Бидний бага нас , байрныхаа гадаа тоглож, ойр хавийнхаа ой мод, уул, ус руу явж, модонд авирч, цэцэг түүж, голд сэлж, мөөг, жимс түүж, овоохой барьж, шархандаа таван салаа нааж, “Түмэн бодис”, “Байгаль орчин”-ны хичээлүүдийн зуны даалгаварт, байгалийн ажиглалтын тэмдэглэл хөтлөх, ургамлын хатаамал хийх, цэцэг тарих зэргээр байгальд илүү ойр өнгөрсөн. Харин орчин үеийн хүүхдүүд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар хийсэн судалгаануудаар, хүүхдүүд байгалиас холдох нь дараах үр дагаваруудад хүргэнэ гэсэн үр дүн гарсан байна.
Нэгдүгээрт, хүүхдүүдийн мэдрэмжийн хэрэглээ багасч, улмаар тэдний хөгжлийг саатуулдаг нь харагджээ. Зурагт үзэх, гар утас , компьютер тоглох үед, хүүхдүүд хараа, сонсгол болон амт мэдрэх чадварыг ашигладаг. Гэтэл бид гурав биш таван мэдрэхүйтэй байдаг.
Хоёрдугаарт, энэ нь мэдээжийн хэрэг хөдөлгөөний дутагдал, таргалалт юм. Хүүхдүүд байгальд ойр байхад, эрүүл мэнд ба бие бялдрын чийрэгжилтийн хооронд шууд, баримтжуулсан хамаарал байдаг нь тогтоогджээ.
Гуравдугаарт, анхаарал сулрах гиперактив эмгэг, хүүхдийн сэтгэлийн хямрал зэрэг сэтгэлзүйн эмгэгүүдэд хүргэнэ. Судалгаанаас үзэхэд байгальд өнгөрүүлсэн цаг нь хүүхдүүдийн анхаарал төвлөрч, стрессийг даван туулахад тусалдаг бөгөөд тэдний танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг болох нь харагджээ.
Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэн Сандра Хофферф, 1997-2003 онд явуулсан судалгаагаар, ойд алхаж, загасчилж, далайн эрэг, хотын цэцэрлэгт тоглодог 9-12 насны хүүхдүүдийн тоо хоёр дахин буурсан гэж гарч байсан, тэр үед гар утас, компьютерын хэрэглээ дэлгэрээгүй байсан, одоо бүр буурсан нь тодорхой гэж бичжээ.
Шотландын нэгэн их сургуулийн судлаачид, гурван настай хүүхдүүдийн бугуйнд мэдрэгч суурилуулж ажиглалт хийхэд, өдөрт 20 минут л идэвхтэй хөдөлгөөн хийдэг болох нь тогтоогджээ.
Америкчуудын хувьд, "явган аялал" маш их дэлгэрсэн байдаг. АНУ-д хэдэн зуу, хэдэн мянгаар тоологдох, явган аялалын маш сайн нөхцөлтэй ойн жим, зөрөг замуудтай бөгөөд тэдгээрийн хамгийн алдартай Аппалачийн зам нь 15 мужийг дайран 3488 км үргэлжилдэг. Мөн, хэн ч эдгээр замуудаас тодорхой хэсгүүдийг нь "үрчлэх” боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл түүнийг арчлахад зориулж мөнгө тогтмол шилжүүлж, сайн сайхны төлөөх нэрийн хуудсаа өлгөх боломжтой. Цэцэрлэгт хүрээлэн эсвэл зам дагуух бараг бүх дэлгүүрт санхүүжүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт өлгөөтэй байдаг.
Түүнчилэн, АНУ-ын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тоо бас гайхаш төрүүлдэг. 59 үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд нь, хэдэн арав, хэдэн зуун км талбайг хамардаг бөгөөд мөн хот бүр өөрийн гэсэн орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй байдаг. Америкчууд байгаль орчинд ихээхэн анхаарал хандуулдаг, цэвэр агаар, эргэн тойрон дахь асар их ногоон байгууламж нь анзаарагдахуйц хэмжээнд байдаг. Тэд, энэ бүхэн америкчуудыг илүү ухаалаг, тайван, эрүүл болгодог гэж үздэг. Залуу үеээ хүрээлэн буй орчинтойгоо холбоо тасарч байгалийн ашиг тусыг хүртэхгүй байх магадлалтай гэдэгт санаа зовнидог.
Судлаач Ричард Люв, "Ой дахь сүүлчийн хүүхэд" номондоо гурван мянган хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдтэй ярилцлага хийснийхээ дараа одоогийн үеийнхэн байгальд цагийг огт өнгөрөөдөггүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдний олонхийн хувьд, компьютерийн дэлгэц, зурагт, гар утас нь, байгальд өнгөрүүлэх цаг хугацааг нь орлож байна. Мөн тэрээр, орон сууцны хороолол, оршин суугчдын хоршоо, холбоод хүүхдүүдийн гадаа тоглохыг хязгаарладаг, зүлгэн дээр гишгэхгүй байх, цэцгэнд хүүрэхгүй байх, модонд авирч болохгүй, шуугиж болохгүй гэх мэтээр өөрсдийн дүрэм журмыг тогтоодог. Энэ нь, нэг талаараа хэсэг оршин суугчдын амгалан тайван байдлыг хангах ч, нөгөө талаар хүүхдүүдийг гэрээсээ гарах хүсэлгүй болгодог. Хүүхдүүдийн хувьд, зүгээр л зам дагуу алхаж, эргэн тойрноо харж явах нь сонирхолгүй, ялангуяа компьютер тоглоомтой нь харьцуулах юм бол. Мөн хүүхэд, байгаль, насанд хүрэгчдийн хоорондын холбоо тасрах нь сэтгэцийн болон физиологийн эмгэгийг үүсгэдэг. Энэ үеийн хүүхдүүд АНУ-ын түүхэнд эцэг эхийнхээ дундаж наслалтаас богино насалсан анхны хүүхэд болж магадгүй гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.
Сонирхолтой нь, орчин үеийн хүүхдүүд байгальд бага цаг зарцуулдаг ч, байгаль орчныг хамгаалах сэтгэлгээ нь маш идэвхтэй байдаг нь харагджээ. Цэцэрлэгийн насныхан гэхэд л хогоо ангилах хэрэгтэй гэсэн бүрэн ойлголттой байжээ Гэвч, орон нутгийнхаа байгаль, ургамал, амьтны талаарх мэдлэггүй бол байгаль хамгаалах асуудал, дэлхийн энх тайвны төлөөх тэмцэл шиг цэвэр хийсвэр зүйл болон хувирч, улмаар АНУ-д байгаль хамгаалах үйл явц удааширна гэж эрдэмтэн Лув санаа зовж буйгаа илэрхийлжээ.