Жин нэмэхээс айхгүйгээр цадталаа идэж чадна гэж төсөөлөөд үз дээ. Бие махбодийг өөх тосноос хамгаалах дархлаатай болгодог, Ozempic эмнээс өөрөөр үйлчилдэг, шинэ вакцины ачаар энэ мөрөөдөл биелэх гэж байгаа талаар Daily Mail мэдээлжээ.
Колорадогийн их сургуулийн эрдэмтэд, үнээний сүү, хөрсөнд байдаг Mycobacterium vaccae хэмээх ашигтай нянг хулгануудад долоо хоног тутам тарьж, сахар, өөх тос ихтэй хоол хүнсээр хооллож туршихад, хулгануудтаргалалтын эсрэг дархлаатай болж буйг тогтоожээ. Вакцины энэ үр дүн, "буруу хооллолтын дэглэмээс үүдэлтэй илүүдэл жингээс үр дүнтэй сэргийлнэ" гэж судлаачид үзэж байгаа ч, хүн дээр цаашид судалгаа хийх шаардлагатайг эрдэмтэд анхааруулав. Энэхүү бактери нь, боловсруулсан мах, цэвэршүүлсэн үр тариа, чихэрлэг хоол хүнсээр өдөөгддөг стресстэй холбоотой үрэвслийг бууруулдаг гэж үзсэн бөгөөд үэрэвсэл болон илүүдэл илчлэг нь, бие махбодид хуримтлагдсан өөхний хэмжээг нэмэгдүүлдэг стрессийн гормон болох кортизолын түвшинг нэмэгдүүлж, бодисын солилцоо, хоолны дуршлыг зохицуулдаг даавар лептины нийлэгжилтийг тасалдуулж, цатгалан мэдрэмж авахын тулд илүү их идэх шаардлагатай болгодог гэсэн байна.
Энэ судалгааны үр дүн, хүн амын дундах таргалалт өндөр, насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гурав нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай АНУ-д онцгой ач холбогдолтой байгаа бөгөөд Ozempic гэх мэт жин хасах эмүүд энэ асуудалтай тэмцэхэд чиглэсэн, эмийн олон сая долларын зах зээлийг аль хэдийн бий болгосон юм.
Судалгааны ахлах, Колорадогийн их сургуулийн интегратив физиологийн профессор, доктор Кристофер Лоури,"Бид энэ судалгаагаар, хооллолттой холбоотой жин нэмэгдэхээс амьтдыг бүрэн сэргийлж чадсан. Энэхүү ашигтай бактерийг ашиглан хооллолтоос үүдэлтэй таргалалтаас хамгаалж чадах боломж байгааг харууллаа" гэж бичжээ.
Туршилтаар нэг бүлэг хулганыг ердийн мэрэгч амьтдын хоолоор тэжээж, вакцин хийгээгүй. Нөгөө хэсэгт нь, 40% өөх тос, 40% нүүрс ус буюу тэн хагас нь элсэн чихэр, 20% уургийн агууламжтай хоол өгч, тэдний талд нь вакцин хийж, талд нь хийгээгүй бөгөөд вакциныг 7 хоногт нэг удаа хийж байв. 10 долоо хоногийн дараа вакцин хийлгээгүй, эрүүл бус хоол өгсөн бүлгийнхэн эрүүл хооллодог бүлгийнхээс 16%-иар илүү жинтэй болж, дотоод эрхтний өөх нь мэдэгдэхүйц нэмэгджээ. Энэ төрлийн өөх тос нь дотоод эрхтнүүдийн эргэн тойронд хуримтлагддаг бөгөөд зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчин үүсгэдэг.
Эрүүл бус хоол хүнс өгч, вакцин хийсэн бүлгийн хулгануудын дотоод эрхтний өөхлөлт, эрүүл хоол өгч байсан хулгануудынхаас ч бага байсан байна.
Судалгааны лабораторийн аспирант Лук Десмонд, "M. vaccae нян нь, хоолны дэглэмээс үүдэлтэй жин хэт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй болох нь харагдсан. Гэхдээ, хүмүүс дээр хулганатай ижил үр дүнгарах эсэх нь тодорхойгүй байгаа. Мөн цаашид вакцин ямар үнэтэй байх, яаж тараагдах нь ч тодорхойгүй байна" гэсэн байна.
Энэ вакцин, АНУ-ын хүнсний хангамжийн бараг дөрөвний гурвыг бүрдүүлдэг хэт боловсруулсан хүнсний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед, улс орон даяарх таргалалтын ачааллыг бууруулна гэж найдаж байна.
Доктор Лоури, "Супермаркетуудад зарагдаж буй хүнсний талаас илүү хувь нь “хог” хоол байдаг. Хэрэв бид эдгээр "сайн бактери” –г амжилттай ашиглаж чадвал, эрүүл бус хооллолттой байсан ч, жин нэмэх болон бусад эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой болно" гэж онцлон тэмдэглэжээ.