Ерөнхийлөгч Трампын “сая саяар нь” хууль бус цагаачдыг албадан гаргана гэсэн амлалт боломжгүй бодит байдалтай нүүр тулж байна. Шинэ засаг захиргаа байгуулагдаад дөрөв хүрэхгүй долоо хоногийн дотор, засгийн газрын чадавхи дээд хязгаартаа хүрээд байна гэж Axios мэдээлэв.
Санхүүжилт дутмаг, цагдан хорих байр, ажилтнууд хүрэлцэхгүй, цагаачдыг хүлээн авах, явуулах дэд бүтэц дутмаг байгаа нь уг ажиллагаанд оролцож буй олон хүнийг бухимдуулж, энэ жил нэг сая хүнийг албадан гаргах зорилт нь бодит бус болж байгаа юм.
Энэ бүхэн, Цагаачлал, гаалийн хяналт (ICE)-ийг, цагдан хорих төвийн хүчин чадал, боловсон хүчин болон бусад хэрэгцээг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор нэн даруй 175 тэрбум долларын санхүүжилт олгохыг Цагаан ордон Конгрессоос хүсэхэд хүргэв.
Цагаан ордон болон ICE-ийн нийтэлсэн мэдээллээр, ICE-ийн ажилтнууд болон хамтран ажилладаг агентлагууд өдөрт 600-1100 хүнийг саатуулж байгаа бөгөөд энэ хурдаар бол, Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний сард 25,000 орчим цагаачийг баривчлах болно, энэ нь Дэд ерөнхийлөгч Вэнсийн сонгуулийн кампанит ажлын үеэр хэлсэн, жилдээ 1 сая хүнийг албадан гаргах зорилтоос хамаагүй бага байх нь харагдаж байгаа юм.
Трамп 1-р сарын 20-нд албан тушаалдаа орсноос хойш цагдан хорих төвүүдэд зайгүй болсны улмаас 460 гаруй хоригдлыг “барьж суллах” хөтөлбөрийн дагуу суллаж, цагаачлалын асуудлаарх шүүх хуралд хяналт тавьж, оролцохыг зөвшөөрчээ.
Америкийн Цагаачлалын Зөвлөлийн бодлогын ахлах зөвлөх Адриэл Д.Орозко "Энэ системийг анхнаасаа ийм олон хүнийг албадан гаргахап зүриулж төлөвлөөгүй" гэж мэдэгджээ.
Трампын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүд:
Цагдан хорих газрууд. Хилийн зохицуулагч Том Хоман, хорих газруудын хүчин чадлыг, одоогийн, өдөрт 41,500 хүнээр дүүрдэг хүчин чадлаас хоёр дахин их 100,000 болгон нэмэгдүүлэхийг хүсч байгаа юм. Хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хувийн гэрээт байгууллагууд, АНУ-ын засгийн газрын бусад агентлагууд болон орон нутгийн шоронгуудыг татан оролцуулах оролдлого хийж байгаа бөгөөд нэмэлт байруудыг бий болгохоор гадаадын засгийн газруудтай хүртэл гэрээ байгуулжээ. Ерөнхий стратеги нь, Кубын Гуантанамо дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад 30,000 хүртэл хоригдлыг саатуулах төлөвлөгөө ажээ. Мөн ICE-тай гэрээтэй 12 байгууламжийг ажиллуулдаг хувийн шоронгийн CoreCivic компанийн төлөөлөгчид, 28,000 хүнийг саатуулах байр санал болгов. Тус компанийн удирдлагууд Трампын багтай өдөр бүр холбоотой байдаг гэж мэдэгджээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилснаас урган гарах асуудал. Цагаан ордон хууль бус цагаачдыг "өөрөө гарах" эсвэл сайн дураараа АНУ-ыг орхин явахыг дэмжих зорилгоор баривчилгаа, дайралтаа идэвхтэй сурталчилж байна. Гэвч Хоман, “Энэхүү өргөн сурталчилгаа нь, ICE-ийн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй байна. Бидний үйл ажиллагааны талаар цөөн хүн мэддэг байх тусмаа манай агентуудад аюулгүй байх болно” гэж мэдэгдэв. Цагаан ордон 815 баривчилгааг мэдээлснээс хойш хоёрдугаар сарын 4-ний өдрөөс хойш өдөр бүр баривчилгааны мэдээг нийтлэхгүй байгаа юм.
Боловсон хүчний дутагдал. Америкийн Цагаачлалын Зөвлөлийн тооцоолсноор ICE-д, жилд 1 сая баривчилгаа хийхийн тулд 30,000 шинэ офицер хэрэгтэй. Үүнд жил бүр 7 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн судалгаа бий.
Хэт их ачаалалтай шүүхүүд. Одоогоор цагаачлалын шүүхэд 3.5 сая гаруй хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Өмнөд хил дээрх цагаачдын давалгаа Байдены засаг захиргааны үед мэдэгдэхүйц өссөн юм. Хүмүүс АНУ-д ирсэнээс хойш нэг жилийн дотор зөвшөөрөлгүй нэвтэрсэн ч орогнол хүсэх боломжтой байдаг. Мөн, цагаачлалын шүүхийн системд шүүгчид хүрэлцэхгүй байгаагаас, одоогийн хурдаар шийдвэрлэхэд дөрвөн жил орчим шаардагдах хэт ачааллыг зохицуулах, шүүгчид хэрэгтэй байна.
Найдваргүй түншүүд. Трампын баг, Венесуэл, Энэтхэг, Сальвадор улсуудтай албадан гаргах нислэгийг зохион байгуулж, иргэдээ эх оронд нь буцаах гэрээ байгуулжээ.
Гэвч Хятад, Куба, Орос зэрэг олон улсууд, иргэдээ буцаан авахаас татгалзаж байгаагаас,. тэднийг "хамтран ажилладаггүй орнууд" гэж нэрлэхээс цаашгүй байна.
АНУ-ын Засаг захиргаа, эдгээр улсын иргэдэд олгох визийг түдгэлзүүлэх магадлалтай байгаа ч, энэ хөшүүргийг хараахан ашиглаагүй байгаа юм.