Холбооны засгийн газар иргэний харъяаллын өргөдлийг сүүлийн 10 жилд хамгийн хурдацтай боловсруулж байна. Энэ нь, Трампын засаг захиргаа болон коронавирусын тахлын үед өссөн иргэншил хайж буй хүмүүсийн хүлээлгийн жагсаалтыг багасгажээ. Шинээр иргэншил авсан иргэд 11-р сард саналаа өгөхийг тэсэн ядан хүлээж байна гэж The New York Times сонины тоймч Мириам Жордан бичжээ.
Улс орон даяар, шүүхийн ордон, хурлын танхимууд, спортын төвүүдэд болдог ёслолоор долоо хоног бүр олон мянган цагаачид шинэ Америкчууд болж, энэ намрын ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй болж байна.
Ялангуяа, Камала Харрис, Дональд Трамп нарын аль нэг нь ялах төлөвтэй байгаа Жоржиа, Аризона, Невада, Пенсильвани зэрэг хэд хэдэн мужид сонгуулийн насны иргэдийн тоо хурдацтай өсч байна.
Ерөнхийдөө ногоон карт эзэмшигч гэгддэг хууль ёсны байнгын оршин суугчид дор хаяж таван жил эсвэл АНУ-ын иргэнтэй гурван жилээс доошгүй жил гэрлэсэн бол иргэний харьяалалтай болох боломжтой байдаг. Ногоон карт эзэмшигчид олон эрх эдэлдэг. Гэхдээ холбооны сонгуульд санал өгөх нь зөвхөн АНУ-ын иргэдэд олгогдсон эрх юм. Сүүлийн үед ийнхүү хурдан хугацаанд иргэншил шийдэгдэх болсон нь, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хүчтэй түлхэц болохоор байна. Мөн, сонгууль дөхөх үед иргэншил авах хүсэлтийн тоо ихэвчлэн эрс нэмэгддэг байна. Цагаачлалын чиг хандлагыг шинжлэхийн тулд засгийн газрын мэдээллийг ашигладаг Boundless компанийн гүйцэтгэх захирал Сяо Ванг, "Иргэншил нэмэгдэж байгаа нь, сонгууль болохын өмнө сонгогчдын саналыг өөрчлөх магадлалтай. Иргэншил авах өргөдөл бүр Сенатын суудал, тэр байтугай ерөнхийлөгчийн суудлыг тодорхойлох санал болж болно " гэж бичжээ.
Өргөдөл боловсруулах хугацаа таван сар хүрэхгүй байгаа нь, 2013, 2014 оны үетэй ижил байгаа юм. Ерөнхийлөгч Байденыг төрийн эрх барьж байх хугацаанд 3,3 сая орчим цагаачид, иргэншил авчээ. USCIS нь, 2021 оны санхүүгийн жилийн 11.5 сартай харьцуулахад энэ жилийн эхний есөн сард, иргэншил авах өргөдлийг боловсруулах хугацаа дунджаар 4.9 сар болсон гэж мэдээлсэн байна.
Байден 2021 онд албан тушаалаа авсныхаа дараа өмнөх ерөнхийлөгчийнхөө цагаачлалын асуудлаарх хатуу мөрийн хөтөлбөрийг зөөллөж, хууль ёсны цагаачлалын тогтолцоонд "итгэлийг сэргээх" зорилготой тушаал гаргаж байв. Байдены засаг захиргаа иргэний өргөдлийн боловсруулалтын хуацааг багасгахын тулд 2022 оноос шинэ технологи нэвтрүүлж, боловсон хүчнээ нэмсэн. Трампын үе болон коронавирусын тахалтай холбоотой тангараг өргөх ёслолын ажиллагаа хойшлогдсоны улмаас өргөдлийн тоо огцом өссөн юм. Мөн Байдены засаг захиргаа иргэншил авах өргөдлийг 20 хуудаснаас 14 хуудас болгон богиносгож, дөрөвдүгээр сард өргөдлийн хураамжийг 640 ам.доллараас 710 ам.доллар болгон нэмсэн ч, бага орлоготой иргэдэд хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн ажээ.
Хууль бус цагаачлалтай тэмцэх талаар намууд хуваагдмал бодлоготой ч, хууль ёсны оршин суугчдыг харьяат болгох асуудлыг хоёр нам дэмжсээр ирсэн юм. Жорж Буш ерөнхийлөгч ,2002 онд цэргийн алба хааж байгаа харъяат бус хүмүүсийг иргэний харъяалал авах ажлыг түргэтгэх тухай захирамжид гарын үсэг зурж байв. Харин сүүлийн жилүүдэд иргэншлийн асуудал ихээр улстөржих болсон. Хууль ёсны цагаачлалыг хязгаарлахын тулд Трампын засаг захиргаа иргэншил авах өргөдлийг боловсруулах хугацааг хоёр дахин нэмж, 10 сар орчим болгожээ. Үүний улмаас 300,000 орчим боломжит иргэн 2020 оны сонгуульд саналаа өгөх боломжгүй болсон гэсэн тооцоо гарч байв.
Харьяат бус хүмүүс, тэр дундаа ногоон карт эзэмшигч, хууль ёсны байнгын оршин суугчид, холбооны сонгуульд санал өгөхийг оролдох нь гэмт хэрэгт ордог. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, есөн сая орчим ногоон карт эзэмшигч АНУ-ын иргэн болох боломжтой байна. Сонгогчидын төлөвийг судалдаг Калифорнийн Их Сургуулийн улс төр судлаач Луис ДеСипио, шинэ иргэдийн дийлэнх хувийг бүрдүүлдэг латин америкчууд болон Ази, Африкчууд түүхэндээ ардчилсан үзэл баримтлалтай байсан гэж бичжээ.
Иргэншил нь ашиг тус, эрх зүйн хамгаалалтыг бий болгодог. Иргэдийг албадан гаргах боломжгүй, харин гэмт хэрэг үйлдсэн ногоон карт эзэмшигчийг эх оронд нь буцаах боломжтой байдаг. Иргэншил авах эрхтэй хамгийн олон цагаачтай дөрвөн муж бол Калифорниа, Нью-Йорк, Техас, Флорида бөгөөд цагаачдын гарал үүслийн хувьд гол улсууд нь, Мексик, Энэтхэг, Филиппин, Доминикан, Куба юм.
Цагаачид иргэншил авах шийдвэр гаргахдаа сонгуулийн эрхийг чухал хүчин зүйл гэж үздэг ч бодит байдал дээр олонхи нь бүртгүүлдэггүй, саналаа өгдөггүй бөгөөд харъяалал авсан иргэд, АНУ-д төрсөн иргэдээс санал өгөхөөр бүртгүүлэх магадлал нь бага байдаг гэсэн судалгаа гарч байв. Харин саяханы судалгаагаар, иргэншил авсан иргэдийн дунд иргэний оролцоо өндөр байгаа нь харагдсан бөгөөд 81.4% нь 2024 оны сонгуульд саналаа өгнө гэж хариулсан бол 14.5% нь "магадгүй" гэж хариулжээ.