АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп 1-р сарын 7-нд, Панамын суваг болон Гренландыг эзэмшихийн тулд цэргийн болон эдийн засгийн арга хэмжээ авах асуудлыг үгүйсгэсэнгүй. Энэ нь, арваннэгдүгээр сарын 5-нд болсон сонгуульд ялалт байгуулснаас хойш түүний дэвшүүлж буй хүрээгээ тэлэх үзэл баримтлалын нэг хэсэг гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаа авахаа хүлээж буй Трамп, Канадыг АНУ-ын муж болохыг санал болгож байсан, мөн НАТО-гийн холбоотнуудаас батлан хамгаалахын зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхийг шаардаж, Мексикийн буланг "Америкийн булан" гэж нэрлэхээ амласан. Түүнчилэн албан тушаалдаа орохоосоо хоёр долоо хоногийн өмнө дипломат бодлого болон АНУ-ын холбоотнуудын санаа зовнилыг үл тоомсорлон гадаад бодлогын түрэмгий төлөвлөгөөгөө илэрхийлж эхэллээ.
Флорида дахь түүний байранд болсон хэвлэлийн бага хурал дээр, Панамын суваг болон Гренландад хяналтаа тогтоохын тулд цэргийн болон эдийн засгийн арга хэрэглэхгүй гэдгээ баталж чадах эсэхийг асуухад, Трамп “Үгүй, би үүнд баталгаа өгч чадахгүй, бидэнд эдгээр газрууд эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс хэрэгтэй байна." гэж хариулсан бөгөөд АНУ-аас Канадын импортод зарцуулж байгаа зардал болон Канад улсад цэргийн дэмжлэг үзүүлж байгааг шүүмжилж, хоёр улсын хилийг "хиймэл шугам" гэж нэрлэн, АНУ үүнээс ямар ч ашиг хүртэхгүй. Мөн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хувьд амин чухал гэж тооцож буй Гренландыг худалдаж авах саналыг нь хүлээн авахаас татгалзвал, Дани улсад татвар ногдуулна гэсэн санал тавихаа гэж мэдэгджээ. Одоо түүний хүү, бага Дональд Трамп хувийн айлчлал хийхээр Гренландад очоод байгаа юм.
Харин Дани улс, өөрийн вант улсынхаа автономит хэсэг болох Гренландыг худалдахгүй гэж мэдэгдсэн бөгөөд Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен 1-р сарын 7-нд, "Хэн нэгэнд санхүүгийн дарамт шахалт үзүүлэх нь, ялангуяа ойрын холбоотон, түншүүд байгаа бидний хувьд зөв зам гэж би бодохгүй байна." гэж хариулсан юм.
Нутаг дэвсгэрээ тэлэх Путины арга
Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли, X дээр “ Трампын санал, Канадыг хүчирхэг улс болгодог зүйлсийг бүрэн ойлгоогүйг харуулж байна. Манай эдийн засаг хүчирхэг. Манай ард түмэн хүчтэй. Бид заналхийллийн өмнө хэзээ ч буулт хийхгүй."гэж бичжээ.
Мөн Ерөнхий сайд Жастин Трюдо өөрийн фэйсбүүк хуудаснаа, “Канад улс АНУ-ын нэг хэсэг болох боломж байхгүй.” гэсэн юм.
1999 онд Панамын сувгийг барьж, эзэмшиж байсан асуудлаа сэргээж, дэлхийн гол усан замын хяналтыг эргүүлэн авна гэсэн АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгчийн заналхийллийг Панам үгүйсгэсэн бөгөөд Гадаад хэргийн сайд Хавьер Мартинез-Ача 1-р сарын 7-нд, "Сувгийг удирдах цорын ганц улс бол Панам. Цаашдаа ч тийм байх болно" гэж мэдэгджээ.
Атлантын Зөвлөлийн судалгааны төвд ажилладаг, АНУ-ын тэтгэвэрт гарсан дипломатч, Элчин сайд Даниел Фрид, “Трампын эдгээр санаанууд нь, үндэсний эрх мэдлийг нутаг дэвсгэрийн тэлэлтэд ашигладаг 19-р зууны империалист үзлийг харуулж байна. Гренландыг булаан авах нь НАТО-г сүйрүүлнэ, учир нь энэ нь биднийг Владимир Путинтэй адилхан болгоно” гэж бичжээ..
Трамп Мексикийн булангийн нэрийг өөрчилнө гэж мэдэгдсэн нь, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама уугуул Америкийн ард түмнийг хүндэтгэж буйн илэрхийлэл болгож, Денали болгон өөрчилсөн, Хойд Америкийн ноён оргилыг хуучин нэрээр нь МакКинли уул гэж нэрлэнэ гэж өмнө нь гаргаж байсан санаагаа давтаж байгаа юм. Мексикийн булангийн нэрийг өөрчлөх тухай Трампын мэдэгдэлд, Мексикийн Эдийн засгийн сайд Марсело Эбрард, "30 жилийн дараа ч, Мексикийн булан Мексикийн булан гэж нэрлэгдсэн хэвээрээ байх болно. Мексикийн засгийн газар маргаанд оролцох бодолгүй байна” гэсэн байна.
АНУ-ын Газарзүйн зөвлөл нь, газар нутгийн нэрийг тогтоох үүрэгтэй байдаг ч, ерөнхийлөгчийн тушаалаар газарзүйн байршлын нэрийг өөрчлөх боломжтой байдаг байна.
НАТО-гийн хамгаалалт
Трамп, “НАТО-гийн гишүүн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 хувийг батлан хамгаалахад зарцуулах ёстой. 2% биш, 5% байх ёстой. НАТО-гийн ихэнх гишүүн орнууд өөрсдийнхөө хувь хэмжээг шударгаар төлдөггүй гэж” шүүмжилсэн.
НАТО-гийн тооцоолсноор, Хойд Атлантын эвслийн байгууллагын 32 гишүүн орны 23 нь 2024 онд ДНБ-ий хоёр хувийг зарцуулах үүргээ биелүүлсэн байна. Гэвч, тус эвслийн нэг ч гишүүн, тэр дундаа АНУ, ДНБ-нийхээ 5%-ийг зарцуулдаггүй. Польш хамгийн их 4.12%, дараа нь Эстони 3.43%, АНУ 3.38%-ийг зарцуулдаг байна.
Мөн Трамп, Палестины Хамас бүлэглэл барьцаалсан хүмүүсээ, түүнийг албан тушаалаа авахаас өмнө суллахгүй бол, "Ойрх Дорнодыг там болгоно" гэж сүрдүүлсэн бөгөөд түүний Ойрхи Дорнод дахь тусгай элч Стив Виткофф, Трампын тангараг өргөх ёслолын үеэр Израиль, Хамас хоорондын хэлэлцээрт ахиц дэвшил гарна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Сүүлийн хэдэн долоо хоног Элон Маск, Европын улс төрийн талаар, тэр дундаа Германы хэт барууны "Германы төлөөх альтернатив" намыг дэмжиж байгаагаа өөрийн X платформ дээр илэрхийлж байгаа бөгөөд , ингэж гадаад бодлогын асуудлыг олон нийтэд цацах нь тохиромжтой эсэхийг нь, Трампаас асуухад, "Би Элоныг сайн ажилладаг гэж хэлж чадна, тэр бол маш ухаалаг хүн" гэж хариулсан байна.