Шинэ судалгаагаар, усыг зөв ууснаар хөгшрөлтийг удаашруулж, залуу насандаа нас барах эрсдлийг хоёр дахин бууруулж чадна гэсэн үр дүн гарсныг Independent мэдээлэв.
Өдөрт хоёр литр орчим ус уудаг насанд хүрэгчид, амь насанд аюултай зүрх, уушигны өвчин тусах нь бага, хангалттай шингэн авдаггүй хүмүүсээс илүү урт насалдаг нь харагджээ. Судалгааны үр дүнг 11,255 хүнийг 30 жилийн турш ажигласан мэдээлэлд үндэслэн гаргасан бөгөөд судлаачид, өдөрт 240 мл-ийн найман аяга (бараг хоёр литр) ус уухыг зөвлөсөн байна.
Судалгааны ахлагч, Мэрилэнд дэх Зүрх, уушиг, цусны үндэсний хүрээлэнгийн (NHLBI) доктор Наталья Дмитриева, "Судалгаагаар, зохистой хэмжээний ус уух нь хөгшрөлтийг удаашруулж, өвчингүй амьдралыг уртасгаж чадна гэдгийг харуулсан" гэжээ. Түүний баг АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг хамруулсан ARIC (Нийгэмд атеросклерозын эрсдэл) судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд цусны шинжилгээгээр натрийн хэмжээ ихтэй, шингэний хэрэглээ багатай хүмүүс архаг өвчинд өртөмтгий, биологийн хөгшрөлтөд илүү өртөмтгий, залуу насандаа нас барах магадлал нь өндөр болох нь харагдсан байна. Биологийн хөгшрөлтийг цусны даралт, холестерин, глюкоз зэрэг 15 үзүүлэлтээр хэмжсэн. Мөн, нас, арьсны өнгө, хүйс, тамхи татдаг эсэх, цусны даралт ихсэх зэрэг бусад хүчин зүйлсийг харгалзан үзсэн.
Насанд хүрэгчдэд натрийн хэмжээ хэвийн хэмжээнээс их буюу литр тутамд 135-146 миллиэквивалент (mEq/L) байгаа тхоиолдолд эрүүл мэнд муудах шинж тэмдэг илрэх магадлал нь өндөр байжээ. Жишээлбэл, 144 мЭк/л-ээс дээш натри илэрсэн хүмүүсийн биологийн нас, тухайн наснаасаа 50% илүү өндөр байв. Харин 143 мЭк/л-ийн түвшин нь 15% хүртэл эрсдэлтэй. 142 мЭк/л-ээс хэтэрсэн хүмүүсийн архаг өвчиний өртөлт гуравны хоёроор (64%) илүү байна. Үүнд зүрхний дутагдал, цус харвалт, тосгуурын фибрилляци, захын артерийн өвчин, уушигны өвчин, чихрийн шижин, сэтгэцийн хомсдол зэрэг өвчинүүд оржээ.
Харин 138-140 мЭк/л натрийн түвшинтэй хүмүүсийн эдгээр өвчнөөр өвчлөх эрсдэл хамгийн бага байв. Доктор Дмитриева, "Ийлдэс дэх натрийн хэмжээ 142 мЭк/л ба түүнээс дээш байгаа хүмүүс шингэний хэрэглээгээ санал болгож буй хэмжээнд хүртэл аюулгүйгээр нэмэгдүүлэх боломжтой. Үүнийг уснаас гадна шүүс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг усны өндөр агууламжтай бусад шингэнээр нөхөж болно" гэж зөвлөжээ.
Үндэсний Анагаах Ухааны Академаас, эмэгтэйчүүд өдөрт 1.5-2.2 литр, эрэгтэйчүүд 2-3 литр шингэн уухыг зөвлөв. Дэлхийн хүмүүсийн тал орчим хувь нь, өдөрт 6 аяга (1.5 литр) ус уух зөвлөмжийг мөрддөггүй.
Доктор Дмитриева: “Дэлхийн түвшинд энэ нь маш том нөлөө үзүүлж болзошгүй. Бие дэх ус багасах нь сийвэн дэх натрийн хэмжээг нэмэгдүүлэх хамгийн түгээмэл хүчин зүйл юм." гэсэн байна.
Энэхүү судалгаагаар, өнгөрсөн оны гуравдугаар сард эрдэмтдийн нийтэлсэн судалгааны үр дүнг шинжилсэн бөгөөд цусны сийвэнгийн натрийн түвшин өндөр байх нь зүрхний дутагдалд орох эрсдэлтэй холбоотой гэж үзжээ.