Вирус судлаач Беата Халасси, хөхний хорт хавдраа өөрөө эмчилсэн гэж мэдэгджээ. Тэрээр лабораторид ургуулсан вирусыг хавдар руугаа тарьсан бөгөөд харин бусад судлаачид түүний туршлагыг давтах нь аюулгүй биш, мөн өөр дээрээ туршсан нь ёс зүйн хувьдболохгүй гэсэн маргаан үүсгээд байна гэж Nature мэдээлжээ.
2020 онд 49 настайдаа Беата Халасси, өмнө нь мастэктомийн мэс засал хийлгэсэн газарт шинэ хавдар байгааг мэдсэн бөгөөд энэ нь зүүн хөхөө авхуулснаас хойш хоёр дахь удаагаа дахин үүссэн тохиолдол байв. Тэрээр дахин хими эмчилгээ хийлгэхийг хүсээгүй тул, туршигдаагүй эмчилгээг өөр дээрээ туршиж үзэхээр шийджээ.
2024 оны 8-р сард Vaccines сэтгүүлд хэвлэгдсэн энэ талаархи тайландаа, Халасси 3-р шатны хорт хавдрыг эмчлэхийн тулд онколитик вирус эмчилгээ (OVT) хэмээх эмчилгээг хэрхэн бие даан хийж байснаа тайлбарласан байна. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч хавдар нь дахиагүй бөгөөд өөр дээрээ туршилт хийсэн Халасси, ёс зүйгүйд тооцогдож, ёс суртахууны хувьд аюултай гэгдсэн энэхүү туршилтад нь оролцсон хэд хэдэн эрдэмтэдтэй нэгдэж, тайлангаа нийтлүүлж чадсан байна.
Ирээдүйтэй эмчилгээ
OVT бол хорт хавдрын эс рүү довтолж, дархлааны системийг өдөөх вирусыг ашигладаг хорт хавдрын эмчилгээний шинэ чиглэл юм. OVT-ийн ихэнх эмнэлзүйн туршилтууд өнөөг хүртэл хожуу үе шаттай, үсэрхийлсэн хорт хавдрын үед хийгдэж байсан боловч, сүүлийн хэдэн жилд эрт үеийн шатанд туршигдаж байна. T-VEC гэж нэрлэгддэг нэг OVT нь, АНУ-д үсэрхийлсэн меланома эмчилгээнд хэрэглэгдэхээр батлагдсан боловч, дэлхий дээр хөхний хорт хавдрын аль ч үе шатанд зөвшөөрөгдсөн OVT эм байдаггүй.
Халасси өөрийгөө OVT-ийн мэргэжилтэн биш гэж онцлон тэмдэглэсэн боловч, лабораторид вирусыг өсгөж, цэвэршүүлэх туршлага нь түүнд энэ эмчилгээг туршиж үзэх санааг өгсөн юм. Тэрээр хавдраа эхлээд улаанбурхан, дараа нь цэврүүт стоматит (VSV) гэсэн хоёр өөр вирусээр өвчлүүлэхээр шийджээ. Эмгэг төрүүлэгч хоёулаа хавдар үүссэн эсийн төрлийг халдварлуулдаг, OVT-ийн эмнэлзүйн туршилтанд аль хэдийн ашиглагдаж байсан.Халасси нь өмнө нь энэ хоёр вирусыг хэрэглэж байсан туршлагатай бөгөөд хоёулаа аюулгүй байдлын сайн бүртгэлтэй байв. Түүний сонгосон улаанбурханы омгийг хүүхдийн вакцинд өргөн ашигладаг бөгөөд VSV омог нь хамгийн муудаа томуу төст шинж тэмдгүүдийг үүсгэдэг байна. Хоёр сарын турш түүний хамтран зүтгэгч нь Халассигийн шинэхэн бэлтгэсэн судалгааны түвшний материалыг ашиглан эмчилгээг хийж эхлэн вирусыг хавдар руу шууд тарьж байсан бөгөөд хавдрын эмч нар түүнийг энэ эмчилгээнийх нь явцад хяналт тавихаар тохиролцсоноор ямар нэг зүйл буруу болбол ердийн химийн эмчилгээнд шилжих боломжтой болсон. Энэ арга нь үр дүнтэй болж, эмчилгээний явцад ноцтой гаж нөлөөгүйгээр хавдар мэдэгдэхүйц буурч, илүү зөөлөрсний зэрэгцээ, цээжний булчин, арьснаас тусгаарлагдсан тул мэс заслын аргаар амархан авах боломжтой болгосон.Хавдрыг авсны дараа хийсэн шинжилгээгээр, лимфоцит гэж нэрлэгддэг дархлааны эсүүдээр бүрэн нэвчсэн болохнь харагдсан бөгөөд OVT нь хүлээж байснаар нь ажиллаж, Халассигийн дархлааны системийг вирус болон хавдрын эсүүд рүү дайрахад хүргэсэн болохыг харуулсан байна. "Дархлааны хариу урвалыг өдөөсөн" гэж Халасси онцлон тэмдэглэсэн. Хагалгааны дараа тэрээр хорт хавдрын эсрэг трастузумаб эмээр нэг жил эмчлүүлсэн байна.
Миннесота мужийн, Рочестер дахь вирус эмчилгээний биотехнологийн Vyriad компанийн OVT-ийн мэргэжилтэн Стивен Рассел, “Халассигийн туршилтаар, вирусын тарилга хавдрыг агшааж, түүний инвазив ирмэгийг арилгахад тусалсан. Гэхдээ энэ туршилтыг хувьсгалт нээлт гэж бодохгүй байна. Эрдэмтэд эрт үе шатанд хорт хавдрыг эмчлэхэд OVT ашиглахыг дээр үеэс оролдож байна. Харин хоёр вирус дараалан туршиж үзсэн хүн байхгүй. Энэ туршилтын шинэ зүйл бол тэрээр өөрийн лабораторид ургуулсан вирусын тусламжтайгаар үүнийг өөртөө хийсэн явдал юм" гэж дүгнэжээ.
Ёс зүйн дилемма
Халасси эмчилгээнийхээ үр дүнг нийтлэх, хуваалцахыг хүсч байв. Гэвч, хэвлэлийнхнээс хэдэн арван татгалзсан хариу авсан байна. Судлаачдын COVID-19 вакциныг бие дээрээ турших ёс зүйг судалж буй Урбана-Шампэйн дахь Иллинойс их сургуулийн хууль эрх зүй, анагаах ухааны судлаач Жейкоб Шерков, “Асуудал нь Халасси өөр дээрээтуршилт хийсэнд биш, харин түүний үр дүнг нийтлэх нь бусад хүмүүсийг уламжлалт эмчилгээнээс татгалзаж, үүнтэй төстэй зүйл туршиж үзэхэд түлхэц болно. Хорт хавдартай хүмүүс батлагдаагүй эмчилгээг туршиж үзэхэд илүү өртөмтгий байдаг. Гэхдээ энэхүү өөр дээрээ хийсэн туршилтаар олж авсан мэдлэгээ алдахгүй байх нь чухал”гэсэн байна.
Халасси өөрийгөө эмчилсэндээ харамсдаггүй, мөн үр дүнг нийтлэх гэсэн шийдвэр гаргасандаа харамсдаггүй. Эмчилгээ нь шинжлэх ухааны асар их мэдлэг, ур чадвар шаарддаг тул хэн нэгэн түүнийг хуулбарлахыг оролдох нь юу л бол гэж тэр үзэж байна. Энэхүү туршлага нь түүний судалгаанд шинэ чиглэл өгсөн бөгөөд 9-р сард тэрээр гэрийн тэжээвэр амьтдын хорт хавдрыг эмчлэх OVT-ийг судлах судалгаандаа санхүүжилт авчээ. "Миний өөрийгөө эмчилсэн энэ туршлага, лабораторийн судалгааны чиглэлийг маань бүрэн өөрчилсөн" гэж ярьсан байна.