Шинэ Англи мужаас Аляскийн алслагдсан газар руу нүүсэн гэр бүлийн хос, энэхүү зэрлэг буйд бүс нутагт хэрхэн амьдарч буй талаараа ярьсныг New York Post нийтэлжээ.
Интернетэд Holdfast Alaska гэх нэрээр танигдсан Деннис, Эми нар, сүүлийн 10 жилийн турш хүнсний ногоогоо өөрсдөө тариалж, ан хийж, ойн зэрлэг ургамал жимс хүнсэндээ хэрэглэн амьдардаг бөгөөд тэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж, хог хаягдал гаргахгүйг хичээн амьдардаг. Энэ хугацаанд хосууд Лена хэмээх охинтой болжээ.
Хэсэг хугацаанд ийнхүү амьдарсан Деннис, Эми нар, бие даан аж ахуй эрхлэн амьдрахыг мөрөөддөг ч, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст туслахын тулд олон нийтийн сүлжээгээр өөрсдийн туршлагаа хуваалцаж эхэлсэн байна.
"Бид фермд өсөөгүй, бид Аляскад амьдарч, өсөөгүй. Бид хоёулаа Шинэ Английн дагуул хотод өссөн" гэж Эми, " Аляскийн алс буйд руу нүүсэн" тухайгаа ярьсан бичлэгээ YouTube дээр тавьсан юм.
Тэрээр, сургуулий төгссөнийхөө дараа Деннистэй танилцаж, хамт амьдарч эхэлсэн бөгөөд тэд хотын амьдралаас залхаж, зэрлэг буйд газар байшин барьж, үр хүүхэдтэй болж амьдрах хамтын мөрөөдлөө хэрэгжүүлэхээр зоригложээ. Тэд эхлээд, гэрийнхээ ойролцоо газар хайж, ердөө 5000 доллараар том газар худалдаж авсан нь тэдний анхны өмч болжээ. Тэд талбайг цэвэрлэж засч, өөрсдийн гараар энгийн байшин барьжээ. Интернэт, цахилгаан, цэвэр ус гэх мэт үндсэн хэрэгцээтэй болох боломжгүй байсан. Гэхдээ, яг энэ даяанч амьдралын хэв маягийн төлөө тэд хичээж байв. Хосууд энэхүү “homesteader” амьдралдаа хурдан дасч, дурлан, тэнд өнгөрүүлсэн хэдэн жилээ ном болон нутгийн иргэдээс сурч болох бүхнийг сурах, ашиглах боломж болгон ашиглажээ. (Хomesteader гэдэг нь зэрлэг дагшин газар нутгийг эзэмшиж, байшин барьж, бие даасан ферм аж ахуй эрхэлдэг хүн юм)
Дараа нь хосууд байшингаа зарж, Аляскад бие даан амьдрах олон жилийн мөрөөдлөө биелүүлэхээр шийдэв. Тэд залуу, эрүүл чийрэг байхдаа энэ мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй гэж тооцсон. Ингээд Деннис Эми хоёр, дөрөв хоног аялан Аляскийн алслагдсан Уиттиер хотод ирж, хамгийн тохиромжтой гэж үзсэн Кенай голын ойролцоох газарт суурьшсан ч, энэ нь тэдний хайж байсан алслагдсан амьдралын хэв маягийн талаархи бодлыг нь бүрэн хангахуйц байсангүй.
Зургаан жилийн дараа хосууд шинэ, "хамгийн алслагдсан" газар руу нүүжээ. Хойд нутгийн амьдрал Мэйнтэй харьцуулахад хамаагүй хэцүү гэдгийг хосууд хүлээн зөвшөөрдөг ч, тэд аз жаргалтай байдаг. Тэдний өмч нь, үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хиллэдэг бөгөөд том хулд загас бужигнасан голын дэргэд, ой мод нь хандгай агнахад тохиромжтой, алхам бүртээ чонотой таардаг зэлүүд газарт байдаг. Тэдний байшин жижиг ч, тохь тухтай, тохилог гал тогооны өрөөнөөс гадна, задгай зуух, тагттай жижиг зочны өрөөтэй.
Тэд байнга нийгмийн сүлжээгээр сэтгэгдлээ хуваалцдаг. "Олон жил Аляскад амьдарсны эцэст, энэ газар бидний амьдарч байсан газруудаас, хамгийн зэрлэг зэлүүд газар нь юм шиг санагдаж байна" “Энд үл хөдлөх хөрөнгийн татвар байхгүй. Бид 10 сая гаруй акр ой мод, агнуурын газартай хиллэдэг. Манай мах утлаганы газар хандгай, хулд загасаар дүүрэн байна” гэж хосууд нэгэн нийтлэлдээ бичжээ. "Дэлхийн хамгийн баян, ан элбэгтэй , загасаар баян, сүлжээнээс гадуур амьдрахад хамгийн тохиромжтой" учираас Аляска руу нүүхээр шийдсэн гэж ярьдаг.
“Аляскад ямар ч хууль дүрэм, гэрээ, хязгаарлалт (CC&Rs) байхгүй тул юу ч хийж болно. Хүссэн бүхнээ зөвшөөрөлгүй барьж, бие засах газар ашиглах эсвэл бохирын системээ барих асуудалгүй, мал өсгөх, гэрийн бизнес эрхлэх зэрэгт санаа зовох хэрэггүй - та хүссэн бүхнээ хийх эрхтэй. Харин Мэйн мужид, септик системийг зохион бүтээх хэрэгтэй эсвэл ариун цэврийн өрөөний зөвшөөрөл шаардлагатай. Хэрэв та устай бол саарал усны зөвшөөрөл авах шаардлагатай. (Саарал усны систем гэдэг нь ахуйн бохир усаа янз бүрийн зориулалтаар дахин ашиглах боломжийг олгодог технологи юм. – Ред.) Энэ бүхнийг ойлгож, бусдад найдах хэрэггүйг мэдсэн” гэж ярьжээ.