Google Translate нь, хүмүүстэй харилцах, эргэн тойрныхоо ертөнцийг илүү сайн ойлгох, хэлний бэрхшээлийг даван туулахад тусалдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологиудыг байнга ашигладгаас, илүү олон хэрэглэгчид энэ хэрэгслийг ашиглах боломжтой болсоор байна гэж Google блогтоо бичжээ.
2022 онд Google Translate нь, Zero-Shot Machine Translation ашиглан 24 шинэ хэл нэмж байв. Энэ нь, текстийг нэг хэлээс нөгөө хэл рүү орчуулах боломжтой машин орчуулгын арга юм. Нэмж дурдахад Google нь, 1000 хэл суулгахаа зарлаж, дэлхийн хамгийн түгээмэл 1000 хэлийг дэмждэг хиймэл оюун ухааны загварыг бий болгохоо амласан юм.
Google Translate одоо хиймэл оюун ухааныг ашиглаж, дэмждэг хэлнийхээ төрлийг өргөжүүлж байна. Том PaLM 2 загвараараа тус компани Google Translate-д 110 шинэ хэлийг нэвтрүүлж байна. Энэхүү загвар нь, хиймэл оюун ухаан болон хэлний боловсруулалтын салбарт гарсан хамгийн дэвшилтэт технологуудын нэг бөгөөд PaLM 2 нь, машин орчуулга, текст үүсгэх, текстэд дүн шинжилгээ хийх зэргээр ашиглагддаг.
Хагас тэрбум гаруй хүнд зориулсан орчуулга
Кантон хэлнээс эхлээд Кэкчи хэл хүртэлх эдгээр шинэ хэлээр 614 сая гаруй хүн ярьдаг бөгөөд энэ нь дэлхийн хүн амын 8 орчим хувь юм. Тэдний зарим нь 100 сая гаруй хүн ярьдаг дэлхийн томоохон хэлүүдэд багтдаг. Бусад нь уугуул жижиг бүлгүүдийн хэл бөгөөд зарим хэлээр нь ярьдаг хүн бараг байхгүй ч, ястан үндэстнүүд хэлээ сэргээхийн тулд хүчин чармайлт гаргаж байна. Фон, Киконго, Луо, Га, Свази, Венда, Волоф зэрэг хэлнүүдийн дөрөвний нэг орчим нь Африк тивийн үндэстнүүдийн хэл юм.
Translate-д шинэ хэл нэмэхэд олон хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй болдог. Бүс нутгийн хэллэгүүд, аялгууд, янз бүрийн зөв бичгийн стандартууд гэсэн маш олон хувилбарууд байдаг. Компанийн арга барил нь, хэл бүрийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг хувилбаруудыг эрэмбэлэхэд оршино.
PaLM 2 хэлний загвар нь, Авдхи, Марвади хэлийг Хинди хэл рүү эсвэл Сейшел креол, Маврикийн креол хэлийг Франц руу хөрвүүлдэг, хоорондоо нягт холбоотой ижил төстэй хэлийг сурахад ашигладаг гол түлхүүр байсан. Технологи хөгжихийн хэрээр, мэргэшсэн хэл шинжлэлийн мэргэжилтнүүд болон төрөлх хэлээрээ ярьдаг хүмүүс хамтран ажилласнаар, тус компани илүү олон хэлний төрөл, зөв бичгийн дүрмийн боловсруулалтыг дэмжихээр зорьж байгаа юм.