Аз жаргалтай хүүхэд өсгөх гол түлхүүр нь, түүнд аз жаргалгүй байхыг зөвшөөрөх явдал гэсэн утгагүй гэмээр аргыг маш үр дүнтэй гэж хүүхдийн сэтгэл зүйч, "Бага насны хүүхдүүд хэрхэн хөгждөг вэ" номын зохиогч Това Клейн зөвлөснийг CNBC нийтэлжээ.
Колумбийн их сургуулийн эмэгтэйчүүдийн Барнард коллежийн Хүүхдийн хөгжлийн төвийн захирал Клейн, “Бид бүгдээрээ хүүхдүүдээ аз жаргалтай өсгөх арга бол тэднийг аз жаргалтай байлгах явдал гэж боддог. Гэвч бодит байдал дээр хүүхдүүд хэрхэн аз жаргалтай байж, баяр баясгаланг олж авахаа өөрсдөө мэддэг. Бухимдах, уурлах, гомдох, уйлах бол байнгын мэдрэмж биш. Эцэг эхчүүд, хүүхдүүдээ ууртай, гунигтай, аз жаргалгүй байхыг хараад зөнд нь орхих мэдээжийн хэрэг хэцүү. Хүүхдээ бухимдах үед эцэг эх нь мөн л зөнгөөрөө, түүнийг баярлуулах эсвэл анхаарлыг нь сарниулахыг хичээж, амттан санал болгох, зугаалах, тоглуулах зэргээр сатааруулахыг оролддог бөгөөд тэдэнд сайхан зүйл хийх буруу биш ч, энэ нь хүүхдийг бухимдуулж буй зүйлийн эх сурвалжийг тэр бүр шийдэж чаддаггүй. Ялангуяа энэ нь, хүүхдийг телевиз хэт удаан үзэх, гар утаснаас салахгүй байх зэрэг буруу хүслийг нь хориглох, эсвэл дуртай зүйл нь дууссан байх үеийн уур бухимдлыг ийм аргаар шийдэх нь буруу үр дагаварт хүргэнэ. Хүүхэд ямар ч тохиолдолд өөрийн сөрөг хариу үйлдлээ тохиромжтой гэж үздэг. Харин бид хүүхдийг таагүй мэдрэмжээ даван туулж, тэдгээрээ удирдаж сургахад анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ бүх зүйл нь зүгээр гэж боддог, жижиг сажиг зүйлд нь санаа зовдогоо татаад хэвшчихвэл, тэд аз жаргалтай байх болно” гэж бичжээ.
Мэргэжилтнүүд, хамгийн гол нь ноцтой сэтгэхүйн гэмтэл учируулж болохуйц үйл явдал, тохиолдлуудаас бусад тохиолдолд хүүхдийн сөрөг сэтгэл хөдлөл нь болоод өнгөрдөг зүйл гэдгийг ойлгох нь чухал. Мөн сэтгэлээр унасан хүүхдийг, уртаар гүнзгий амьсгаа авч, мэдрэмжээ үгээр илэрхийлдэг болгохыг зөвлөсөн бөгөөд сөрөг сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирдаж сурсан хүүхдүүд, шаардлагатай тэсвэр хатуужилтай, амжилттай хүн болж өсөх магадлал нь өндөр байдаг. Тийм учраас эцэг эхчүүд, хүүхдүүд нь үргэлж аз жаргалтай байж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд, хүүхдүүд нь аз жаргалтай байхад, мөн тэд аз жаргалтай байдаг нь энэ асуудлыг ойлгоход хүндрэл учруулж байгаа юм гэж нэмж дурджээ.