February
1
2025
Anu.mn
Мэдээ
DeepSeek гэж юу вэ: Америкийн хиймэл оюун ухааны хөгжлөөс давсан Хятадын чатбот
DeepSeek гэж юу вэ: Америкийн хиймэл оюун ухааны хөгжлөөс давсан Хятадын чатбот
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
DeepSeek гэж юу вэ: Америкийн хиймэл оюун ухааны хөгжлөөс давсан Хятадын чатбот
Photo: Ai © Wutianzeri | Dreamstime.com

Уолл Стрит болон Цахиурын хөндийг 1-р сарын 27-нд Хятадын хиймэл оюун ухааны стартап DeepSeek цочирдуулсан шинэ бүтээгдэхүүнээ зарласан бөгөөд энэхүү дэвшилтэт загвар нь, Америкийн компаниудын бүтээсэн хиймэл оюун ухаантай загвараас хамаагүй бага үнэтэй гэж New York Post сонинд бичжээ.

Nvidia болон бусад технологийн аварга компаниудын хувьцаа зах зээлийн үнэ цэнээ нэг их наяд гаруй доллараар алдсан байна.

DeepSeek, AI загвараа хэдхэн сарын дотор бүтээж, ердөө 6 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдэгджээ. Энэ нь ийм технологийг сургах, ажиллуулахад шаардлагатай ховор компьютерийн чипүүдэд хэдэн зуун тэрбум доллар зарцуулдаг уг салбарынхныг гайхшруулж байна.

Харьцуулбал, OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман өмнө нь, GPT-4 загварыг 100 сая гаруй долларын өртөгтэй гэж хэлж байсан. Өнгөрсөн жил Anthropic компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодэй, загваруудыг бүтээх өртөг одоо нэг тэрбум доллар, ойрын жилүүдэд 100 тэрбум долларт хүрэх боломжтой гэж мэдэгдэж байв.

DeepSeek нь, OpenAI-ийн ChatGPT болон бусад өрсөлдөгчдийг ялж, амралтын өдрүүдээр Apple App Store-ын жагсаалтыг тэргүүлэв. Энэхүү хурдацтай амжилт нь, АНУ хиймэл оюун ухаанд давуу байдлаа алдаж, Хятадад алдах вий гэсэн болгоомжлол, айдас төрүүлэв.

Технологийн хөрөнгө оруулагч тэрбумтан Марк Андреессен, DeepSeek-ийн загварыг хиймэл оюун ухаанд зориулсан "Sputnik агшин" гэж нэрлэсэн нь, 1957 онд ЗХУ анхны хиймэл дагуул хөөргөж, АНУ-ыг цочирдуулж, хоёр их гүрний сансрын уралдааныг эхлүүлсэнтэй холбоотой юм.

DeepSeek гэж юу вэ?

DeepSeek нь, 2023 оны тавдугаар сард байгуулагдсан. БНХАУ-ын Ханжоу хотод төвтэй, олон нийтэд нээлттэй, ямар ч хөгжүүлэгч ашиглах боломжтой, нээлттэй, эхийн AI загваруудыг боловсруулдаг.

DeepSeek энэ сарын эхээр, R1 дээжийнхээ дэлгэрэнгүйг танилцуулсан. Тэдний чатбот нь үндэслэлийн загвар дээр суурилдаг. (Шалтгаан бодох загвар нь системд оролтын өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тэдгээрийг тайлбарлах, хариулт эсвэл шийдвэр гаргахад тусалдаг алгоритм эсвэл алгоритмуудын багц юм. Энэ нь хүнтэй төстэй логик сэтгэлгээний үйл явцыг дуурайхад чиглэгддэг. – Ред.)

DeepSeek, тэдний R1 нь асуудлыг шийдвэрлэхэд маш сайн, сургах, ажиллуулахад өрсөлдөгчдөөсөө хамаагүй хямд гэж мэдэгджээ. DeepSeek нь ChatGPT-ээс үнэхээр дээр бөгөөд R1-ийн гүйцэтгэл нь OpenAI-ийн хамгийн сүүлийн хувилбартай "тэнцнэ" гэж мэдэгджээ.

Scale AI-ийн гүйцэтгэх захирал Александр Ван саяхан CNBC-д, DeepSeek "Америкийн загваруудаас илүү сайн, бараг тэнцүү" гэж ярьсан.

DeepSeek-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын 8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай High-Flyer хедж санг удирддаг Лян Вэньфэн юм. High-Flyer-ийн оффис нь DeepSeek-ийн төв байртай нэг байранд байрладаг гэж, Reuters-ын Хятадын корпорацуудын бүртгэлд дурдсан байна.

AI роботыг Хятадын Коммунист намын үзэмжийн дагуу цензуртай гэж буруутгаж байсан. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хятадын асуудлаарх хорооноос гаргасан нэгэн дүгнэлтээр, DeepSeek "програмчлал, мэдлэгийн бааз нь Хятадын хууль тогтоомж, мөн социализмын үндсэн үнэт зүйлсийн дагуу хийгдсэн" гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Мөн энэхүү чатбот нь Хятадын удирдагч Ши Жиньпин, 1989 онд Тяньаньмэний талбайд болсон аллага, Шинжаан муж дахь Уйгарчуудын хүний ​​эрхийг зөрчиж буй байдал, Тайвань улс мөн эсэх зэрэг асуултад хариултаа цензурдсан байна. Эдгээр жишээг олон нийтийн сүлжээгээр өргөнөөр хэлэлцэж байна.

DeepSeek нь, хувийн компани бөгөөд АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаггүй.

DeepSeek нь Nvidia-ийн бизнест заналхийлэх үү?

1-р сарын 27-ны өдрийн арилжаагаар, Nvidia-ийн хувьцааны ханш DeepSeek-тэй холбоотой 17%-иар унаж, 600 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Гэсэн хэдий ч DeepSeek-ийн амжилтаас болж Nvidia-ийн бизнест урт хугацааны аюул заналхийлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Жишээлбэл, Citi-ийн шинжээчид, Nvidia-ийн үйлдвэрлэсэн компьютерийн дэвшилтэт чипүүдэд нэвтрэх нь AI зах зээлд нэвтрэх гол саад тотгор хэвээр байх болно гэж үзэж байна. Wedbush-ийн шинжээч Дэн Айвс, DeepSeek-ийн нээлтийг тойрсон үймээнийг Nvidia-ийн хувьцааг "худалдан авах боломж" гэж нэрлэжээ.

Nvidia нь ерөнхийлөгч Трампын 500 тэрбум долларын өртөгтэй "Stargate" дэд бүтцийн төсөлд ихээхэн оролцдог.

Nvidia-н хувьцаанд бооцоо тавьж буй брокерууд, DeepSeek загвараа сургахдаа Nvidia чипийг ашигласан боловч бага зардлаар хийсэн гэдгийг тэмдэглэж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.