January
18
2025
Anu.mn
Мэдээ
Одоогоос 50 жилийн өмнө АНУ, "цэвэр үндэстэн" бий болгохын тулд хүмүүст хүчээр мэс ажилбар ...
Одоогоос 50 жилийн өмнө АНУ, "цэвэр үндэстэн" бий болгохын тулд хүмүүст хүчээр мэс ажилбар хийж байжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Одоогоос 50 жилийн өмнө АНУ, "цэвэр үндэстэн" бий болгохын тулд хүмүүст хүчээр мэс ажилбар хийж байжээ
Photo: Shutterstock

Калифорниа муж, олон жилийн өмнө засгийн газраас явуулсан, хүүхэд төрүүлэх боломжгүй болгох ажиллагаанд өртөж “мэс ажилбар” хийлгэсэн олон мянган хүмүүст 25,000 долларын нөхөн төлбөр олгох асуудлыг батлах гэж байна. Хохирогчдын зарим нь 13-аас доош насныхан байжээ. Энэ талаар Нью Йорк Пост дэлгэрэнгүй мэдээлэв.

Энэ шийдвэр нь, Калифорни мужийг Виржиниа, Хойд Каролинагийн дараа 1930-аад онд дээд цэгтээ хүрсэн евгеникийн хөдөлгөөний хохирогчдод нөхөн олговор олгох гурав дахь муж болгож байна. Энэ хөдөлгөөнийхөн, сэтгэцийн эмгэгтэй, бие бялдрын хөгжил сул, тахир дутуу, ер нь хүүхэд төрүүлэх шаардлагагүй гэж үзэхээр шинж чанартай хүмүүсийг хүүхэдтэй болох боломжгүй болгох нь, хүн төрөлхтнийг сайжруулна гэж үзэж байжээ. 1979 онд энэ хууль цуцлагдахаас өмнө, Калифорнид 20 мянга гаруй хүнд албадан мэс ажилбар хийснээс, одоо хэдхэн зуу нь л амьд үлдэж, тэдний хохирлыг нь барагдуулах хөтөлбөрт зориулж 7.5 сая доллар төсөвлөсөн байна.

Евгеникийн хөдөлгөөн

19-р зууны хоёрдугаар хагаст АНУ-д, "гажиг" генийн тархалтыг зогсоох ёстой, "хэвийн бус" хүмүүсээс болж нийгэм доройтож болзошгүй гэж бат итгэдэг эрдэмтэд, эмч нар, улс төрчид олноор гарч ирснээр, евгеникийн хөдөлгөөн үүсчээ.

Эхний ээлжинд, зөвхөн нийгмийн "доод" хэсгийнхэнд хэрэглэх, гэрлэхийг хориглох, эрх чөлөөг нь хасах гэсэн хоёр үндсэн ангилалтай, "доод" хэсгийнхнийг нийгмээс тусгаарлаж, үр удмаа үлдээх боломжийг нь хасах зорилготой хязгаарлалтын арга хэмжээг тогтоож, олон мужуудад тусгай байгууллагууд бий болж байжээ. Тэнд сэтгэцийн болон бие бялдрын бэрхшээлтэй хүмүүс, мөн нийгэмд хэрэггүйд тооцогдсон хүмүүсийг байрлуулан, мэс ажилбар хийхийг зөвшөөрснийх нь дараа хийж сулладаг байв. Эдгээр байгууллагууд, ийм мэс засалд, ялангуяа 1929 оны Их хямралын үеэр маш идэвхтэй хамруулж байжээ.

Энэ ажиллагааг хуульчилсан анхны муж бол 1907 оноос хэрэгжүүлж эхэлсэн Индиана муж бөгөөд энэ хууль дэлхийд анхдагч ийм төрлийн хууль болж байжээ. Энэ хууль, сэтгэцийн өвчитнүүд, давтан гэмт хэрэгтнүүдэд зориулагдан, 1974 он хүртэл хэрэгжих хугацаанд зөвхөн Индиана мужид 2.5 мянга орчим хүнийг хамруулсан байна. 30 гаруй мужид энэ хууль батлагдан хэрэгжсэн. Садар самуун хүмүүс, ижил хүйстнүүд, завхай эмэгтэйчүүд, түүнчлэн арьсны өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхагдаг байсан цөөнхийн төлөөлөл ядуу хүмүүсийг хамруулж байв. Ихэнхдээ хар арьст, испани гаралтай эмэгтэйчүүдийг хамруулах замаар, эрх баригчид евгенийн зорилгоос гадна, санхүүгийн ашиг сонирхлоор нийгмийн тэтгэмж авах хүмүүсийн тоог бууруулж байсан бөгөөд мөн Америкийн уугуул иргэдийг ихээхэн хамруулж, эрэгтэйчүүдийг нь түрэмгий зан гаргасных нь төлөө хүртэл “үндэстний ариутгал” хэмээх нэрийн дор мэс ажилбарууд хийж засдаг байжээ.

Хүүхэд төрүүлэх, үр удмаа үлдээхэд "тохиромжгүй" хүмүүсийг хамруулах өргөн тархсан энэ ажиллагаа 1960-аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн бөгөөд евгеникийг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд эхэлсэн ч, Монтана мужид 1972 он хүртэл, Хойд Каролина, Индиана мужид 1973, 1974 он хүртэл, Виржиниа, Орегон мужид 1979, 1983 он хүртэл ийм мэс заслын ажилбарууд хийгдсээр байжээ. Хамгийн олон мэс засал Калифорнид хийгдсэн: 1909-1964 оны хооронд 20,000 гаруй хүн хүүхэдтэй болох боломжоо алджээ. Евгеникийн хуультай бусад ихэнх мужуудаас ялгаатай нь, Калифорнийн хууль, эмч нарын зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэх механизмгүй байсан бөгөөд энэ хууль, нацист Германд ижил төстэй үйлдэл гаргахад түлхэц өгсөн гэж, Жоржиа мужийн их сургуулийн хуулийн профессор, евгеник хөдөлгөөний шинжээч Пол Ломбардо бичиж байв.

Үүнээс гадна, зарим мэдээллээр "хэвийн бус" гэж тооцогдоогүй хүмүүсийг ч, асран хамгаалагчийн хүсэлтээр хамруулж байсан байна. Нийтдээ 1963 он гэхэд, АНУ-д 64,000 орчим хүн мэс засалд хүчээр орсон. Мөн 1960-аад оны сүүлчээс 1970-аад оны хооронд хамгийн багадаа 80,000 мэс засал хийсэн гэсэн тооцоо байдаг байна.

Эцсийн эцэст, нийгмийг "хортой" генээс хамгаалахын тулд албадан мэс ажилбар хийх нь ёс зүйгүй гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрч, хэд хэдэн мужийн эрх баригчид уг ажиллагаанд өртсөн хүмүүсээс уучлалт гуйж байжээ. Мэс заслын хувьд, одоо ч хийгдэж байгаа бөгөөд гэхдээ энэ ажилбарыг хийх цорын ганц шалтгаан нь, өвчтөний өөрсдийнх нь хүсэлт эсвэл эмнэлгийн заалт байдаг байна.

Энэ хууль цуцлагдсаны дараа ч, Калифорни мужид уг ажиллагааг үргэлжлүүлж байсан. Эрэн сурвалжлах мэдээллийн төвийн 2013 онд хийсэн судалгаагаар, Калифорнид 2005-2010 оны хооронд 144 эмэгтэйд мэс ажилбар хийсэн нь тогтоогдсон бөгөөд 2010 онд хэд хэдэн тохиолдол гарч байжээ.

Мөн Калифорнийн шоронгуудад “засч, боох” мэс ажилбар хийх ажиллагаа 1999 оноос эхэлсэн. Калифорнид хуучин Евгеникийн хуулийн ажиллагаанд хамрагдсан хүмүүсээс хэдхэн зуун хүн амьд үлдээд байгаа бөгөөд саяхан хийлгэсэн хоригдлуудыг оролцуулаад 600 гаруй хүн нөхөн төлбөр авна гэж үзэж байна.

Калифорнид хохирогчдын хамгийн залуу нь, 1934 онд дөнгөж 13 настай байхдаа мэс ажилбар хийлгэсэн Мэри Франко бөгөөд түүнийг "бэлгийн донтой, мэдрэл муутай" гэж тодорхойлж мэс ажилбар хийсэн бөгөөд харин үнэндээ, тухайн үед охин хөршдөө хүчиндүүлснийг нь мэдсэн гэр бүлийнхэн нь, гэр бүлийнхээ нэр хүндийг хамгаалахын тулд асрамжийн газарт түр өгсөн үед нь мэс ажилбарт оруулсан, тэр ийм зүйл болж буйг ойлгоо ч үгүй байжээ. “Талийгаач нагац эгч нь, хүүхдүүдэд хайртай, гэр бүл зохиохыг хүсдэг байсан. 17 настай байхдаа гэрлэсэн боловч нөхөр нь Франко хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг мэдээд удалгүй салсан. Азгүй эгч маань насаараа ганцаараа, аз жаргалгүй амьдарсан нь харамсмаар” гэж түүний хэргийг судалсан зээ дүү Стейси Кордова бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.