Компанийн нэрээ амжилттай сонгох нь, үйл ажиллагааных нь амжилтын хамгийн чухал хүчин зүйл гэж үздэг. Хүмүүс тухайн брэндийн нэрийг тогтоох, таних, бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг болоход, хүмүүсийн санаанд амархан орж ирэх, аятай таатай сонсогдох, товч, тодорхой нэр хэрэгтэй байдаг.
Fast Company, яагаад Apple, Starbucks, Amazon компаниуд ингэж нэрлэгдсэн талаар бичсэнийг MC Today нийтэлжээ.
Амазон
Амазон компанийг үндэслэгч Жефф Безос, энэ нэрийг А үсгээр эхэлсэн учир сонгосон. Тэр үед буюу 1994 онд хайлтын системүүд хайлтын үр дүнг цагаан толгойн үсгийн дарааллаар харуулдаг байжээ. Мөн Безос, Амазон гэдэг үг нь, дэлхий дээрх хамгийн том Амазон мөрний нэр учираас өөрийнхөө компанийг дэлхийн хамгийн том номын дэлгүүр болгохыг мөрөөдөж, билэгдэн сонгож байв. Гэхдээ, Амазон гэх энэ нэрнээс өөр хоёр хувилбар байсан. Эхнийх нь Cadabra, Inc. буюу Абракадабрын ид шидийн шившлэг үгийг сонгож байсан бөгөөд тэр үед онлайнаар ном худалдаж авах нь ид шидийн мэт санагдана гэж тооцож байв. Гэвч Безосын өмгөөлөгч, энэ үг буруу дуудагдвал, cadaver (цогцос) гэж сонсогдож болзошгүйг хэлснээр Жефф татгалзжээ. Өөр нэг сонголт нь, Relentless буюу "өршөөлгүй". Безос Amazon.com руу чиглүүлдэг Relentless.com домэйнийг хүртэл бүртгүүлсэн. Удалгүй Безосын найзууд, энэ нэрийн утгыг харанхуй, заналхийлсэн хэмээн түүнийг ятгаж болиулжээ.
Apple
1976 онд технологийн компанийг алим гэж нэрлэсэн нь ихээхэн хачирхалтай байсан. Тэр үед компьютерийн компаниуд техниктэй холбоотой нэрсийг сонгодог байв. Жишээлбэл, Microsoft эсвэл IBM (Олон улсын бизнесийн машинууд) г.м. Apple гэдэг энэ алдартай нэр хэрхэн үүссэн талаар компанийг үүсгэн байгуулагч Стив Возняк өөрийн намтар номондоо, “Би тэр үед, Орегоны алимны цэцэрлэгт зочилоод буцаж ирсэн Стив Жобсыг онгоцны буудлаас тосож аваад явж байтал Стив, Apple Computer гэсэн нэрийг санал болгосон, тэгэхэд нь би, Apple Records гэвэл яасан юм гэж хариулж байсан юм. Мөн энэ нь Битлзийн лого байсан (одоо ч хэвээр байна). Дараа нь бид, техникийн чиглэлтэй үгсээс сонгох гэж оролдоод олоогүй. Apple гэдэг нэр бидний санаанд орж ирсэн бүх үгсээс хамаагүй дээр нь байсан." гэж дурсан бичсэн байдаг. Мөн Apple-ийн үүсгэн байгуулагчийн намтарт Уолтер Исааксон, "Жобс, компанийн нэр нь түүний жимсний хоолны дэглэмтэй нягт холбоотой. Алимны фермээр зочилоод буцаж явахдаа, ийм нэр маш хөгжилтэй, эрч хүчтэй, айдас төрүүлэхгүй байх болно гэж шийдсэн гэж ярьсан” талаар бичжээ.
Banana Republic
1978 онд Мел, Патрисия Зиглер нар Banana Republic Travel & Safari Clothing Company нэртэй компанийг байгуулжээ. Тэдний санаа бол, дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан өвөрмөц хувцасны дэлгүүрийг бий болгох явдал байсан бөгөөд үүсгэн байгуулагчид нь бараагаа бизнес аялалын үеэр худалдаж авдаг байв. Энэ дэлгүүр Калифорнид нээгдсэн. Эхлээд тэд сафари сэдэвтэй зүйлсийг зарж, бараа тус бүрийг аялалын түүхтэй, гараар зурсан каталог дагалддаг байв. 1983 онд тус компанийг Gap худалдаж авснаар нэрээ богиносгож Banana Republic гэж нэрлэжээ. Гэвч сонирхолтой нь энэ нэр, ядуу буурай орнуудыг (гол төлөв Африк эсвэл Өмнөд Америк) нэлээд гутаан доромжилсон утгатайгаар хэрэглэгддэг үг бөгөөд хачирхалтай нь Гап 35 жилийн дараа ч энэ нэрээ солиогүй байгаа нь юм. Харин үүсгэн байгуулж байсан Мел Зиглер, "Тэд нэрийг нь бүрэн өөрчилсөн нь дээрбайсан. Эцсийн эцэст энэ нь бидний байгуулсан компанитай ямар ч холбоогүй болсон." гэж харамсан ярьсан байдаг.
Starbucks
Компанийг үүсгэн байгуулагч Жерри Болдуин, Зэв Сигл, Гордон Боукер нар олон зуун сонголтуудаас энэ нэрээ сонгосон. Гордон Боукер, “Хамтрагчдын маань нэг нь "st" -ээр эхэлсэн үгс хүчтэй сонсогддог гэж бодож байгаагаа хэлж байсан юм. Үүнээс болсон байх, нэг өдөр би Старбо хотын нэрийг олж харсан. Мөн тэр даруй Старбак гэж дууддаг Моби Дикийн дүр санаанд орсон. Мэдээж хэрэг, "Моби Дик" нь Starbucks эсвэл кофетой ямар ч холбоогүй. Энэ бол зүгээр л санамсаргүй тохиолдол байсан, гэхдээ би энэ үгэнд ямар ч юм нэгэн далд утгыг мэдэрсэн." гэж ярьжээ.
Тесла
Тесла нь анхны цахилгаан автомашины компани биш ч, орчин үеийн технологи гэхтэй ижил нэршил болсон нэр юм. Хэдийгээр энэ нэр алдартай ч, түүнийг хэрхэн сонгосныг цөөхөн хүн мэддэг (Маск үүнтэй ямар ч холбоогүй). Одоогийн гүйцэтгэх захирал Илон Маск, энэ багт хожуу орсон тул компанийн нэрийг сонгох эрхгүй байв. Тесла компанийг үндэслэгч Мартин Эберхард, тэр үеийн найз бүсгүй, ирээдүйн эхнэр Каролайндаа энэ санаагаа ярьж,Диснейланд дахь Blue Bayou ресторанд энэ нэрийг сонгосон гэж Fox Business бичжээ. Эберхард олон сар амжилтгүй оролдлого хийсний эцэст энэ нэрийг сонгосон бөгөөд Тесла автомашинд ашигладаг хувьсах гүйдлийн цахилгаан моторыг бүтээсэн Серб-Америкийн зохион бүтээгч Никола Теслагийн нэрээр компаниа нэрлэхээр шийджээ.
Никола Тесла 1884 онд АНУ-д цагаачилж, Томас Эдисоны хамт цахилгаан эрчим хүчний системийг сайжруулахаар ажиллаж байсан бөгөөд Эдисон, Теслагийн солигдмол гүйдлийн эрчим хүчний системийг ашиглах төлөвлөгөөнөөс татгалзсаны дараа Тесла, Эдисон нар, хамтын ажиллагаагаа дуусгаж, Тесла Westinghouse Electric компани руу шилжсэнээр Эдисон, Тесла хоёрын хооронд "Гүйдлийн дайн" эхэлж байжээ. Хэдийгээр Эдисон үнэмлэхүй ялалт байгуулсан ч, Никола Теслагийн шинэлэг санаа нь Илон Маскийн цахилгаан машинд шинэ амьдралыг олсон ажээ.