Сүүлийн үеийн судалгаануудаар, хөгшрөлт нь аажмаар явагддаг тогтвортой үйл явц биш, харин хүний тодорхой насанд эрүүл мэндэд нь өөрчилөлт явагддаг гэсэн үр дүнгүүд гарсан талаар Guardian мэдээлэв.
Хүн гэнэт үрчлээтэх, өвдөх, бараг нэг шөнийн дотор хөгширсөн мэт болох тохиолдлууд гардаг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахын тулд явуулсан судалгаануудаас харахад, хөгшрөлт нь удаан бөгөөд тогтвортой үйл явц биш, харин хүний амьдралын туршид багадаа хоёр удаа тохиолддог гэнэтийн хурдан байдлаар явагддаг процесс гэж үзжээ.
Хөгшрөлтийн хоёр үе шат
Эрдэмтэд, 25-75 насны хүмүүсийн мянга мянган, өөр өөр молекулуудыг судалснаар, насжилттай холбоотой өөрчлөлтүүдийн хоёр үндсэн үе шатыг тодорхойлсон бөгөөд хөгшрөлтийн хурдтай явц хүний 44 насанд, үүний дараа 60 насанд тохиолддог, үүнтэй холбоотой эрүүл мэндийн зарим асуудлууд, ялангуяа булчин, зүрх судасны өвчин энэхүү тодорхой насны үед огцом нэмэгддэг гэж үзжээ.
Стэнфордын их сургуулийн генетикч, Геном, хувь хүний анагаах ухааны төвийн захирал, судалгааны ахлагч, профессор Майкл Снайдер, “Бид, зөвхөн цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж хөгширдөггүй. Үнэхээр гайхмаар үр дүн гарсан. Бид 44 нас хүрэх үед, яг 60 насных шиг эрс өөрчлөлтийн үе явагддаг нь харагдаж байна."гэж бичжээ. Уг судалгаанд 108 сайн дурын хүмүүсийг хамруулан, цус, өтгөний дээж, арьс, ам, хамрын арчдасыг сар тутамд авч, нэгээс долоон жил хүртэл хугацаанд ажиглалт хийснээр, хүний биед 135,000 төрлийн өөр өөрмолекул (РНХ, уураг, метаболит) болон микроб (бактер, вирус, мөөгөнцөр) гэдэс, арьсанд амьдардаг болохыг тогтоов. Эдгээр молекул, микробын ихэнхи нь, аажмаар үүсч, бий болоогүй. Харин 44, 60 насанд үүсдэг болохыг олж мэдсэн байна.
44 насан дах бие организмын огцом хөгшрөлтийн өөрчлөлтийг эхэндээ эмэгтэйчүүдийн цэвэршилтийн өмнөх үеийн өөрчлөлтийн үр дүн гэж үзэж байсан. Гэвч, эдгээр өгөгдлүүд ижил насны эрэгтэйчүүдэд адил байгаа нь харагдсан байна.
Хөгшрөлтийн хоёр дахь шат 60 насанд, дархлааны зохицуулалт, нүүрс усны солилцоо, бөөрний үйл ажиллагаанд оролцдог молекулууд дээр харагдсан бөгөөд арьс, булчинг хөгшрүүлдэг молекулууд хоёр үе шаттай өөрчлөгддөгболох нь харагджээ. Өмнөх судалгаанууд 78 насанд хожуу үеийн хөгшрөлт үүсч болзошгүйг харуулж байсан. Гэвч, оролцогчидын хамгийн өндөр настай оролцогчид 75 настай байсан тул, энэхүү судалгаагаар үүнийг баталж чадаагүй ажээ.
Энэ загвар нь, насжилттай холбоотой олон өвчний эрсдэл аажмаар нэмэгддэггүй гэсэн өмнөх нотолгоотой нийцсэн нь, Альцгеймерийн өвчин, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 60 наснаас хойш эрс нэмэгддэгээр харагдсан байна. Хөгшрөлтийн эдгээр өөрчилөлтүүд нь мөн, амьдралын хэв маяг, зан ааш, үйл, үйлдлийн хүчин зүйлтэй холбоотой байж болох юм. Жишээлбэл, 44-45 насныхан архины хэрэглээнээс болж бодисын солилцооны өөрчлөлтөд орж болно. Мөн, амьдралын стресстэй үе нь байж болно гэж тэмдэглэжээ.
Судлаачид, “Судалгааны энэхүү үр дүн, хүн булчингийн массаа алдаж эхлэх үедээ, дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх маягаар урьдчилсан арга хэмжээ авах боломжтой. Бид эрүүл чийрэг байхдаа амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээх ёстой" гэж онцлон тэмдэглэсэн байна.