад буцаж орохыг хориглохгүй ч, таны нэвтрэх үйл явц удааширах магадлалтай.Цонхгүй эвгүй өрөөнд хэдэн цаг саатуулж шалгах эрсдэлтэй. Таны утас эсвэл зөөврийн компьютерийг хураах боломжтой. Өмгөөлөгчийн хэлснээр, түүний практикт төхөөрөмжүүдийг хэдэн сараар шалгаж, саатуулсан тохиолдол гарч байжээ.
Миний утас, зөөврийн компьютерийг авах эрхтэй юу?
Тэд таны өгөгдлийг хуулбарлах зэрэг нэмэлт шалгалт хийх боломжтой.
Гадаадад аялахдаа төхөөрөмжүүдээ хэрхэн хамгаалах вэ?
"Хэрэв та мэдээллүдээ ухуулахыг хүсэхгүй байгаа бол бүү авч яв. Юу авч явахаа сайтар бодож үзэх хэрэгтэй" Та өөрийгөө хамгаалахын тулд үндсэн утас эсвэл зөөврийн компьютерээ гэртээ үлдээж, нөөц утастай аялах боломжтой. Хоёрдахь сонголт бол өгөгдлийг аюулгүй сервер рүү шилжүүлж, утсан дээрээс устгаж, гаалийн бүрдүүлэлт хийсний дараа буцааж суулгах. Гэхдээ энэ нь хилийнхэнд нэмэлт хардлага төрүүлж магадгүй юм.