9.8 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай АНУ нь, дэлхийн дөрөв дэх том улс юм. Харин тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэ чансааны эхний байранд АНУ-ыг оруулахыг зорьж байгаа бололтой. Түүний нутаг дэвсгэрийн амбиц нь Канад, Гренланд, Панамын суваг юм.
Панамын сувгийг "буцаах"
Арванхоёрдугаар сарын 22-нд Дональд Трамп, түүний засаг захиргаа, АНУ тухайн үед Төв Америкийн холбоотон Панамд “мунхаглан” өгсөн Панамын сувагт хяналтаа эргүүлэн авахыг оролдохыг санал болгов. Тэрээр, Панам улс, Атлантын далай Номхон далайг холбосон сувгаар дамжин өнгөрөх тээврийн компаниудаас "гайхамшигтай өндөр" төлбөр авч байна гэснийг Associated Press мэдээлжээ. Аризона мужид болсон АНУ-ын "Turning Point" арга хэмжээний үеэр, дэмжигчиддээ хандсан үгэндээ, Трамп өөрийн "мөрөөдлийн кабинет"-ийн шийдвэрлэх асуудлуудын жагсаалтыг гаргасан. Үүнд Панамын сувгийг мөн багтааж байсан юм.
"Биднийг Панамын суваг шулж байна. АНУ уг сувгийг өгсөн нь үнэхээр тэнэг асуудал гэж харамсан ярьж байв.
АНУ, 1900-аад оны эхээр хоёр эргийн хооронд арилжааны болон цэргийн хөлөг онгоцуудыг дамжин өнгөрүүлэх замтай болохын тулд сувгийг барьжээ. Вашингтон 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд, Ерөнхийлөгч Жимми Картерын 1977 онд байгуулсан гэрээний дагуу усан замын хяналтыг Панам руу шилжүүлсэн ажээ. Панам нь, АНУ-ын чухал холбоотон бөгөөд тус суваг нь эдийн засагт нь чухал ач холбогдолтой, засгийн газрын жилийн орлогынх нь тавны нэг орчим хувийг бүрдүүлдэг байна.
Гэсэн ч Трамп, түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлмэгц, "Энэхүү өгөөмөр шилжүүлгийн хариуд, ёс суртахуун, хууль эрх зүйн зарчмуудыг хүндэтгэхгүй бол бид Панамын сувгийг нэн даруй, болзолгүйгээр буцаан авахыг шаардах болно. Би үүнийг тэвчихгүй. Панамын албаны хүмүүс анхааралдаа авна уу " гэж мэдэгдэв. Тэрээр сувгийг хэрхэн буцаах гэж байгаагаа тайлбарлаагүй байна. Үүний дараахан Панамын Ерөнхийлөгч Хосе Раул Мулино, "Сувгийн метр квадрат бүр нь Панамынх бөгөөд цаашид ч тус улсынх байх болно" гэж тунхагласан бичлэгээ нийтэлжээ.
Харин хариуд нь, Трамп сошиал сүлжээндээ, "Юу болохыг харах болно" гэж бичээд, сувгийн бүсэд Америкийн төрийн далбаа мандуулсан, "АНУ-ын сувагт тавтай морил!" гэсэн өгүүлбэр бүхий зургийг нийтэлжээ.
Гренландыг эргүүлэн авах
Трамп мөн анхны бүрэн эрхийн хугацаандаа оролдож байсан, Даниас Гренландыг худалдаж авах асуудлаа дахин сэргээж, 12-р сарын 22-нд Дани улсад суух ирээдүйн Элчин сайдыг томилох мэдэгдэлдээ, "Дэлхий даяарх үндэсний аюулгүй байдал, эрх чөлөөний ашиг сонирхлын үүднээс АНУ Гренландад хяналт тавих нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна" гэж бичжээ.
Дэлхийн хамгийн том арал болох Гренланд нь, Атлантын далай болон Хойд мөсөн далайн дунд оршдог, 80% нь мөсөн бүрхүүлээр бүрхэгдсэн, Америкийн томоохон цэргийн бааз байрладаг гэзэр юм. Гренланд улс 1979 онд Даниас автономит эрх олж авсан бөгөөд тус улсын засгийн газрын тэргүүн Муте Борууп Эгедэ, “Трампын Америкийн хяналтад авах энэхүү шинэ уриалга нь, түүний анхны бүрэн эрхийн хугацаанд хэлж байсантай адил утгагүй зүйл юм. Гренланд бол биднийх. Бид худалдагддаггүй, хэзээ ч зарагдахгүй. Бид эрх чөлөөний төлөөх олон жилийн тэмцлээ алдах ёсгүй." гэсэн бол, харин Данийн Ерөнхий сайдын алба, "Америкийн шинэ элчин сайдыг угтан авахыг, мөн шинэ засаг захиргаатай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Одоо тулгараад байгаа улс төрийн аюулгүй байдлын ээдрээтэй нөхцөл байдалд Атлантын далай дамнасан хамтын ажиллагаа зайлшгүй чухал. Гренландын хувьд, худалдагдахгүй, харин хамтран ажиллахад нээлттэй " гэжээ. 2019 онд Гренландыг худалдаж авах саналыг нь Копенгаген хүлээж аваагүй тул Трамп Дани руу хийх айлчлалаа цуцалж, энэ асуудал намжиж байжээ.
Канадчууд 51 дэх муж болохыг хүсч байна
Трамп саяхан бичсэн нийтлэлдээ, "Канадчууд Канад улсыг 51 дэх муж болгохыг хүсч байна" хэмээн бичиж, Канадын далбааны хажууд уулын оргилын өмнө авахуулсан зургаа оруулсныхаа дараа, Гренланд, Панам руу халдаж эхлээд байна.
Д.Трамп, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой уулзах үеэрээ энэ санаагаа илэрхийлж, тэр ч байтугай Трюдог Канадын "захирагч" болгох санал тавьсан. Харин Трюдо, Трампыг тоглож байна гэж бодсон байдаг.
Улс төрийн шинжлэх ухааны профессор Стивен Фарнсворт, “Трампын энэхүү найрсаг харилцаатай орнууд руугаа чиглэсэн үйлдлүүд нь, түүний бизнестээ хэрэглэж байсан түрэмгий арга барилыг нь санагдуулж байна. Огт үндэслэлгүй зүйл хүсвэл, үндэслэлгүй зүйл авах магадлал нэмэгддэг. Канад АНУ-ын нэг хэсэг болохгүй, гэхдээ Трампын саналыг Канад улсаас концесс гаргахад ашиглах магадлал өндөр, ялангуяа тус улсын улс төрийн нөхцөл байдал хүнд байгаа. Магадгүй Трамп, худалдааны хэлэлцээрт ямар нэгэн зүйл хийхийг хүсч байгаа байх, хилийн дүрмийг чангатгах эсвэл өөр зүйл авахыг хүсч байгаа байх. Гренландын хувьд ч мөн адил. Америкийн далбаа Гренландад мандаагүй байсан ч, Европчууд Трампын шахалтаар өөр зүйлийг зөвшөөрөхөд илүү бэлэн байх магадлалтай” гэж тайобарлажээ.