Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хоёр хэлтэй буюу 60-75% нь дор хаяж хоёр хэлээр ярьдаг. Нэмэлт хэл нь зөвхөн харилцааны хэрэгсэл биш бөгөөд судалгаанаас харахад ийм хүмүүс нийгэм, сэтгэл зүй, амьдралын хэв маяг, танин мэдэхүйн олон талын ашиг тусыг хүртэж байдаг ажээ. Хоёр хэлээр ярьж өссөн хүмүүс атаархмаар шинж чанартай байдаг талаар Hack Spirit нийтлэлдээ бичжээ.
1. Тэдний танин мэдэхүйн чадвар сайн тул асуудлыг илүү сайн шийдэж, сэтгэдэг. Тэдний оюун ухаан нэг горимоос нөгөө горимд байнга шилжиж байдгаас уян хатан, олон ажил хийх, асуудал шийдэх, сэтгэн бодох, санах ой, төвлөрөл, анхаарлаа төвлөрүүлэх, логик, шийдвэр гаргах гайхалтай чадвартай байдаг. Хоёр хэлийг хооронд нь тогтмол сольж байхдаа эдгээр чадваруудыг байнга ашиглаж байдаг байна.Тийм ч учраас тэд маш хүчирхэг тархитай байдаг.
2. Тэд сайн сурдаг. Тархины үйл ажиллагаа нь идэвхитэй байдгаас хоёр хэлтэй хүмүүс, зарим талаар илүү ухаалаг болох магадлалтай гэж үздэг бөгөөд хоёр хэлтэй хүүхдүүд зөвхөн нэг хэлээр ярьдаг хүүхдүүдээс боловсролын хувьд давуу байдгийг судалгаагаар харуулсан байдаг. Хэрэв та хоёр хэл мэддэг бол шинээр дахин хэл сурахад илүү хялбар байх болно.
3. Тэд илүү амжилттай байдаг. Хос хэлтэй байх нь таныг яагаад илүү амжилттай, бүр илүү баян болгодгийг ойлгохын тулд холоос хайх шаардлагагүй. Хоёр хэлтэй хүүхдүүд ихэвчлэн давуу талтай байдаг ба хичээлдээ илүү сайн, даалгавраа сайн гүйцэтгэдэг. Үүнээс гадна тэдний танин мэдэхүйн чадвар нэмэгддэг. Мэдээжийн хэрэг, хоёр дахь хэлээр ярих нь орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд ашигтай практик хэрэгсэл юм. Энэ нь хоёр хэлтэй хүмүүст цагт 5%-20%-иар илүү орлого олох боломж олгож, 40 жилийн хугацаанд, 128,000 ам.долларын санхүүгийн ашиг хүртэнэ гэсэн тооцоо бий.Дэлхий даяаршиж байгаа энэ цаг үед, энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа ажээ.
4. Тэд илүү өрөвч сэтгэлтэй байдаг. Бид хоёрдох хэлийг танин мэдэхүйн ач тустай талаас голчлон анхаарч ирсэн. Гэтэл нийгмийн харилцааны олон чиглэлүүдэд хос хэлтнүүдийн давуу талууд харагддаг бөгөөд ялангуяа янз бүрийн хүмүүс болон нийгмийн бусад салбаруудад зайлшгүй шаардлагатай байдаг илүү их өрөвч сэтгэл, мэдрэмж нь юм. Тэдний хүчтэй эмпати ур чадвар нь, илүү сайн харилцааг бий болгоход туслах, өгөөмөр зан үйлийг дэмжих, бусад хүмүүсийн ойлголтыг дэмжих, өөрийн мэдрэмжийг зохицуулах боломжийг олгож байдаг. Тэд бусдын оронд өөрийгөө маш сайн тавьж, ойлгож чаддаг. Энэ сэдвээр хийгдсэн бүх судалгааг авч үзсэн дүгнэлтээр, нэгээс олон хэлээр ярих нь бусад хүмүүсийн сэтгэцийн байдлыг урьдчилан таамаглах, сэтгэл санааг ойлгох чадварыг нэмэгдүүлдэг, мөн ертөнцийг өөр хэд хэдэн өнцгөөс харж сурдаг болохыг тогтоожээ.
5. Тэд илүү нээлттэй байдаг. Хоёр өөр хэлээр дамжуулан ертөнцийг хүлээн авах нь ертөнцийг өөрөөр харах боломжтой болгодог. Хоёр хэлтэй хүмүүс аль хэлээр ярьж байгаагаасаа хамааран, тухайн хэлнийхээ хүмүүсийн сэтгэлгээ, сэтгэхүйтэй харьцаж бүр дасан зохицож, ямар хэлээр ярьж байгаагаасаа шалтгаалаад огт өөр зан чанартай байж ч чаддаг. Магадгүй энэ нь өөрийнхөө янз бүрийн талыг харуулах боломжийг олгодог байж ч болох юм. Судалгаагаар, энэхүү "хуваагдах зан" сэтгэцийн үзэгдлийг маш тодорхой гаргаж тавьсан байдаг. 1960-аад онд хийсэн туршилтаар, Япон-Англи хос хэлтэй эмэгтэйчүүд, аль хэлээр ярьж байгаагаас шалтгаалж нэг өгүүлбэрийг тэс өөр байдлаар төгсгөж байгаа нь харагджээ.
Жишээлбэл: япон хэлээр, "Миний хүсэл гэр бүлтэйгээ зөрчилдөхөд ..." гэсэн өгүүлбэрийг төгсгөх даалгаврыг, "энэ нь маш их аз жаргалгүй үе" гэж хариулж байсан бол, харин англиар, "Би хүссэнээ хийдэг" гэж хариулж байжээ. Харин, "Жинхэнэ найзууд .... байх ёстой." гэдэг өгүүлбэрийг японоор "бие биедээ тусалдаг" гэж нөхсөн бол, англиар "илэн далангүй" гэж нөхөж бичиж байжээ Хоёр хэлтэй хүмүүс хоёр өөрөөр сэтгэх чадвартай байдаг гэсэн дүгнэлт гарсан байна.
6. Тэд илүү тэвчээртэй байдаг. Хоёр хэл мэдэх нь алсын харааг тэлж өгдөг. Энэ нь, илүү их аялж, өөр өөр соёлын талаар илүү сайн ойлголттой болдогтой холбоотой. Нээлттэй байж, бусад хүмүүсийг ойлгох нь хүнийг илүү тэвчээртэй болгодог. Соёлын ялгаа болон хоорондын харилцааны ялгаатай талуудыг хүлээн зөвшөөрснөөр тэвчээртэй болдог.
7. Тэд илүү сэтгэл татам байдаг. Нэгэн судалгаагаар, хүн хэд хэдэн хэлээр ярьдаг бол хүмүүсийн 75% нь түүнийг дур булаам гэж үздэг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Мөн судалгаанд оролцогчдын 96% нь, хэлтэй хүмүүсийг спортлог бие бялдартай хүмүүсээс илүү сэтгэл татам гэж хариулж байжээ. Учир нь, тэд хамгийн сайн ярилцагч, нөхцөл байдлыг илүү нарийвчлалтай уншиж чаддаг, мөн илүү нэртэй байдаг аж. Үндсэндээ хоёр хэлтэй хүмүүс бусдын итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл, сэтгэл хөдлөл, бодол санаа нь тэднийхээс өөр байж болохыг мэддэг учир, энэ нь тэднийг илүү тааламжтай болгодог байна.
8. Тэд илүү сайн өөрийгөө хөгжүүлэнгээ хөгширдөг. Хоёр хэлээр ярих нь эрүүл мэндэд нөлөөлдөг бөгөөд зөнөглөхгүй, мөн тархины саарал эд нь их, илүү их нейрон холбоосуудтай учираас хэрэгтэй үедээ ашиглаж болно. Энэ нь бусдад байхгүй танин мэдэхүйн нөөц юм. Тархины асуудалтай болвол тэд үүнийгээ ашигладаг. Саяхны нэгэн судалгаагаар хоёр хэл нь тархины эмгэгийн явцыг удаашруулдаг болохыг тогтоосон бөгөөд Альцгеймерийн өвчний шинж тэмдгүүд нь ижил эмгэгтэй нэг хэлтэй хүмүүсээс 4-5 жилийн дараа илэрдэг болох нь харагджээ. Үүний зэрэгцээ цус харвалтаас амьд үлдсэн 600 хүнийг хамруулсан өөр нэг судалгаагаар, хос хэлтэй хүмүүс нэг хэлтэй хүмүүсээс хоёр дахин илүү, танин мэдэхүйн үйл ажиллагаа нь сэргэж байгаа нь харагдсан гэсэн дүгнэлт гарсан ажээ. Ийм учраас хоёр хэлээр чөлөөтэй ярих нь сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулдаг гэж үзэж байна.
9. Тэд бүтээлч байдаг. Бүтээлч байдал бол амьдралын олон талбарт хэрэглэж болохуйц шинэ санаа, арга ухаан юм. Бидний бүтээлч байх чадвар нь, бидний тархи хоорондоо холбоогүй хэсгүүдээ хэр сайн холбож байгаагаас шалтгаална. Харин хоёр хэлтэй хүмүүсийн хувьд, эдгээр холбоос илүү их байдаг учраас бүтээлч, ялгаатай сэтгэхүйн олон ажлыг илүү сайн гүйцэтгэдэг. Тэдний тархи шинэ холболт үүсгэхийн тулд илүү сайн тоноглогдсон байдаг байна.
Олон хэлээр ярих нь яагаад чухал вэ?
Өөр хэлээр ярих нь зөвхөн өөр хэлний үгсийн санд хандах боломж биш харин энэ нь танд цоо шинэ ертөнцийг нээж өгдөг. Та аливааг өөрөөр харж, юмсийг болон бусад хүмүүсийг өөрөөр ойлгодог болдог бөгөөд энэ нь таны тархийг бүхэлд нь өөрөөр ажиллуулдаг. Үүний үр дүнд та амьдралын давуу талыг мэдрэх нэмэлт мэдрэмж, амьдралын арга ухаан, амьдрах ур чадварыг илүү олж авдаг байна.