July
12
2024
Anu.mn
Мэдээ
Хамгийн их хуурамчаар үйлдвэрлэгддэг 11 хүнсний бүтээгдэхүүн
Хамгийн их хуурамчаар үйлдвэрлэгддэг 11 хүнсний бүтээгдэхүүн
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Хамгийн их хуурамчаар үйлдвэрлэгддэг 11 хүнсний бүтээгдэхүүн
Photo: IStock

Хүнсний бүтээгдэхүүн хуурамчаар үйлдвэрлэдэг гэмт хэрэгтнүүд эрдэнэ шишийн сиропыг савлаж, 100% зөгийн бал гэж, эсвэл хямд моцарелла бяслагийг цэвэр Пармезан-Реджано хэмээн борлуулдаг. Жинхэнэ бүтээгдэхүүнийг хуурамчаас хэрхэн ялгах талаар Insider сэтгүүл нийтэлжээ.

Дэлхийн хэмжээнд, хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 40 тэрбум ам долларын эргэлттэй байна. Энэ нь хууль ёсны үйлдвэрлэгчдэд хор хөнөөл учруулж, гэмт хэргийн үйл ажиллагааг санхүүжүүлж, хэрэглэгчдэд ч хор хөнөөл учруулж, хохироож байгаа юм.

Жинхэнэ агч модны 1 шил сироп хийхэд 40 галлон шүүс шаардагддаг учираас 1 шил нь 10 долларын үнэтэй байдаг. Гэтэл, хүнсний дэлгүүрүүд хямд, агч модны шүүс огт агуулаагүй хиймэл сиропоор дүүрэн байдаг. Хүмүүс, васаби, ваниль, трюфель тос зэрэг хуурамч байж болох үнэтэй хоол, хүнс хэрэглэх дуртай байдгаас энэхүү луйвар явагддаг бөгөөд ихэвчлэн хуурамч бүтээгдэхүүний ард бүхэл бүтэн гэмт бүлэглэл байдаг байна.

Трюфель

Трюфель тосыг ихэнхдээ лабораторид хийдэг, мөөгтэй ямар ч холбоогүй байдаг. Жинхэнэ трюфель маш үнэтэй бөгөөд ховор байдаг. Тэдгээрийг ихэвчлэн Итали, Франц эсвэл Их Британид онцгой нөхцөлд ургуулдаг. Трюфель тодорхой зөв модны дэргэд ургасан байх ёстой байдаг бөгөөд газар доорх трюфель бол зүгээр л жимс, өөрөөр хэлбэл алимтай тэнцэхүйц ургамал юм. Дээр үед, гахайг мөөг олоход сургадаг байсан бол одоо нохойгоор үнэрлүүлж олдог байна.Трюфелийг тасалж авсны дараачаас цаг маш нарийн тооцогдож хугацаа өнгөрөх тусам шинж чанараа алддаг байна. Одоо хүмүүс трюфелийг амжилттай тарьж сурсан ч, хар трюфелийн мод ургахад зургаан жил шаардлагатай байдаг. Мөн хамгийн үнэтэй цагаан трюфелийг ургуулах ихэнх оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд үүнийг ихэвчлэн хуурамчаар хийдэг байна.Трюфель тосыг луйварчид, ихэвчлэн зүгээр л чидун эсвэл наранцэцгийн тос, 2,4-дитиапентан хэмээх синтетик нефтийн гаралтай нэгдэлийн тусламжтай хийдэг.

Агчийн сироп

Жинхэнэ агчийн сиропыг модноос гаргаж авдаг. Канад улс дэлхийн нийт нийлүүлэлтийн 85 хувийг үйлдвэрлэдэг. Гэвч АНУ-ын Вермонт хотод байрладаг Sapjack брэнд 2022 онд үйлдвэрлэлийн дээд амжилт тогтоосон. 1 галлон жинхэнэ агчийн сироп хийхэд 44 галлон шүүс шаардагдана. Тийм ч учраас жинхэнэ агчийн сироп нь ердийн сиропоос зургаа дахин үнэтэй байдаг.

Васаби

Энэ бүтээгдэхүүний ихэнх нь тунхуу, амтлагч, хүнсний цардуул дээр үндэслэн хийгддэг хуурамч бүтээгдэхүүн байдаг. Жинхэнэ васаби нь тунхуу, байцаа, брокколи зэрэг хямд үнэтэй ногоотой төстэй боловч 30 дахин илүү үнэтэй, эрэлт нь нийлүүлэлтээсээ хамаагүй их байдаг ургамал юм. Васаби нь, гайхалтай ховор, Японы уулын рашааны дагуу бага температурт, сүүдэр, хайргатай хөрсөнд ургадаг,.

Их Британийн Васаби нь, Европ дахь бүтээгдэхүүний анхны үйлдвэрлэгч бөгөөд Японы байгаль цаг уурын нөхцөл байдлыг бий болгосон. Ургац хураалтыг гараар хийдэг бөгөөд хураасны дараа, уламжлалт васаби болж хувирах маш их хөдөлмөр шаардсан үйл явцыг шаарддаг. Нэг кг нь 319 орчим долларын үнэтэй. Мөн жинхэнэ васабины амт тийм ч халуун байдаггүй.

Пармезан бяслаг

Пармезаныг зөвхөн Италийн Эмилиа-Романья гэж нэрлэгддэг ганцхан бүс нутагт үйлдвэрлэдэг. Энэ бол ууранд жигнэхэд шаардагддаг гурван бактери бүхий дэлхийн цорын ганц газар юм. Хурц талст үүсэхийн тулд дор хаяж нэг жилийн хугацаа шаардагддаг. Гэхдээ заримыг нь арван жил хүртэл хугацаанд байлгах нь бий. Бяслагны насжилт удаан байх тусам талстууд нэмэгдэж, илүү үнэ цэнэтэй болдог. Нэг нь 1000 доллараас илүү үнэтэй байна. АНУ-д, үйлдвэрлэгчидийг цагаан будааны гурил эсвэл целлюлоз зэрэг дүүргэгчийг нэмэхийг зөвшөөрдөг. 2016 онд Bloomberg, Walmart-ын агуу үнэ цэнэтэй 100% Пармезан нь 7.8% целлюлоз агуулдаг гэж мэдээлж байсан юм.

Энэ бяслагийг хуурамчаар хийдэг гэмт хэрэгтнүүд, жилд хоёр тэрбум ам.долларын хууль бус борлуулалт хийдэг гэсэн мэдээлэл байна. Хуурамч бяслаг нь Италийн жинхэнэ Пармезан үйлдвэрлэлийг сүйтгэж, зах зээлд эзлэх хувь, үнэ цэнийг нь алдуулж байгаа юм. Парма хотын оршин суугчдын тал хувь нь Парма хиам эсвэл Пармезан бяслаг үйлдвэрлэх замаар амьжиргаагаа залгуулдаг.

Жинхэнэ Пармезаны хэсэг бүр дээр цэгээр бичсэн "Пармижиано-Редгиано" гэсэн үгс цохигдсон, DOP шошготой байдаг. Өөр нэг шинж тэмдэг нь бол амт нь юм. Наснаасаа хамааран жимсний болон самарны амт өгдөг талстуудтай байдаг.

Ваниль

Ванилийн ихэнх хэсгийг, тариаланчид гараар тоос хүртээдэг цахирмаа цэцгийн талбайтай Мадагаскараас авдаг. Ванилийг гаргаж авах процесс нөр их хөдөлмөр их шаарддаг учираас үнэтэй байдаг. Тиймээс АНУ-д олон брэндүүд, лабораторид хийсэн дуураймал ваниллин зардаг. Үүнийг газрын тос эсвэл баширын тос, мод, холтос зэрэгт агуулагдах нэгдлүүдээс гаргаж авдаг. Мөн сав баглаа боодол дээр нь "хиймэл амт" гэж бичсэн бол хууль ёсных болж таардаг. Жинхэнэ ванилийг хуурамчаас хэрхэн ялгах вэ? "Байгалийн амт" эсвэл "ванилийн цэцгийн ханд" гэсэн бичигтэй бол хуурамч.

Түрс

Түрсийг хураах маш хэцүү учраас ихэвчлэн хуурамчаар хийдэг. Америкийн цорын ганц түрсний ферм нь хилэм загас үржүүлдэг бөгөөд нэг кг нь 24,000 доллараар зарагддаг.

Хилэм загасны түрс ховордож байгаа бөгөөд түрсийг нь хурааж болох хүртэл 10 жил шаарддагддаг. Үйлдвэрлэгчид үхсэн загаснаас түрсийг авдаг. 2 унц нь, 175 долларын үнэтэй. Ийм өндөр үнэ нь луйварчдын сонирхлыг татдаг бөгөөд хямд үнэтэй загасны түрсээр хийдэг. Үүнийг хянахад хэцүү байдаг байна. Жинхэнэ түрсийг халуун усанд хийхэд хатуурдаг харин хуурамч түрс уусдаг.

Зөгийн бал

Жинхэнэ зөгийн бал нь байгаль, тэвчээрийн төгс хослол юм. Дэлхий даяар зөгийн аж ахуйн нийлүүлэлтээс хамаагүй их зөгийн бал зарагддаг. Хуурамч бүтээгдэхүүнийг фруктоз өндөртэй эрдэнэ шишийн сироп болон глюкоз, будаа, нишингэ, манжин зэрэг хямд үнэтэй сиропуудаар хийдэг. Ингэснээр луйварчид зөгийн аж ахуйн урт удаан үйл явцын бүх хүнд хэцүү ажлыг хийх шаардлагагүйгээр мөнгө олдог.

2013 онд АНУ-ын Хууль зүйн яам АНУ-ын түүхэн дэх хамгийн том хүнсний луйврын хэргээр АНУ-ын хоёр зөгийн бал импортлогчийг баривчилж байв. Тэд Honeygate гэгдэх антибиотик агуулсан хуурамч хятад зөгийн балыг импортын татвараас зайлсхийхийн тулд бусад улсаар дамжуулан тээвэрлэдэг байжээ.

Хуурамч зөгийн бал авахгүйн тулд, дотоодын үйлдвэрлэгчээс газар дээрээс нь түүхий зөгийн балыг арай үнэтэй худалдаж авах хэрэгтэй.

Оливын тос

Оливын тосыг боловсорсон чидунаас шинэхэнээр нь шахаж авдаг. Тэдний ихэнх нь Испани, Итали, Грекийн фермүүдээс ирдэг. Цэвэршүүлээгүй хүйтэн шахалтын чидуны тосыг оливын тосны хамгийн сайн сортуудын нэг гэж үздэг. Энэ нь гүн өнгөтэй, хув шар болон ногоон өнгөтэй болж өөрчилөгддөг. Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй тосны нэг бөгөөд 17 унцын лонх нь 10 гаруй доллараар зарагддаг.

Оливын хуурамч тос үйлдвэрлэдэг гэмт хэргийн бүлэглэлүүд эртний Ромоос хойш хөгжиж ирсэн байдаг. Хэрэв тос хямд байгаа бол хуурамч. Мөн жинхэнэ оливын тос нь жимсний болон өвслөг үнэртэй. Хэрэв ямар ч үнэргүй байвал хуурамч байх магадлалтай.

Вагю үхрийн мах

Вагю гэдэг нь шууд утгаараа "Япон үхэр" гэсэн утгатай бөгөөд үндсэн дөрвөн үүлдэрийн үхрийн мах юм. Японы засгийн газар махны чанарыг хянахын тулд эдгээр үхрийг өсгөхөд хатуу зохицуулалт хийдэг. Вагюгийн алдартай төрөл бол Японы Кобе орчимд үйлдвэрлэдэг Кобе үхрийн мах юм. Шарыг будаа, эрдэнэ шишийн хатуу хоолны дэглэмд тэжээж гаргаж авдаг. 2019 оны байдлаар нэг фунт вагю 200 долларын үнэтэй байсан. Энэ үхрийг ердийнхөөс 10 дахин үнэтэйгээр 30 мянган доллараар зардаг. Япон жилдээ хэдхэн мянган тонн мах экспортолдог. Тиймээс америк зоогийн газрууд дах вагю мах, Японы стандартад нийцдэггүй. АНУ-ын ихэнх Вагюү үхэр нь хүрээлэн буй орчиндоо дасан зохицож чаддаг үүлдэрүүдтэй эрлийзжүүлсэн байдаг. Тэгэхээр тэдний мах 100% вагю биш. USDA-ийн дүрэм журмын дагуу Вагюү үхэр нь дор хаяж 93.7% Вагю генетикийн нэг эцэг, эхтэй байх ёстой. Гэтэл 46.9% -тай байсан ч вагю гэж нэрлэгдэн борлуулагдаж байна. Жишээ нь, Arby's-ийн Wagyu бургерын мах, зөвхөн 51% Америкийн Вагюг агуулсан байдаг. Жинхэнэ Wagyu стейкийг 300 доллараар авч байгаа үедээ, өөх тос нь жигд тархсан, гантиг нь өвөрмөц, нарийн ширхэгтэй, нарийн цагаан судалтай эсэхийг анзаар. Нэмж дурдахад, Коби үхрийн ястай мах маш ховор байдаг.

Кофе

Зах зээл дээр өндөр үнээр зарагддаг, чанар муутай кофе зөндөө байдаг. Эдгээрийг огт өөр зүйлс, газрын царс, арвай, улаан буудай, шатаасан цаас, шатаасан эрдэнэ шиш, модны үртэсээр хийсэн байх нь ч бий. Кофе бол том, маш том бизнес юм. Кофе тариалах нь өндөр өртөгтэй, хөдөлмөр их шаарддаг процесс бөгөөд тариаланчид ердөө 450 грамм кофены үр бэлтгэхийн тулд 1500 гаруй ширхэг үр хураах шаардлагатай, мөн маш хурдан хийх хэрэгтэй байдаг. Хальсыг нь аваад дотор нь байгаа хоёр үрийг хатааж хуурна. Томоохон фермүүд модыг бүхэлд нь авч, боловсорсон болон боловсорч гүйцээгүй үрийг хамтад нь боловсруулснаар хямд кофе үйлдвэрлэх боломжтой болдог. Энэ нь хэдийгээр, хууль бус зүйл биш ч чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс нэр хүндтэй газраас худалдаж авах нь дээр.

Гүргэм

Гүргэм бол дэлхийн хамгийн үнэтэй амтлагч боловч, энэхүү "улаан алт"-ны зах зээл, хуурамч хямд бүтээгдэхүүнээс болж ихээхэн сүйрч байна. Жинхэнэ гүргэмийг Crocus sativus цэцгийн гурван жижиг утаснаас гаргаж авдаг. Нэг цэцгэнд гурав л байдаг. Мөн 2-3-хан хоног цэцэглэдэг тул нахиа нээгдсэн эхний өдөр, гараар, бүр нар мандахаас өмнө цуглуулах ёстой маш төвөгтэй ажил юм. 150 мянган цэцэгнээс нэг кг гүргэм авдаг. Энэ нь 3000 долларын үнэтэй байна. Ийм үнэ луйварчидыг татаж, гүргэмийн оронд өвс, адууны үс, наргил модны утаслаг эд зэргийг зарж сая саяар нь ашиг олж байгаа тухай мэдээллүүд гарсаар байна. Шалгахдаа, гүргэмийг ус эсвэл сүүнд хийнэ. Энэ үед ус маш удаан шар өнгөтэй болно, тэр даруй улаан эсвэл улбар шар болж хувирахгүй байх ёстой. Хиймэл гүргэмийн утаслагууд амархан тасардаг бол жинхэнэ гүргэм хэлбэрээ хадгалдаг. Мөн үнэ хямд бол аваагүй нь дээр.

Хүнсний луйвар

Зарим гэмт хэргийн бүлэглэлүүд маш сайн бүтэцтэй учраас хэд хэдэн хэлтэстэй компани хэлбэрээр ажилладаг. Тэдэнд цаашдаа юу хийхээ шийддэг хэрэглэгчдийн чиг хандлагыг судалдаг багууд хүртэл байдаг. Луйварчид дараа нь, ханган нийлүүлэгчдийг хайж олон, үйлдвэрүүд байгуулдаг. Тэд жинхэнэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд мэт үйл ажиллагаа явуулдаг тул тэдний үйлдэл нь сэжигтэй байдаггүй. Гэмт этгээдүүд хуурамч барааг жинхэнэ юм шиг харагдуулахаар савлаж, зарахдаа ихэвчлэн хуурамч вэб сайт ашигладаг. Тэд бүтээгдэхүүнээ олон улсаар дамжуулан тээвэрлэж, хянахад илүү хэцүү болгодог. Европол 2022 онд хүнсний луйврын хэрэгт холбогдсон, хуурамч оливын тос экспортлодог Италийн бүлэглэл, Испанийн гарденияг гүргэм болгон дамжуулдаг сүлжээ, Өмнөд Африкийн хуурамч амтлагч үйлдвэрлэдэг компани зэрэг 40 зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлсэн байна. Гэхдээ олон улсын томоохон нийлүүлэлтийн сүлжээнүүдтэй бол хуурамч бүтээгдэхүүнүүдийг илрүүлэхэд маш хэцүү байдаг. USDA импортын мах, өндөгийг шалгадаг ч, Хүнс, эмийн хяналтын газар хариуцдаг. FDA импортын хүнсний бүтээгдэхүүний 1-2 хувийг л шалгадаг гэсэн судалгаа байдаг.

Хуурамч бүтээгдэхүүнээс зайлсхийхийн тулд санаж байх ёстой гол зүйл бол жинхэнэ бүтээгдэхүүн ямар үнэтэй байхыг мэдэх, мөн сав баглаа боодол дээрх найрлагын жагсаалтыг үргэлж уншиж занших хэрэгтэй болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2024 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.