10 жилийн хугацаанд цагаачлалын нөлөөгөөр АНУ-ын ДНБ 7 их наяд доллараар, харин засгийн газрын орлого нэг их наяд доллараар нэмэгдэнэ гэсэн эдийн засагчидын урьдчилсан таамгийг Bloomberg нийтэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Конгресст, хилийн аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн маргаантай асуудал өрнөж байх үед Конгрессын Төсвийн алба (CBO), Капитол Хилл дэх цагаачлалын маргааныг ганхуулахуйц 10 жилийн төсөв, эдийн засгийн урьдчилсан мэдээний хамгийн сүүлийн хувилбарыг нийтэлсэн бөгөөд энэхүү сүүлийн үеийн мэдээллээр, ойрын 10 жилд холбооны төсвийн алдагдал бараг 20 их наяд ам.долларт хүрч, 2033 он гэхэд өрийн ДНБ-д эзлэх харьцаа 114 хувь болно. Хэдийгээр энэ нь хэцүү харагдаж байгаа ч, өнгөрсөн жилийн тайлантай харьцуулахад сайжирсан. Мөн, ирэх арван жилд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн оныхоос 7 их наяд ам.доллараар нэмэгдэж, нэг их наяд долларын орлого нэмэгдэнэ. Томоохон орлого болон том эдийн засаг нь, ДНБ-ий өрийн харьцангуй бага хувьтай тэнцнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байна.
Энэхүү эерэг мэдээгээ цагаачидын ажил, хөдөлмөртэй холбон тайлбарласан байна. “2033 онд, ажиллах хүчин 5,2 сая хүнээр нэмэгдэнэ. Энэхүү өсөлтийн дийлэнх нь, гадаадын иргэд нэмэгдэхтэй холбоотой байна. Хилийн боомт дахь эмх замбараагүй цагаачдын урсгал, цагаачлал нь эдийн засгийн хувьд маш их ашиг тустай, зарим талаараа хууль бус цагаачдын урсгал ч эдийн засаг, төсөвт ихээхэн ашиг тустай байдаг. Цагаачлалын бодлогыг зөв боловсруулж, удирдаж чадвал, амжилтанд хүрч болно. Үүнд, чадварлаг ажилчидыг татахыг чухалчилан авч үзэх хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлын томоохон сул тал нь, АНУ-д хараар ажиллах нь харьцангуй хялбар, харин чадварлаг мэргэжилтнүүдийн хувьд визгүй ажиллах нь маш хэцүү байна. Гадаадын иргэншилтэй эмч, шүдний эмч, программист, инженерүүдэд цаашид илүү ихээр виз олгох нь, макро эдийн засгийн хувьсагчдад (ДНБ ба татварын орлогын өсөлт, өрийн ДНБ-д эзлэх харьцаа буурах) одоогийн орогнол хүсэгчдийн урсгалтай адил нөлөө үзүүлэхээс гадна чадварлаг ажилтнууд илүү өндөр орлоготой байдаг учираас үнэ цэнэ нь илүү их байх болно. Мөн хүн амаа тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх нь хурдан хугацаанд шийдэгдэж байх ёстой чухал асуудал юм”гэж тайланд дурджээ.
Мөн, АНУ-ын санхүүгийн томоохон хямралд, засгийн газраас ахмад настнуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх асуудал дарамт болж байдаг, үүнд, ердийн цагаач ажилчид хамрагддаг байна. Тиймээс тэднийг, АНУ-д ирээд нэг жил (хоёр, гурван) ажиллуулаад буцаах, мөн түр хугацаагаар байх үед нь, ажил олгогчид цалингийн татвар, Нийгмийн даатгал, Medicare (тэтгэвэр авагчдад зориулсан эрүүл мэндийн хөнгөлөлттэй даатгал)-ийг төлж байхаар зохицуулна. Харин хөдөлмөрийн визтэй цагаачид эдгээр хөнгөлөлтийг эдлэхгүй. Тэд тэтгэвэртээ гараагүй үед, эдгээр татвар, даатгалуудын мөнгө нь тусгай дансанд хадгалагдаж байдаг бөгөөд түр ажилчин визний журам зөрчсөн тохиолдолд АНУ-ын засгийн газар хураах эрхтэй байдаг байна.
Конгрессоос, аль салбарууд цагаач ажилчдаас ашиг хүртэхийг ( асрамж, хөдөө аж ахуй, барилга угсралт зэрэг) тодорхойлох комисс байгуулж, ажилгүйдэл нэмэгдэх үед хязгаарлалтыг шинэчлэн сэргээх боломжтой болно. Цагаачид "ажлын байрыг эзлэх"-ээс болгоомжлох бодлого нь, өнгөрсөн жилүүдийн хөдөлмөрийн зах зээлийн сул дорой байдлын үр дагавар юм. Ажилгүйдэл бага байх үед ч, гадаадын цагаач ажилчид нь, хөрөнгө оруулалтын өсөлт, урт хугацааны бүтээмжийг идэвхжүүлдэг тул, урт хугацааны санхүүгийн хэтийн төлөвийг сайжруулаад зогсохгүй зээлийн хүүг бууруулна гэж үзжээ.
“АНУ-ын зарим бүс нутаг, бүсчлэлийн буруу сонголтоос болж орон сууцны хурцадмал, урт хугацааны хомсдолд орж байна. Мөн олон бүс нутгууд, хүн амын урт хугацаагаар үргэлжилсэн цөөрөлт, алдагдалд өртөж байна. Жишээлбэл, Сент Луис өнөөдөр 1950 оныхоос 550,000 хүнээр цөөрчээ. Нью Орлеанс 1960 оноос хойш 250,000, Buffalo 300,000 оршин суугчаа алджээ. Чикаго нь хамаагүй том хот хэдий ч, хүн ам нь, 70 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг сая орчим хүнээр багассан нь харьцангуй бага хэмжээ юм. Эдгээр хүн ам нь буурч буй хот, суурингуудад Конгресс, гадаадын иргэдийг оруулах боломжийг олгох ёстой бөгөөд үүний үр дүнд цагаачдыг заагдсан хот, бүс нутгуудад ажиллах, амьдрах хууль ёсны зөвшөөрөлтэй хүмүүсийн зөв зохион байгуулалттай урсгалыг бий болгох юм. Эдгээр санаа, санаачлагууд бүгдэд таалагдахгүй байж болзошгүй. Цагаачлалыг эсэргүүцэх асуудал нь, ихэвчилэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гаж үзэл болон энгийн байдал, нэгэн төрлийн байдлыг эрхэмлэх үзэл дээр суурилсан байдаг. Гэхдээ цагаачлалын тодорхой материаллаг үр дагавар нь илүү чухал юм. Иргэд сонгогчид, хилийн боомт дээрх одоогийн эмх замбараагүй байдалтай эвлэрэх ёсгүй, гэхдээ илүү ухаалаг, эмх цэгцтэй цагаачлалын бодлогын эдийн засгийн үр ашгийг үгүйсгэх ёсгүй гэж мэдэгджээ.