Шинэ судалгаагаар эрэг дагуух тансаг зэрэглэлийн 35 барилга, 2016 оноос 2023 оны хооронд 8 сантиметрээр доош суусан гэж Fast Company мэдээлэв.
Өндөр барилгууд их жинтэй байдгаас тэдний доорх газар, ялангуяа барилгын ажил дууссаны дараа аажмаар суулт өгөхөд хүргэдэг. Гэвч Майамид далайн эрэг дагуух олон арван барилгууд маш хурдан доош сууж байгаа аж.
Майамигийн их сургуулийн эрдэмтэд, Майами наран шарлагын газраас Нарлаг арлын эрэг хүртэлх 20 км орчим эргийн шугамын дагуух 35 барилгуудыг 2016-2023 он хүртэл долоон жилийн турш судалж үзээд, 2-8 сантиметрээр суусан болохыг тогтоожээ. Эдгээр барилгуудад, далайн эрэг дээрх кондоминиумууд болон Трамп цамхаг III ( 4 сантиметр суулттай) болон Ritz Carlton Residences (5 сантиметр) зэрэг зочид буудлууд багтаж байна.
Хамгийн хүчтэй суултын улмаас 2021 онд Sunny Isles Beach-д 12 давхар кондоминиум нурж байсан юм. Хамгийн бага суулт Майами Бич хотод болсон. Эдгээр барилгуудын суултын хэмжээг мэдэхийн тулд судлаачид,барилгуудын өндрийг миллиметрийн нарийвчлалтайгаар бүртгэдэг сансрын зургийг ашигласан бөгөөд эдгээр хэдэн зуун зургуудыг цаг хугацаанд харьцуулан "гадаргын шилжилтийн цаг хугацааны цуваа"-г бүтээжээ.
Судалгааны ахлагч Фарзане Азиз Занжани, "Өмнөд Флоридагийн эрэг дагуух хөрсний нуралтын халуун цэгүүдийн хэмжээ гэнэтийн байсан. Эдгээр байгууламжийн суултаас үүсэх урт хугацааны үр дагаврыг үнэлэхийн тулд, барилга байгууламжийн нөхцөл байдалд байнгын хяналт тавих шаардлагатай болсныг харуулж байна." гэжээ.
Майамид, далайн эргийн барилгууд элсээр бүрхэгдсэн шохойн чулуун дээр байрладаг. Мэргэжилтнүүд, барилга барих явцад үүсдэг цохилт, чичиргээнээс гадна, барилгын доорх элсний шилжилтээс суулт явагдаж байна гэж үзсэн бөгөөд мөн өдөр бүрийн далайн түрлэг болон шохойн чулууны хагарал нь энэ үйл явцыг улам хүндрүүлж буйг дурджээ. Хүлэмжийн хийн ялгаралтын үр дүнд далайн түвшин нэмэгдэж байгаа нь, шохойн чулууны элэгдлийг улам дордуулна гэсэн байна.
Судлаачид 98 хүний амийг авч одсон гамшигт нуралтад, барилгын суулт нөлөөлсөн эсэхийг мэдэхийн тулд 2021 онд нурсан Surfside кондоминиум болох Champlain Towers South-ыг тусгайлан судалжээ. Судлаачид барилга нурахаас өмнө "ямар ч суултын дохио илрээгүй” хөрсний суулт нь эмгэнэлт явдлын шалтгаан биш байсан гэж үзсэн. Харин Холбооны мөрдөн байцаалтаар, уг барилгын даацын бетон баганууд болон бүтээц алдаатай байсан нэж үзсэн байдаг. Гэсэн ч, үүний дараа, Флоридад орон сууцны барилгуудыг шалгахтай холбоотой тусгай хуулиуд батлагдсан юм.
Барилга байгууламжид суулт үүссэн тохиолдолд орон нутгийн удирдлагууд болон оршин суугчдад мэдэгдэх шаардлагатайг судлаачид хэлж байна. Энэ нь тэдэнд идэвхтэй арга хэмжээ авах боломжийг олгоно. Хэдийгээр суултаас бүрэн урьдчилан сэргийлэх боломжгүй ч, эзэд нь газрын хөрсөнд зохих ус зайлуулах систем байгаа эсэхийг шалгаж, барилгын суурийг бэхжүүлэхийн тулд инженерүүдтэй хамтран ажиллах боломжтой юм.
Геофизикийн профессор, судлаач Фалк Амелунг, "Флоридагийн албаны хүмүүс муж даяар энэ асуудлаар үргэлжлүүлэн судлахын үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, барилгын нөхцөл байдлыг хянах шинэ технологи нь, эрэг орчмын оршин суугчдад хэрхэн ашиг тусаа өгөхөд анхаарч, дэмжих болно гэдэгт бид найдаж байна" гэж мэдэгджээ.