June
24
2022
Anu.mn
Мэдээ
Чингис хааны бунхан хаана байгаа талаар эрдэмтийн үзэл
Чингис хааны бунхан хаана байгаа талаар эрдэмтийн үзэл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Чингис хааны бунхан хаана байгаа талаар эрдэмтийн үзэл
Чингис хааны морьт хөшөө, HubPages

Чингис хаан 1227 онд нас барахдаа Монголчуудыг нэгтгэж, Номхон далайгаас Украин хүртэл үргэлжилсэн асар том эзэнт гүрнийг байгуулсан байсан ба мөн түүний залгамжлагчид, хойч үе замналыг нь үргэлжлүүлэн илүү их газар нутгийг эзэлсэн билээ.

Тэгвэл энэ агуу удирдагчийг хаана нутаглуулсан бэ? Түүнд эртний Египетийн фараонуудад зориулан барьсан пирамидууд шиг дурсгалт булш эсвэл Хятадын анхны Цин хаанд зориулж барьсан шиг бунхан бий юу?
Хариулт нь Чингис хааны булш, онгон хаана байгаа нь тодорхойгүй хэвээр, ойрын үед ч олдохгүй бололтой. Түүнчлэн өнөөдөр зарим Монгол хүмүүс Чингис хааныг бурхан мэт тахин шүтэж, хүндэтгэдэг тул Монголд эдгээр хүмүүс Чингис хааныхаа булшийг хэзээ ч олдохгүй байхыг илүүд үзэж магадгүй гэж шинжээчид Live Science-д ярьжээ.

Yale их сургуулийн антропологийн тэнхимийн дэд профессор Вилъям Хонейчёрч Live Science-д цахим шуудангаар, энэ булш хаана ч байсан "Монголын ард түмэнд маш чухал, бараг шашны өнгө аястай" гэж мэдэгджээ. Тэрээр булш хаана байх талаар таамаглахаас татгалзсан байна.

Нэг хувилбар нь Чингис хааныг төрсөн нутагт нь, Монголын зүүн хэсэг Хэнтий аймагт оршуулсан байх магадлалтай. Пенсильванийн их сургуулийн Пенн музейн Зүүн Азийн урлагийн профессор Нэнси Стейнхардт, "Миний бодлоор түүний булш Хэнтий аймгийн уулсуудад хаа нэгтээ нь байгаа" гэж мөн Live Science-д цахим шуудангаар ярьжээ. "Би үүнийг удахгүй олдоно гэж бодохгүй байна" гэж тэр нэмж хэлсэн байна.

Image

Чингис хааны бунхан хаана байдаг, ямар байсан талаар орчин үеийн эх сурвалжууд бараг дуугүй байдаг. Судлаачдын багийн 2014 онд PLOS One сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд, "Энэ булшны яаж харагдахыг тодорхойлсон түүхэн болон археологийн баримт байхгүй" гэж бичжээ. Судлаачид хиймэл дагуулаас авсан зураг ашиглан булшны эрэл хайгуулыг хийсэн бөгөөд сансрын судалгаагаар олон төрлийн археологийн үлдэгдэл олдсон боловч Чингис хааны булш үүнд байгаагүй юм.

Чингис хааныг нас барснаас хойш хэсэг хугацааны дараа хамаарах, хэн анхлан бичсэн нь тодорхойгүйгээр бичигдсэн "Монголын нууц товчоо" хэмээх түүхэн тэмдэглэлд түүний булшны талаар огт дурдаагүй байдаг. Үүнд, зөвхөн 1227 онд түүнийг "Тэнгэрт одсон" гэж л бичсэн байдаг.

Гэхдээ Чингис хаан Хэнтий аймгийн тахилгат Бурхан Халдун уулын талаар ихэд чухалчилсан байдаг гэж "Монголын нууц товчоо"-нд бичсэн байдаг. Уг бичмэлд, Чингис бага насныхаа нэгэн цагт түүнийг мөрдөн хөөж байсан дайснуудаас зугтахын тулд уг уулын газар зүйн давуу тал зэргийг ашиглаж байсан тухай өгүүлдэг. Мөн бичмэлд, Чингис хааны "Би Бурхан Халдунд өглөө болгон тахил өргөж, өдөр бүр залбирна. Миний хойч үе үүнийг санаж, үүнтэй адил үйлдээсэй" гэж хэлснийг иш татсан байдаг. Чингис хаан энэ ууланд ойр байсан нь түүнийг тэнд оршуулсан эсэх талаар асуухад хүргэсэн ч өнөөг хүртэл булш нь тэндээс олдоогүй байна.

Түүнийг 67 орчим насандаа таалал төгсөхөд, Чингис хаан болон түүний арми одоогийн Хятадын баруун хойд хэсэгт орших Тангуудын эсрэг аян дайн хийж байсан бөгөөд энэ нь түүний бие цогцсыг Монгол руу буцаахад хүндрэлтэй байсан байж магадгүй гэж түүхч Фрэнк Маклинн "Чингис хаан: Дэлхийг байлдан дагуулсан хүн" номондоо бичжээ. Тэрээр орчин үеийн Монголын хилээс 311 миль (500 километр) зайд байсан байж магадгүй юм. Энэ үед монголчууд занданшуулах арга техникийн талаар мэдлэггүй байсан байж магадгүй бөгөөд Чингис хааны шарилыг удаан хугацаанд тээвэрлэн Монголд авчирч оршуулах боломжгүй байсны улмаас өөр газар оршуулахаас аргагүйд хүрсэн байж магадгүй гэж Маклинн бичжээ. Чингис хааны шарил, булш Хятадын баруун хойд хэсгийн Ордос мужид байдаг байж магадгүй ч гэж Маклинн номондоо бичсэн байна.

Марко Пологийн баримтууд
1254-1324 он хүртэл амьдарч, Хятадад 17 жилийг өнгөрүүлсэн Венецийн судлаач Марко Поло нь "Марко Пологийн аялал" номондоо, Чингис хааны булшны байршлыг мэддэг байсан 20,000 хүнийг байршилыг нь нууцлахын тулд цаазаар авсан талаар бичиж байжээ. Пологийн түүхүүдийг Рустичелло да Пиза хэмээх зохиолч номондоо бичсэн бөгөөд уг ном нь 1300 онд хэвлэгджээ.
Чингис хааныг нас барснаас хойш хэдэн арван жилийн дараа Пологийн бичвэрүүдэд Чингис хааны тухай түүхүүд давтагдаж байсан. Мөн Чингис хааны ач хүү Хубилай хаан, Марко Полог төрийн өндөр албан тушаалтнаар томилж байсан нь Пологийн бусад олон түүхүүд үнэн зөв эсэх талаар орчин үеийн түүхчидэд маргаан үүсгэдэг байна. Тиймээс Чингис хааны булшны тухай Пологийн бичвэрүүд одоо хүртэл үнэн эсэх нь тодорхойгүй хэвээр байсаар байгаа юм.

Анх Live Science дээр Owen Jarus нийтэлсэн.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.