Сүүлийн үед хүн төрөлхтөн, нөөцийн хомсдолыг улам бүр мэдэрсээр байгаа тухай ВВС мэдээлжээ.
Сүүлийн үед ус, тосны хомсдол нүүрлэх, зөгий мөхөх аюулд өртөж буй талаар бичигдсээр байна. Үүний зэрэгцээ бидний амьдралын бүхий л салбарт нөлөөлдөг, угаасаа ховор байсан эсвэл буруу ашигласны улмаас алга болж болох, таны мэдэхгүй байж болох зургаан зүйл нөөцийн талаар бичжээ.
1. Орбит дахь чөлөөт орон зай
2019 оны байдлаар дэлхийг 500 мянга орчим биет тойрон эргэлдэж байдаг, тэдгээрийн ердөө 2000 орчим нь л ажиллагаатай, бидний өдөр тутмын харилцаа холбоо, GPS болон дуртай нэвтрүүлгээ үзэхэд ашигладаг хиймэл дагуулууд юм.
Үлдсэн хэсэг нь, пуужин хөөргөх үеийн болон тойрог замын биетүүдийн мөргөлдөөнөөс үүссэн хог хаягдал бөгөөд 500 мянга гэсэн тоо нь, зөвхөн идэвхтэй хяналтанд байдаг объектуудыг хамардаг. Энэ тоо өдөр бүр шинээр нэмэгдэж байдаг байна. Эдгээр бүх объектуудыг хянах аргагүйгээс гадна, дэлхийн тойрог замыг эмх замбараагүй болгодог шаардлагагүй объектуудыг устгах систем байдаггүй.
Ийм объектын тоо нэмэгдэх тусам бидний утас, газрын зураг, цаг агаарын мэдээний системийг ажиллуулахад шаардлагатай сүлжээнүүд хоорондоо мөргөлдөж, гэмтэх эрсдэл нь нэмэгддэг байна. Энэ асуудлыг шийдэх гарцыг хайж байгаа ч, хараахан олоогүй байгаа юм.
2. Элс
Энэ нь танд хачирхалтай санагдаж магадгүй - наран шарлагын газар, цөлд элбэг дэлбэг байдаг элс яаж үгүй болох вэ? гэж бодох байх. Гэвч бодит байдал дээр элс, хайргыг олборлодог шиг их хэмжээгээр олборлодог материал дэлхийд байдаггүй. НҮБ-ын үзэж байгаагаар, бид байгаль сэргээж чадах хугацаанаас нь хамаагүй хурдан, ихээр ашигладаг байна. Элс элэгдэж үүсэхэд хэдэн мянган жил шаардагддаг бөгөөд бид үүнийг өдөр бүр барилга угсралт, нөхөн сэргээлт, ус шүүх, тэр ч байтугай шил хийхэд асар их хэмжээгээр ашиглаж байна.Энэхүү элсний алдагдал нь эмзэг экосистемд заналхийлж байгаа тул хяналт тавих, зохицуулах шаардлагатай болоод байгаа юм.
3. Гелий
Агаарын бөмбөлөг хөөргөх үедээ үүнийг хийх нь зүйтэй эсэх талаар бодох хэрэгтэй. Гелийн хий нь, газрын гүнээс олборлодог хязгаарлагдмал нөөц бөгөөд нийлүүлэлт дуусахад хэдхэн арван жил үлдсэн, зарим тооцоогоор, гелийн хомсдол 30-50 жилийн дотор нүүрлэнэ гэж үзэж байна. Гели нь, анагаах ухаанд хорт хавдар, тархи, нугасны гэмтлийг оношлох, эмчлэхэд хувьсгал хийсэн MRI сканнерыг ажиллуулдаг соронзыг хөргөх маш чухал ач холбогдолтой байдаг.
4. Гадил
Одоо тарьж байгаа гадил жимсний ихэнх нь Панамын өвчин гэж нэрлэгддэг мөөгөнцөрт өртөх эрсдэлтэй байдаг. Бидний иддэг ихэнх банана нь нэг ургамлаас шууд гардаг Кавендиш сортын хувилбарууд юм. Тэд бүгд клон учраас Панамын өвчин гадил жимсний ургамлын популяцид хурдан тархах боломжтой. Үүнтэй төстэй, ижил өвчин 1950-аад онд гарч, дэлхийн гадил жимсний ургацыг бараг устгасан бөгөөд үүний үр дүнд үйлдвэрлэгчид Грос Мишель сортоос Кавендиш руу шилжсэн байдаг.
Судлаачид мөөгөнцөрт тэсвэртэй төдийгүй амттай шинэ сортуудыг гаргахаар ажиллаж байна.
5. Хөрс
Хэдийгээр дэлхийн хөрсний нөөц дэлхийн гадаргаас зүгээр л ууршчих боломжгүй ч, түүнийг зохисгүй ашиглах нь ноцтой асуудал болоод байна. Ургамал, хамгийн чухал шим тэжээлийнхээ ихэнх хэсгийг хөрсний хамгийн дээд, үржил шимт давхаргаас авдаг.
Зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлээр ажилладаг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) ТББ-ын тооцоолсноор, сүүлийн 150 жилийн хугацаанд дэлхийн хөрсний тал орчим хувь нь алга болсон, нэг инч хөрсийг байгалийн жамаар нөхөн сэргээхэд 500 жил шаардлагатай байдаг бөгөөд хөрсний элэгдэл болон эрчимжсэн газар тариалан, ой модны багасалт, хомсдол, дэлхийн дулаарал зэрэг нь дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн дийлэнх хувь хамаардаг өнгөн хөрсний өнгөн давхаргын алдагдалд нөлөөлж байна гэж үзжээ.
6. Фосфор
Фосфор нь, бидний өдөр тутмын амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь хүний ДНХ-ийн бүтцэд зайлшгүй чухал элемент төдийгүй, орлуулах зүйлгүй хөдөө аж ахуйд зайлшгүй шаардлагатай бордооны үндэс юм.
Фосфор нь, ургамал, амьтны хог хаягдлаар хөрсөнд буцаж очихын оронд, ихэвчлэн газар тариалангийн бүтээгдэхүүн болон хотууд руу нийлүүлэгдэж, улмаар бидний бохирын системээр далай, тэнгист урсаж ордог байна. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол, фосфор 35-аас 400 жил хүртэлх хугацаанд л хүрэх нөөцтэй байгаа ажээ.